Mining Week 2022: Монголын уул уурхайн ирээдүй

"Mining Week-2022"-Хөрөнгө оруулалтын чуулган
Э.ОДЖАРГАЛ
od@mininginsight.mn

Монгол Улс уул уурхайн 100 жилийн хөгжлөө дүгнэж, хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох цаг үе дэлхийд нэн чухал металлын эрин эхэлж буйтай давхцаж байна. Ирээдүйн эрдсийн чиг хандлагатай хөл нийлүүлэх манай уул уурхайн зорилт ямар байх бол гэдэг нь бүгдийн анхаарал татах асуудал юм. Цэвэр эрчим хүчний шилжилтэд эрэлттэй металлыг Монгол экспортын тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх талаар уул уурхайн шинэ зууны гараанд яригдаж байна. “Уул уурхайн 7 хоног” эрдэс баялгийн салбарын 100 жилийн ой, түүх, сургамжаас гадна эх орны урт, дунд хугацааны хөгжлийн зорилт, Засгийн газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах “Монгол Улсын уул уурхайн салбар -100” хуралдаанаар эхэлсэн.

УУЛ УУРХАЙ 12 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛОХ САЛБАР

Бусад улстай харьцуулахад далайд гарцгүй орнуудын тээврийн өртөг 60 хувиар их. Олон улсад 1 тонн/км ачааг агаараар 1 ам.доллар, авто зам 10 цент, төмөр зам 4 цент, цахилгаан машин 3 цент, усан зам 1 цент зардлаар тээвэрлэж байна. Манай экспортын гол түүхий эд болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс зэрэг нь их хэмжээгээр тээвэрлэгддэг тул асар өртөгтэй тусдаг. Тэгвэл овор хэмжээ бага критикал минералын үйлдвэрлэлийг хөгжүүлбэл манай улсын тээврийн сул талыг нөхөх юм биш биз гэсэн санаагаар “Кью Эм Си” компанийн Ерөнхий захирал М.Дагва хэлэлцүүлгийг сэдвийг чиглүүлсэн. Критикал минералын чиглэлээр Монголын уул уурхай 12 тэрбум долларын орлоготой салбар болох ирээдүйтэй хэмээн Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт өөдрөг төсөөлж байна. 2030 он хүртэл манай улсын зэсийн үйлдвэрлэл үсрэнгүй тэлэх, ялангуяа Хятадын хурдацтай өсөн нэмэгдэх эрэлтэд бэлтгэлтэй байх хэрэгтэйг тэрээр сануулсан. Монголын нүүрсний экспортын буурах орлогыг ирээдүйд зэсийн үйлдвэрлэл нөхөх боломжтой гэж тэрээр харж байна.
Олон улсад одоо олборлож байгаа, удахгүй ашиглалтад орох уурхайнууд нийлээд ч 2035 онд дэлхийн 7.5 сая тонн зэсийн эрэлтийг хангаж хүчрэхгүй гэсэн CRU-ийн таамаглалыг УУХҮЯны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга хуваалцсан. Цахилгаан машины үйлдвэрлэлийг дагаад батарейн түүхий эд Хятад, Европ, АНУ болон бусад орнуудын хэрэглээнд түлхүү нэвтэрнэ. Ирэх 30 жилд критикал минералаас газрын ховор элемент 7, лити 42 дахин хэрэглээ нь нэмэгдэхийг ОУЭА тооцоолжээ. Тиймээс илүү өгөөж өгч болохуйц зэс тэргүүтэй чухал ашигт малтмал, газрын ховор элементийн салбар руу зайлшгүй орох ёстой гэж УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал үзэж байна. Манай улс зэсийн салбарт 40 жилийн туршлага хуримтлуулсан. Оюутолгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаар, Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр ажиллаад, нэмээд Цагаансуварга ашиглалтад орно гэж тооцвол 2030 онд Монгол зэсийн үйлдвэрлэлээр дэлхийн эхний тавд багтах чадамжтай. Одоогийн бэлэн өгөгдлөөр ийм.

