С.БОЛД-ЭРДЭНЭ
bold@mininginsight.mn
Уул уурхайн салбарын тулгамдаж буй 10 эрсдэлийг “Эрнст энд Янг”-аас жил бүр тодорхойлдог. Энэ оны есдүгээр сард гаргасан 2023 оны гол 10 эрсдэлийн тэргүүнд ESG буюу байгаль орчин, нийгмийн зөвшөөрөл, засаглалын асуудал оржээ. Өнгөрсөн жил байгаль орчин, нийгмийн зөвшөөрлийн асуудал тэргүүлсэн бол 2019-2020 онд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн асуудал хамгийн их тулгамджээ. Сүүлийн 10 жилээр харвал нийгмийн зөвшөөрөл, байгаль орчин, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн асуудал хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдсоор ирсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол асуудал байгаль орчин, нийгмийн зөвшөөрөл болсоор удлаа. Монголын уул уурхайн салбар ч дэлхийн жишгээс гажаагүй. Тодорхой судалгаа байхгүй ч хариуцлагагүй уул уурхайг дагасан байгаль орчны сөрөг нөлөөлөл, түүнээс улбаатай иргэдийн эсэргүүцэл Монголын уул уурхайн салбарыг зогсонги байдалд ороход нөлөөлж байна. Тиймээс эдийн засгийн гол хөдөлгүүр уул уурхайн салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхэд орон нутгийн удирдлага, иргэдтэй ойлголцож, дэмжлэгийг авах нь нэн чухал бөгөөд үүнд уул уурхайн компаниуд, төрийн байгууллагуудын хамтын оролцоо шаардлагатай юм.
“Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр болсон “Хариуцлагатай уул уурхай ба Орон нутгийн харилцаа” форум энэ сэдвийг хөндсөн. Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци болон Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр тус форумыг зохион байгуулсан юм. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хариуцлагагүй уул уурхайг зогсоох, орон нутгийн харилцаа нь зөвхөн уул уурхайн компаниудад хамааралтай асуудал биш. Тиймээс ч уул уурхайн бүс нутгийн удирдлага болон иргэдийн санал бодлыг сонсох, нэгдсэн мэдээлэлтэй, нэг ойлголттой болгохыг зохион байгуулагчид зорьжээ. Форумд уул уурхайн компаниудаас гадна холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, Ховд, Өмнөговь, Дундговь аймгийн малчдын төлөөлөл болон аймгийн удирдлагуудыг урин оролцуулсан. Мөн судалгаа шинжилгээний арвин туршлагатай Австралийн Квийнсландын их сургууль, Канадын Бритиш Колумбын их сургуулийн судлаач профессоруудыг оролцуулж, уул уурхайн компаниуд, орон нутгийн харилцааны асуудлыг шийдэх шийдлийн талаар сонсов. Энэхүү форум “Уул уурхайн эсрэгцэл” буюу хариуцлагатай ба хариуцлагагүй уул уурхай, “Орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудал” гэсэн үндсэн хоёр сэдэв, хэлэлцүүлгээр өрнөсөн.
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОДОГГҮЙ АЙМАГ ГЭЖ АЛГА
АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболд “Уул уурхайн эсрэгцэл” сэдвийн хуралдааныг нээж, ашигт малтмалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулаа. АМГТГ-ын мэдээллээр 2005 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ 70 сая га байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 6.1 сая га болж 11 дахин буурчээ. Тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ буурахад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо огцом буурсан нь нөлөөлсөн байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ингэж багасах нь алсдаа улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Бид газрын дор баялаг байгаа эсэхийг, байгаа бол ямар төрлийн, хэр хэмжээтэй байгаа, эдийн засгийн үр ашигтай юу гэдгийг судалж мэдэхийн тулд хайгуул хийдэг. Хайгуулын лиценз авсан компаниуд хөрөнгө зарж судалгаа хийгээд баялаггүй, хэтийн төлөвгүй бол лицензээ төрд буцаагаад өгдөг хэмээн С.Энхболд дарга тайлбарласан. Үүнээс гадна ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд ч хөрөнгө мөнгө зарж, идэвхтэй ажиллаж чадахгүй байгаа нь АМГТГ-ын мэдээллээс тодорхой харагдана.
