Иргэний оролцоо бол олон асуудлыг шийдэх гарц

Г.БААТАР

Чуулганы 3 дахь өдөр Нээлттэй нийгэм форум, “Төлсөн авснаа нийтэл эвсэл болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба хамтран “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдэвт иргэний нийгмийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, уул уурхайн нөлөөллийн бүсээс малчид оролцож, эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн шинэчлэл дэх иргэний оролцоо, ил тод, нээлттэй байдлын асуудалд төвлөрч ярилцав. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбоотойгоор тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан дэвшилтэт заалтууд орсон билээ. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг уул уурхайн салбарын хуулиудад тусгахаар эрх зүйн шинэчлэл хийгдэж буй бөгөөд ихэнх хуулийн төсөл Намрын чуулганд орох хүлээлттэй байна. Энэ шинэчлэл иргэдийн оролцоотой явж чадаж байна уу гэдэг асуудлыг иргэний нийгмийн хэлэлцүүлгээр хөндсөн.
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Т.Туяацэцэг Эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслүүдэд олон нийтийн оролцоо хангагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандсан бол ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж буй эрхзүйн шинэчлэлтэй холбоотой зарим нэг мэдээлэл тодруулгыг өгснөөр хэлэлцүүлэг эхэлсэн юм. Засгийн газраас Авлигын төсөөллийн шалгуур үзүүлэлт /индекс/-ийг сайжруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн Дэд сайд ахлан ажиллаж байгаа аж. Энэ чиглэлд хийх нэг алхам нь ил тод байдлыг бүхий л салбарт хэрэгжүүлэх гэж үзэж, үүнтэй холбоотойгоор 2 жил хүлээгдсэн Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг ХЗДХЯ татан аваад ажиллаж байгаа ба Намрын чуулганд өргөн барих юм байна. Ил тод байдлыг хангаснаар орон нутаг дахь үл ойлголцол, авлига, ил тод бус хандив, орон нутгийн удирдлагуудтай холбогдсон зүй бус хөрөнгө санхүүгийн харилцааны асуудлууд байхгүй болно. Улмаар нийтийн эрх ашиг хангагдана, зөв мэдээлэлтэй иргэд зөв шийдвэр гаргана, уул уурхайн салбарыг ойлгодог болно. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байснаар уул уурхайн салбар тогтвортой хөгжих, орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авч ажиллах бололцоо бүрдэнэ. Хариуцлагатай уул уурхай хөгжиж, хөрөнгө оруулалт салбарт илүү их орж ирнэ гэсэн өөдрөг итгэл үнэмшлээ Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хуваалцсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгаас орж буй орлого Үндэсний баялгийн сангаар дамжин тэгш хуваарилагдах зарчим үйлчилж байгаа. Гэвч төрийн өмчит уул уурхайн компаниуд төсөвт оруулахгүйгээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх явдал хавтгайрсныг ил тод байдлын хуулиар шийдэгдэнэ гэв. Мөн уул уурхайтай аймаг сум бүр Орон нутгийг хөгжүүлэх сан нэртэй ТББ-тай болсон нь уг хуулиар байхгүй болно гэсэн мэдээллийг өглөө. Хурлаар үндсэн хоёр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд “Хүний эрх, хөгжил” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхайн бодлого” сэдвээр илтгэсэн бол ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид “Үндсэн хуулийн үзэл баримтлал эрдэс баялгийн салбарт” илтгэлдээ эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар илтгэл тавьсан. Г.Уранцоож илтгэлдээ, Уул уурхай, тогтвортой хөгжил хоорондоо хоёрдмол шүтэлцээтэй. Нэг талаас уул уурхай тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг ч нөгөө талаас хариуцлагагүй байвал маш их сөрөг нөлөөг тогтвортой хөгжилд авчирдаг. Тиймээс сөрөг нөлөөг бууруулах эрсдэлийн бодлого байх ёстой.

Манайх тийм бодлого, зохицуулалт бий болгохын төлөө ажиллах ёстой. Энэ нь бодлогын уялдаа холбоог хангах, өөрөөр хэлбэл үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, уул уурхай ба бусад салбарын бодлоготой уялдах механизм бий болгох, цаашлаад Тогтвортой хөгжлийн холбогдох зориултуудтай уялдуулах тухай асуудал гэсэн юм. Мөн эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарт өрнөж буй эрх зүйн шинэчлэлд олон талын оролцоог хангах, шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн зохистой оролцоог хуульчлах нь нэн чухал болохыг онцолсон. Шийдвэр гаргалтад орон нутаг, иргэдийг оролцуулахад зөвхөн мэдээлэлтэй байх хангалтгүй. Мэдээлэлтэй иргэдийн шийдвэр гаргалтад оролцох механизм, оролцох эрхийг олгосон тодорхой хуулийн заалтууд байх ёстой. Хэлэлцүүлэгт яаж олон талын оролцоог хангах, оролцоог бодитой болгох, иргэдийг оролцууллаа гэхэд тэд үнэхээр орон нутгийг төлөөлж чадаж байна уу, төлөөллийг хангаж чадаж байна уу, орон нутгийнхаа итгэлийг хүлээсэн төлөөлөл мөн үү гэдэг асуудал чухлаар тавигддаг. Тэнд итгэлцэл байхгүй, төлөөллийг хангаж чадахгүй байгаа учраас л иргэд биднийг оролцуулсангүй гэдэг. Оролцоог бодитой болгох, төлөөлөл нь хүлээн зөвшөөрөгдсөн байх энэхүү зарчмыг эрх зүйн шинэчлэлд тусгах ёстой гэв.