Зэсээр хязгаарлагдахгүй бусад нэн чухал металлын нөөц потенциал Монголд бий юу гэвэл тийм. 2019 оноос хойш ЭБМЗ-өөр нөөц батлуулсан орд болох нь тодорхой 297 төсөл байна. Үүний зэрэгцээ идэвхтэй хайгуул хийж буй 26, нүүрс жонш мэт металл бус 14, критикал минералын 6, металлын 19 төсөл хамтын ажиллагаа эрэлхийлж байна. Монгол орны хувьд Төв Азийн эрдсийн бүсэд, Хятад, Орос, Казахстан зэрэг уул уурхай өндөр хөгжсөн бүс нутагт оршдог. Энэ утгаараа төрөл бүрийн ашигт малтмал үүсэн бүрэлдсэн байх төлөв талаасаа манай улс сонирхол татахуйц. Өнгөрсөн онд 84 орныг харьцуулсан эрдэс баялгийн чансаагаар Казахстаны дээр Монгол эрэмбэлэгджээ. Гадаад орчинд Монгол улс эрдэс баялгийн потенциалаараа өдгөө гадаадын хөрөнгө оруулалт ихээр татаж, уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлж яваа Казахстанаас илүү үнэлэгдэж байна. Дэлхийн геологийн сүүлийн судалгаануудад тэмдэглэснээр критикал минералын 4 том орд нь Хятадын Баян Овоо тэргүүтэй хоёр, мөн Вьетнам, Афганистанд байна. Эдгээр ордыг нээсэн газрын ховор элементийн хуримтлалтай геологийн бүс Монголын нутагт үргэлжилдэг. Энэхүү төлөв таамгаар судалгаа хийх концепцийг УУХҮЯ боловсруулж байгаа аж. 

Цаашид дэвшилтэт технологи ашиглан Австрали, Канад, АНУ-ын туршлагаар геологийн суурь судалгааны ажлыг урагшлуулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Цоо шинэ, нүсэр ажлыг зориглон анх удаа Монголд эхлүүлэх гэж байна. Улсын төсвийн хэдхэн тэрбум төгрөгөөр жилдээ 1-2 хувь ахиулдаг геологийн ажлыг дэвшилтэт технологиор богино хугацаанд хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл критикал минералын судалгаанд хугацаа хожих хэрэгтэй. Амжилттай болбол манай улсын ашигт малтмалын өрсөлдөх чадвар өндөр түвшинд гарна. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон байна. Эдгээр илэрцийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал дэлхийн зах зээл дээр Монгол эрдэс металлын том тоглогч болох давуу талыг УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга онцолсон юм. Тэрээр “Геологи хайгуулын ажил эрсдэлтэй учир хувийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой. Үүний тулд сонирхол татахуйц талбайгаа хөрөнгө оруулагчдад санал болгох хэрэгтэй. Энэ ажлын хурдац нь хайгуулаа нээхээс хамаарна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, түргэн шуурхай цахимаар олгох үйл ажиллагаа бэлэн болсон. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн асуудлуудыг цэгцэлснээр тун удахгүй олгож эхлэхээр бэлтгэж байна” гэлээ. Хөрөнгө оруулалтын орчны ихэнх судалгаанд тааруухан үнэлгээ авдаг манай геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулж олон нийтэд нээхээр Үндэсний геологийн алба идэвхийлэн ажиллаж байгааг мэдээлэв. УУХҮЯ-наас 2017, 2021 онд Монголд ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулагчдын дунд хийсэн судалгааны дүгнэлтэд Монголын давуу тал бол геологийн потенциал хэвээр гэдгийг дурджээ. Сүүлийн таван жилд улс төрийн байдал тогтворжсон, боловсон хүчин нэмэгдсэн, худалдааны саад багассан, дэд бүтцийн чанарт ахиц гарсан бол одоогийн дүрэм журмын хэрэгжилт, хууль эрх зүйн тогтолцоо, татварын дэглэм, геологийн мэдээллийн хүртээмж, байгаль орчны зохицуулалт, нийгэм эдийн засгийн хэлэлцээр, эрх зүйн маргаан шийдвэрлэх зэрэг үзүүлэлтүүд буурчээ.