Ашиглалтын үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 0.23 хувь болсон нь уул уурхай байгаль орчныг бүхэлд нь сүйрүүлж байна гэдэг хардлагад өгсөн хариулт байв. Тус газарт жилд 400 орчим уулын ажлын төлөвлөгөө ирүүлж байгаа ч тогтвортой ажиллаж байгаа нь 250-270 орчим байдаг аж. Компаниуд үйл ажиллагаа явуулахгүй байгаагийн шалтгааныг сүүлийн 6 жилийн байдлаар авч үзэхэд бараг тал орчим нь хөрөнгө оруулалтгүйн улмаас ажиллаж чадахгүй байгаа гэжээ. Мөн 30 орчим хувь нь нэмэлт хайгуул хийж, нөөцийн зэрэглэлийг ахиулах болон ТЭЗҮ хийж байгаа гэдэг шалтгаантай. Энэ бүхэнд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ буурах, уул техникийн нөхцөл хүндрэх, шинээр ашиглалтын зөвшөөрөл авсан компаниуд зээлийн түүх үүсээгүй байдагтай холбоотойгоор зээл авч чаддаггүй, зарим нь хууль тогтоомжийн дагуу бичиг баримтын бүрдлээ хийгээгүй байдаг гэх мэт асуудлууд нөлөөлжээ. Энэ бүхнээс харахад Монголын геологи, уул уурхайн салбар үндсэндээ зогсонги байдалд орсон гэж дүгнэж болохоор. Цөөн томоохон уурхай болон алтны шороон ордуудыг эс тооцвол геологи, уул уурхайн салбарын олон үйл ажиллагаа доголдож, хумигдаж байна. Гэсэн ч үүний нөгөө талд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй байгааг зарим мэдээллээс харж болно. Хариуцлагагүй уул уурхайн улмаас байгаль орчин ихээр сүйдэж, нөхөн сэргээлт хийдэггүй, хууль бусаар олборлолт явуулдаг гээд олон зовлон бий. Хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг тодорхойлох шаардлагатай байгаа юм.
Нийтлэг ойлголтоор нөхөн сэргээлт хийдэггүй, стандарт, хууль журмын дагуу олборлолт явуулдаггүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэггүй. Үүн дээр нэмээд хууль бус буюу тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлогчдыг хэлж болно. Канадын Бритиш Колумын их сургуулийн доктор Жозелин Фрэйзер “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд уул уурхайн компани орон нутгийн удирдлага, нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллах шаардлагатай. Төсөл эхлэхээс өмнө тухайн орон нутагт тулгарч буй асуудал, хөгжлийн зорилт зэргийг судалж, дуу хоолойг сонсож, үйл ажиллагаагаа уялдуулах нь чухал. Ингэснээр олон нийтийн итгэлийг олж, хариуцлагатай гэдгээ нотолж чадна” гэсэн юм. Монголд уул уурхайг зөвхөн олборлох гэж ойлгодог хэсэг цөөнгүй. Үүнийг ч төрийн байгууллагуудын дараах мэдээллээс тодорхой харж болно. АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболд сүүлийн хоёр жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтээр хариуцлагагүй ажиллаж байсан, хууль дүрмийн дагуу нөхөн сэргээлтээ хийдэггүй 53 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн мэдээлсэн. Үүнээс гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлодог, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр дахин олборлолт явуулдаг, сумын удирдлагын шийдвэрээр түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензээр ашигт малтмал ашиглах явдал нэлээд гарах болжээ. Тэд гар аргаар алт олборлогчид биш бөгөөд техникийн хүчин чадалтай, холбоо сүлбээ сайтай бүлэг байдаг аж. С.Энхболд дарга илтгэлдээ, “Энэ жил банкууд алтны компаниудад олгосон зээлийн хэмжээгээ 10 дахин бууруулсан ч уул уурхайн техникийн борлуулалт хэвийн хэмжээнд байна. Эндээс дүгнэхэд барилга, уул уурхайн компаниудаас гадна ихэнх техникийг уул уурхайг хууль бусаар олборлогчид, хариуцлагагүй харагдуулж байгаа гол этгээдүүд авч байгаа гэдгийг хэлмээр байна” гэсэн юм. Үүнээс гадна Монгол банкинд тушааж буй алтны 46 хувийг иргэд тушааж байгааг анхаарахгүй өнгөрүүлж болохгүй хэмээн тодотгож хэлсэн.
