2023 оны эхнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ЗГХЭГ-аас Зөвлөл байгуулж, анхдугаар хурлаа (2023.08.29) хийжээ. Тус хурлаар Зөвлөлийн гишүүдийг баталсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд удирдлагаар хангах энэхүү Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даргална.
Зөвлөл нийт 11 гишүүнтэй. Тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг салбаруудын олон талын оролцоог хангахын тулд төрийн 3, хувийн хэвшлийн 4, төрийн бус байгууллагын 4 төлөөлөл уг зөвлөлд багтжээ. Эрдэс баялгийн салбараас хувийн хэвшлийг төлөөлж МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа уг Зөвлөлд ажиллах болсон байна.
Орон тооны бус тус Зөвлөл нь зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих төдийгүй арга зүйн удирдлагаар хангана. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах үүрэгтэй. Хамгийн гол үүрэг нь зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсэж болзошгүй хүнд суртал, авлигын эрсдэлийг хөндлөнгөөс хянах,сэргийлэхэд анхаарч ажиллах юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-нд УИХ-аас Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он) хүчингүй болж, улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагддаг байсан бүх тусгай болон бусад зөвшөөрлийг нэгтгэн зохицуулахаар болсон юм. Уг хуульд Ерөнхий сайдын дэргэдэх энэхүү Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн болон үйл ажиллагаа, чиг үүргийг тодорхой заажээ.