Өнөөдөр дэлхийд нийтлэг олборлож, зах зээлд нийлүүлж байгаа 70 төрлийн ашигт малтмалаас Монгол нүүрс, алт, жонш, зэс, төмрийн хүдэр, газрын тос, цайр, молибден гэсэн 8 бүтээгдэхүүн экспортолж байна. Аль ч ашигт малтмалын олборлолтоороо дэлхийд эхний аравт багтдаггүй. Ганц нүүрсээр жишээ татахад жилд экспортолдог хэмжээ маань гол худалдан авагч Хятадын хэрэглээний 1 хувьд ч хүрдэггүй. Монголын гол давуу тал эрдэс баялгийн салбар байсаар ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай нь нэг зоосны хоёр тал. Монголд хайгуул, уул уурхайн “тэсрэлт” болсны цаад учиг нь шинэ ордууд илрэх магадлалтай бүрэн судлагдаагүй улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсаныг судлаачид хүлээн зөвшөөрч байлаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод, суурь судалгааны мэдээллүүдээ нээлттэй болгочихвол хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож ирнэ гэсэн хүлээлт өндөр байна. Нөгөөтэйгүүр, критикал минералын “залуу” зах зээл дээр гарч ирэхээр маш олон улс зэхсэн. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн геополитикоос улбаатай өөрчлөлтийг сөрж улс орнууд хөрөнгө оруулалт татах бодлого, татварын орчноор өрсөлдөж байгааг МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа ярилаа. Перу ирэх жилүүдэд 59 тэрбум ам.доллар татахын тулд зэсийн шинэ үйлдвэрлэлийг эхний 5 жилд НӨАТ-аас чөлөөлөх нөхцөлийг олон улсад сурталчилж байна. Саудын Араб критикал минерал олборлох гадаадын хөрөнгө оруулагчдыг 5 жил АМНАТ-өөс чөлөөлнө. Гэтэл манайд ДНБ-ий ¼-ийг бүрдүүлдэг уул уурхай салбар “бусад“ гэх тодотголоор хууль эрх зүй, татварын аливаа хөнгөлөлтөөс гадуур үлддэг байдал түгээмэл. Тэр байтугай өндөр татвар хураамжаас болж бэлтгэгдсэн орд, уурхайн төслүүд гацаж буйд салбарынхан эмзэглэж байна. Гаднаас валют оруулдаг нүүрсний худалдаа зах зээлийн зарчмаараа явах ёстой атал “зохиомол” жишиг үнэ тогтоосон нь компаниудыг улам нэрмэсэн. Одоо жонш, удалгүй төмрийн хүдэр гээд ар араасаа АМНАТ-ийн асуудал үүсэх нь. Хөрөнгө оруулалт татахын тулд татварын хуульд томоохон өөрчлөлт оруулах төр засгийн зоримог алхам үгүйлэгдэж байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Нэгэнт эрдсийн экспортлогч орон учир гадаад зах зээл, дэлхийн чиг хандлагаас зугтаж чадахгүй. Ирээдүйд хотжилт, геополитик, цэвэр эрчим хүч гэсэн 3 том шилжилт дэлхийн хэв маягийг тэр чигт нь өөрчилнө. 2050 он гэхэд “Их 7”-гийн орнууд “Ирэх 7”- гоор солигдоно. Хүн ам, эдийн засгаар Хятад, Энэтхэг, Бразил, Индонез, Орос, Мексик, Турк улс жин дарна. Хотжилт, эрчим хүчний хувьсалд зэс, коксжих нүүрс, төмрийн хүдэр, газрын ховор элемент, жонш, лити, кобальт зэрэг ашигт малтмал хамгийн их эрэлттэй байх нь. Эндээс ирэх 30 жилд Монголын уул уурхайн салбар юунд анхаарах хэрэгтэй нь тодорхой харагдана. Мөн хугацаанд Монголд гадаадын хөрөнгө оруулалт татах давуу тал уул уурхайн салбар хэвээр байсаар байна. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа ахиулж, критикал минерал үйлдвэрлэгч улс болбол гуравдагч зах зээлд түүхий эд нийлүүлдэг, бүс нутгийн хэмжээнд бус жинхэнэ утгаараа дэлхийн тоглогч болох юм.
ХУУРАЙ БООМТ: БАЙРШЛААС ШУУД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ

“Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд хэрэгжихэд уул уурхай чухал үүрэг гүйцэтгэнэ. УУХҮЯнаас эрдэс баялгийн салбарыг “геологи хайгуул-олборлолт-боловсруулалтборлуулалт-хуваарилалт” системтэй хөгжүүлэх бодлого баримталж байна. Дараагийн 30 жил боловсруулалтын шатанд ахих үе гэдгийг УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал тодотгосон юм. Өнөөдөр манай улс газрын тосоо Хятад руу экспортолдог хэр нь Оросоос бензин, дизель түлш импортолдог. Дотоодын хэрэглээгээ хангахын тулд жилд 1.5 тэрбум ам.доллар гадагш урсгадаг. УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалайн мэдээлснээр, ирэх онд дотоодын хэрэглээ 2.2 сая тонн болж нэмэгдэх төлөвтэй байна. Мөн манай улсын барилга бүтээн байгуулалтад хамгийн их зардалтай импортын бүтээгдэхүүн бол ган төмөр юм. Тиймээс “Аж үйлдвэрийн сэргэлт”- ийн хүрээнд зэс боловсруулах, нүүрс баяжуулах, нефть нэрэх, төмөрлөгийн цогцолбор үйлдвэрүүдийг байгуулна. Үүнд төрийн компаниудын худалдааг нээлттэй, ил тод явуулах Уул уурхайн биржийн тухай хууль багтаж байна. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. “Боомтын сэргэлт”-ийн хүлээгдэж буй үр дүнгээр Монголын нийт экспорт 165 сая тоннд хүрэх хүчин чадлыг боомтод бүрдүүлнэ. Үүний тулд экспорт, импортын чиглэлээр голлох боомтуудыг тодорхойлох юм. Шаардлагатай зарим боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлнэ. Мөн хөрш орнуудын боомтын бодлого, төлөвлөлттэй уялдуулах аж. Ялангуяа хуурай боомтыг Монголд хөгжүүлэх асуудалд ЭЗХЯ-наас онцгой анхаарч байна.

2016 онд НҮБын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Энэ нь далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт бөгөөд 27 орны 270 орчим хуурай боомтыг тодорхойлж, хоорондын тээвэр эхэлжээ. Тухайн орны дэд бүтэц Транс Азийн төмөр зам, Азийн хурдны авто замын сүлжээнд нэгдсэнээр давуу тал болдог.

Манай улсын хувьд Замын-Үүд, Алтанбулаг боомтыг холбосон авто зам нь олон улсын АН3 сүлжээнд нэгдсэн. Харин Булган боомтоос Ташант хүртэлх авто зам нь олон улсын АН4 сүлжээнд хамаарах ба энэ онд туршилтын тээвэр эхэлнэ. Засгийн газрын тогтоолоор Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Алтанбулагт хуурай боомт хөгжүүлэхээр баталжээ. Хэтдээ хуурай боомт шинээр бий болох магадлалтай байршлаар Дорнод аймаг, Булган болон Бичигт боомтыг тодорхойлсон байна. ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулганы тайлбарласнаар, хуурай боомт нь улс хоорондын хил гааль, тээвэр логистикийн нэгдсэн, цогц үйлчилгээ юм. Монголын экспорт, импортын ачаа бараа хил гаалиар саадгүй нэвтрэх, нутгийн гүнд буух, тухайн байршлаас шууд экспортлох ач холбогдолтой. Боомт гэхээр заавал улсын хил дээр бус нутгийн гүнд байрших нь хуурай боомтын гол онцлог. Хөрш орнуудыг холбосон төмөр замын сүлжээг бүрэн дүүрэн ашиглаж Монгол транзит улс болох нөхцөл бүрдэх аж.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022 "Mining Week 2022" тусгай дугаараас