Түүний үндэслэлийг Экологийн цагдаагийн алба тодорхой жишээгээр нотолсон. Хууль бусаар ашигт малтмал ашиглах төрлийн гэмт хэрэгт Авто тээврийн үндэсний төв ч оролцоотой байдаг гэхэд болно. Монгол Улсад жилдээ 3000 орчим хүнд техник орж ирдэг. Үүний 18-22 хувь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын дугаар авдаггүй, татвар төлдөггүй. Цаашдаа техникийг бүртгэлжүүлэх тал дээр АТҮТ, Гаалийн байгууллага ажиллах ёстой гэж Экологийн цагдаагийн албаны дэд дарга Т.Баатар мэдээлсэн. Энэ нь техникжсэн нинжа буюу хууль бусаар ашигт малтмал олборлох байдал улам хүрээгээ тэлж байгаа хэрэг юм. Зөвхөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэдэг газар ЭЦА-наас хийсэн шалгалтаар 57 техникийг хурааж, Бугант тосгонд хураасан. Бугант тосгонд дрон нисгэж үзэхэд айлуудын хашаа болгонд 1-5 техник байдаг бөгөөд тэд хууль бусаар алт олборлогчид болохыг Т.Баатар хурандаа тодотгож байв. Мөн хууль зөрчиж ашигт малтмал олборлосон тодорхой хэргүүдийн талаар мэдээлсэн. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, “Монгол газар”, “Эм Жи Эйч” компани нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт тусгай зөвшөөрөлтэй олборлолт явуулсан ч нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд 35.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг аймаг болгонд гарч байгааг Т.Баатар хурандаа онцолсон. “Уул уурхайн эсрэгцэл” хуралд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, малчид оролцож, санаа бодол, байр сууриа илэрхийлсэн. Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн санал бодлыг сонсдоггүй, оролцоог хангадаггүй нь хариуцлагагүй уул уурхай бий болоход нөлөөлсөн хэмээн тэд үзэж байна. Мөн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтраад, иргэдийнхээ оролцоог хангаад хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компани цөөнгүй байдгийг ч дурдсан юм.
“Хил Хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн салбарт идэвхтэй ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны гэрээг хариуцлагатай хэрэгжүүлэх, Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хийх гэх мэт олон ажлыг идэвх санаачилгатай хэрэгжүүлж байна. Иргэний нийгмийн байгууллага гэхээр зөрүүдлээд, уул уурхайг эсэргүүцээд байгаа хэрэг биш. Эцсийн дүндээ бизнесийг хамгаалж байгаа, сайн засаглалыг бий болгох гэсэн оролдлогууд” гэдгийг онцолсон. Хариуцлагагүй уул уурхайг зогсоох, ийм үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг нийтэд зарлах ёстой гэсэн байр суурийг хуралд оролцогчид бүгд илэрхийлж байв. Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэхийн тулд хариуцлагатай ажиллаж байгаа компаниудыг дэмжиж, сурталчлах нь чухал гэдгийг ч төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хэлж байв. Мөн бичил уурхайг бий болгож байгаа зүйл бол сорчлон олборлолт учир сорчлон олборлосон тохиолдолд ашиглалтын лицензийг шууд цуцлах хуулийн зохицуулалт бий болгох шаардлагатай. Сорчлон олборлолт зогсоогүй цагт бичил уурхай, техникжсэн нинжагийн үйл ажиллагаа зогсохгүйг иргэний нийгмийн төлөөллүүд хэлж байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хариуцлагатай уул уурхайн компани гэж ямар байх, компаниудад хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад хэрхэн тусалж, дэмжих талаар тодорхой ажлууд төлөвлөж, хэрэгжүүлж буйгаа мэдээлсэн. “МУУҮА-ийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаа хариуцлагатай байх ёстой гэсэн үндсэн зарчим баримталж ирсэн. Бид компаниудыг хариуцлагажуулах чиглэлээр Хариуцлагатай уул уурхайн Кодексыг нэвтрүүлэн ажиллаж байна. Олон талын оролцоог хангах, иргэдэд нээлттэй байх, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах зэрэг 8 зарчмын дагуу ажиллах ёстой. ХУУК нь Төлөвлөх, Хэрэгжүүлэх, Шалгах, Сайжруулах гэсэн үндсэн зарчмаар хэрэгждэг. Төсөл хэрэгжүүлэгчид энэхүү шаардлагыг хэрэгжүүлснээр нийгмийн лиценз авч, үйл ажиллагаа нь тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ” гэдгийг Г.Эрдэнэтуяа захирал онцолсон. Уул уурхайн үйл ажиллагаа тухайн орны ард түмэн, орон нутгийн иргэдийн эрх ашиг болон хүрээлэн буй орчныг илтэд хүндэтгэн хамгаалсан байхаас гадна эдийн засгийн хөгжилд нь өргөн хүрээнд, шударгаар болон мэдэгдэхүйц хувь нэмэр оруулахыг хэлнэ хэмээн олон улсад томъёолж тодорхойлсон байдаг. Цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлье, цар хүрээг нь тэлье гэвэл ганц эдийн засгийн үр өгөөжийг харах биш бүхэлд нь хариуцлагатай байлгах шаардлагатай, тэгж байж иргэд, олон нийтийн дэмжлэгийг авах боломжтой болно гэдгийг бүхий л талууд хэлж байна.
ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХАМТРАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ
Монголын уул уурхайн салбар орон нутгийн удирдлага болон иргэдийн дэмжлэгийг авах чиглэлээр сүүлийн жилүүдэд цөөнгүй арга хэмжээ авсан байдаг. Тухайлбал уул уурхайн орлогоос орон нутагт тэнцвэртэй хуваарилж, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Орон нутгийн Хөгжлийн нэгдсэн санг байгуулж, одоо ч үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн сум, аймагт нь үлдээж ч үзсэн. Эдийн засгийн дээрх хөшүүргүүд төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Түүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн аймаг, сумын удирдлагын саналыг авдаг болж, орон нутгийн удирдлагатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг эрх зүйн орчныг ч бүрдүүлсэн. Гэсэн ч өнөөдөр орон нутгийн иргэд, удирдлагын зүгээс уул уурхайг эсэргүүцэх байдал багасах биш нэмэгдсээр байна. Тиймээс геологи хайгуул, уул уурхайн олборлолтыг орон нутгийн иргэд, удирдлага эсэргүүцдэг гол шалтгаан юу болох, түүнийг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц шийдэл байгааг тодруулах нь геологи, уул уурхайн салбарын цаашдын хөгжилд нэн чухал болоод байна. “Орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд” хурлын үндсэн зорилго энэ байв.
Хуралд “Снөүв Хилл” хуулийн фирм, Монголд олон жил хайгуул хийсэн ч олборлолт хийж чадахгүй байгаа Канадын “Эрдэнэс Ресурс Девелопмент”, Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи”, Монголын үндэсний “АУМ АЛТ” компани танилцуулга хийсэн. “Снөүв Хилл” хуулийн фирм уул уурхайн салбарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Тэдний мэдээлснээр ашигт малтмалын лицензтэй холбоотой 12-15 төрлийн нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд очиж байгаа аж.
Сүүлийн үед тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа нь уул уурхайн компаниуд болон орон нутгийн удирдлагатай байгуулсан Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой маргаан. Гэрээ байгуулах гэхээр орон нутгийн удирдлага үндэслэлгүйгээр удаа дараа татгалзах, эсвэл биелүүлэх боломжгүй шаардлага тавих гэх мэт асуудлаас болж маргаан үүсэх болжээ. Хамтын ажиллагааны гэрээ нь захиргааны гэрээ юм уу, иргэний гэрээ юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа болохоор гэрээний асуудлыг ойлгомжтой тодорхой болгох шаардлагтайг тус хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Билэгсайхан онцолж байна. Өөрөөр хэлбэл Төр Засгийн зүгээс уул уурхайн орон нутгийн харилцааг зохицуулах гэсэн хууль эрх зүйн оролдлого бодит амьдрал дээр төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй буйн тодорхой жишээ нь орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ юм. Дийлэнх уул уурхайн компаниудын зүгээс орон нутгийн эсэргүүцлээс болж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаа төрийн буруу гэж үздэг. Засгийн газраас хайгуул хий, олборлож болно гээд тусгай зөвшөөрөл өгсөн, тусгай зөвшөөрлийнхөө төлбөрт жил бүр төлбөр авдаг бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжийг бүрдүүлэх ёстой. УИХ, Засгийн газар, бодлогын яамны шийдвэрийг аймаг, сумдын удирдлага биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Харин орон нутгийн удирдлага арай өөр байр суурьтай.
Уул уурхайг зөвшөөрч дэмжлээ гээд орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гарч, иргэдийн амьдрах орчин сайжирч байгаа нь харагдахгүй, эсрэгээрээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа. Орон нутгийн удирдлага нэг талаараа төрийн шийдвэр, хууль дүрмийг биелүүлэх ёстой ч нөгөө талдаа орон нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй нь зөрчилддөгийг учирлаж байна. Орон нутгийн иргэдээсээ сонгогддог, ажлын үр дүнгээ дүнгүүлдэг тул иргэдийнхээ талд зогсохоос аргагүй. Тэгвэл орон нутгийн иргэд шийдвэр гаргалт, хэрэгжилтэд хяналт тавихад оролцоотой байхыг хүсэж байна. Компаниуд тусгай зөвшөөрөлтэй гээд дайрах, эсвэл Засаг даргатай чинь тохирчихсон гээд зүтгээд байгаа нь иргэдэд таалагдахгүй байна. Өнөөдөр уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлага, иргэдтэй хэрхэн ойлголцож, үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Нийтлэг байдлаар харвал орон нутгийн удирдлагатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тодорхой хөрөнгө мөнгө өгөх, аймаг сумын ойд хандив өргөх, малчдад худаг гаргах, хашаа хороог нь засах, хүүхдийг нь сургуульд сургах, малын махыг нь худалдаж авах гэх мэт цөөн тооны эдийн засгийн хөшүүрэг ашиглаж байна. Тэгвэл орон нутгийн харилцааны талаар туршлагатай томоохон компаниуд болон олон улсын судлаачид асуудлыг илүү өргөн хүрээнд системтэйгээр авч үзэхийг зөвлөж байна.
