Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажилтай (2023.06.15)танилцлаа.
Тэрээр “Тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүрэг өгсөн” гэдгийг тодотгожээ.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах уг төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн. EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах бол EPC-3 багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн.
Төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэж заасан.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын түлш, шатахууны импортын хамаарал буурч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбарын суурь тавигдах, гадаад худалдааны алдагдал багасах нөхцөл бүрдэнэ. Стратегийн өндөр ач холбогдолтой энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж буйг ЗГХЭГ-ын дарга онцолсон байна.