Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд (2023.06.30) Жөжян мужийн Нинбо хотод зочилжээ.
Тус мужийн удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна. Монголын талаас Хятадын Жөжян муж хооронд аж үйлдвэрлэл, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ.
Монголын албаны төлөөлөгчид Нинбо хот дахь Жинтянь зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Нинбо гангийн үйлдвэр” нь нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр аж. Тус компани нь түүхий эд цуглуулах, төмөр хийц, ган хайлуулах, цутгах, халуун цувих, хүйтэн цувих зэрэг иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг. Жилд 4 сая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг. Цогцолборын нийт хөрөнгө оруулалт 17 тэрбум юань. Үйлдвэр нь баруун талаараа дэлхийд алдартай Бейлун гүний усан боомттой залгадаг. Энэхүү боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбайг байгуулсан нь тээвэр логистик, газарзүйн давуу байдлыг үүсгэжээ.
“Нинбо Жинтянь зэс үйлдвэр” нь Нинбо, Жянсу, Гуандун, Чунцин, Бугат, Вьетнамд үйлдвэрлэлийн 7 баазтай, 46 салбар компанитай, 8000 гаруй ажилтантай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ болон бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлээр өөрийн өрсөлдөх чадварын давуу талыг бий болгожээ. Тус компани нь Хонконг, АНУ, Герман, Япон зэрэг улсад охин компаниа байгуулсан бөгөөд дэлхийн нийлүүлэлт борлуулалтын сүлжээг бий болгож, дотоод гадаадын хэрэглэгчдэд зэсийн бүтээгдэхүүний худалдан авалтын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байна. 2022 онд 1.75 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын 134.6 тэрбум юанийн орлого бүрдүүлжээ. Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн 96 дугаарт жагсаж байна.
Сонирхуулахад, БНХАУ-ын дарга Си Жинпин тухайу бүс нутагт ажиллаж байх үедээ Нинбо гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянмөнийн хувьд Жөжян мужаас ажлын гараагаа эхлүүлж байжээ.