Тэд уурхайн үйл ажиллагааг эхлэх цагаас уурхайг хаах хүртэл хугацаанд орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах нь чухлыг зөвлөж байна. Канадын Бритиш Колумбын их сургуулийн доктор Ж.Фрэйзер “Компаниуд үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө орон нутагтаа ажиллаж, иргэд, удирдлагын санаа бодол, хөгжлийн хэрэгцээг танин мэдэж, үйл ажиллагаатайгаа уялдуулах нь үр өгөөжтэй байдаг” гэв.
Монголд ч орон нутгийн харилцааны сайн жишиг бий нь “Оюутолгой” компани. Төслийн хайгуулын ажил эхэлсэн 20 жилийн өмнөөс л тус компани орон нутгийн иргэдтэй хамтран ажилласан. Өөрсдийн гэсэн орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн тогтолцоо бий болгож, түүнийгээ тогтмол шинэчилж, сайжруулж ирсэн тухайгаа тус компанийн Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугар танилцуулсан. Орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах нь зүгээр нэг цаасан дээрх бичиг баримт биш харин ч илүү амьд харилцаа, бодит ажил хэрэг болж байж төслийн тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй байдаг аж. Нөгөө талаас орон нутгийн харилцаа нь ганц уул уурхайн компанийн асуудал биш. Төр, засгийн байгууллагууд, орон нутгийн удирдлага, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо жигд байж илүү үр дүнтэй байдаг. Тиймээс ч УУХҮЯ, АМГТГ-аас энэ чиглэлд шинэ бодлогоор ажиллахаа амлаж байна. Тухайлбал АМГТГын бүтцэд долоон аймагт Төлөөлөгчийн газар байгуулж байгаа. Төлөөлөгчийн газар нь уул уурхайн компаниудын өмнө тулгамдаж байгаа асуудал, хууль зөрчсөн үйл ажиллагаа, орон нутгийн харилцаа зэрэг газар дээр нь ажиллаж шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг хариуцах юм. Энэ ажил төр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд чамгүй үр дүн авчирч, орон нутгийн иргэдэд бодит үнэн зөв мэдээлэл хүргэхэд ач холбогдолтойг АМГТГ-ын удирдлагууд онцолж байна. Тус агентлаг энэ жил 21 аймагт ажиллаж, компани, орон нутгийн удирдлага болон иргэдтэй нээлттэй уулзалтууд хийсэн нь ихээхэн үр дүнтэй болсон гэж үзэж байна. Ирсэн санал гомдлуудыг цэгцэлж, хууль эрхзүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг Ашигт малтмалын хуулийн шинэчлэлд тусгахаар ажиллаж буйгаа дуулгасан. Уул уурхайн компаниудын хувьд орон нутгийн харилцаагаа арай өргөн түвшинд авч үзэх шаардлагатай болжээ. Ядаж орон нутгийн харилцааны нэгж, алба, хариуцсан ажилтантай байх нь чухал бөгөөд том, жижиг гэлтгүй бүхий л компанид хамааралтай гэнэ.
Монголын компаниуд ажил эхлэхдээ л төслийн талаарх мэдээллээ иргэдэд өгөөд түүнээс хойш таг чиг болдог нь хамгийн том дутагдал, буруу зүйл гэдгийг судлаачид хэлж байна. Иргэдэд байнга мэдээлэл өгч, ил тод байдлыг хангаж, ялангуяа байгаль орчны нөлөөллийн талаар тогтмол мэдээлэл өгч харилцаатай байх нь чухал байдаг байна. Ингэснээр орон нутгийн иргэдийг хууран мэхэлж байгаа мэт ойлголт үлддэггүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье гэвэл орон нутгийн дэмжлэгийг авах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, харилцан ойлголцох байдал зайлшгүй чухлаар тавигдаж байгааг олон улсын судлаачид төдийгүй дотоодын томоохон компаниудын туршлагатай мэргэжлтнүүд ч хэлж байна. Орон нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудын хүсэл ч энэ.