Түүнчлэн ашиглалтын лиценз олгох шаардлагыг өндөрсгөх асуудлыг тавьсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг иргэдээр хэлэлцүүлэхгүй, ямар ч оролцоогүйгээр, хайгуулын лиценз автоматаар ашиглалтын лиценз болж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж байж хайгуулын ажил явагдах боломжтой болно. Хайгуул хийгдсэний дараа хэдий хэмжээний нөөцтэй, хэр зэрэг ашигтай, орон нутаг, улсад ямар үр өгөөжтэй байх нь ТЭЗҮ болоод холбогдох баримт бичгүүдээр тодорхой болох үед иргэдтэй ярилцаж, орон нутагтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр ашиглалтын лиценз олгох нь зөрчил гарахаас сэргийлэх оновчтой шийдэл гэсэн байр сууриа илэрхийлсэн. ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид илтгэлдээ, хуулийн хувьд дахин шийдэлд хүрэх шаардлагатай асуудлуудыг хөндөв. Тухайлбал, төрийн, нийтийн өмч гэж юуг хэлэх вэ? Түүнийг хэн захиран зарцуулах вэ? Орон нутгийн түвшинд үү? Засгийн газрын түвшинд үү? Хэн өмчлөлийг хэрэгжүүлэх вэ? Хэн хамгаалах вэ? Түүнд хэн хяналт тавих вэ гэдэг асуудлыг тодруулах шаардлагатай гээд төрийн нийтийн өмч гэдэг томьёоллыг нийтийн ашиг сонирхлын төлөө нийтийн зориулалтаар зарцуулах өмч гэдэг утгаар цаашид дэлгэрүүлж ангилж явах нь зөв гэв. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг мэдэх эрхтэй хамт хуульчилж өгсөн тул эрх зүйн шинэчлэл хийхдээ энэхүү хоёр эрхийг гол чиглэлээ болгох ёстойг тэрээр илтгэлдээ дурдсан. Ялангуяа хүний эрхийг хангах асуудал салбарын хуулиудад тусгалаа олох ёстой. Мэдэх эрхийн хувьд цөөнгүй хуулийн зохицуулалтаар мэдээллийг ил болгож байгаа ч орон нутгийн иргэдтэй харилцан ярилцах, мэдээллээр хангах, зөвшилцөх, сонирхсон асуултад хариулах, нэгдмэл ойлголт өгөх платформ, сувгийн механизмыг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Уг салбар хурал дараах 2 хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

ОРОЛЦООНД СУУРИЛСАН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ

Энэхүү хэсгийн үндсэн илтгэл “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд олон нийтийн оролцоог хангах нь” сэдэв байсан ба Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг илтгэв. Иргэний нийгмийн зүгээс орон нутгийн үл ойлголцлын шалтгааныг хариуцлагагүй уул уурхай, мэдээлэлгүй, оролцоогүй орон нутгийн иргэн гэж үзэж байна. Гол шийдэл нь уул уурхайг хариуцлагатай болгох. Гэхдээ энэ нь зөвхөн уул уурхайн компанийн асуудал биш. Төрийн хариуцлагын асуудал ч яригдах ёстой. Төр эрдэс баялгаа ашиглах бодлогоо тодорхой болгож, ямар ашигт малтмалаа одоо ашиглах, ямрыг хойш тавих, нэг баг, сумын нутгийн хэдэн хувьд уул уурхай явуулах зэрэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн юм. Үүний зэрэгцээ лиценз олголтод тухайн нөлөөлөлд өртөж болзошгүй нутгийн иргэдийн оролцоог бодитой болгох нь асуудлын нэг шийдэл гэж үзэж буйгаа танилцуулсан. Гэхдээ оролцоог процедуртай нь хамт тодорхой хуульчилж, Ашигт малтмалын болон салбарын бусад хуулиудад тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн асуудал гарвал хаана хандаж, хэн, яаж шийдвэрлэх механизм тодорхой байх ёстой гэв. Тийм механизм үгүйгээс иргэд өнөөдөр уурхайн амыг хааж зогсохооос аргагүй болж, энэ нь цаашлаад хууль зөрчсөн гэдгээр хууль хяналтын байгууллагад шалгагдах нөхцөл байдалд хүргэж байгааг хөндсөн юм.

ИЛ ТОДЫН ҮР ӨГӨӨЖ

Энэхүү хэлэлцүүлэгт уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд анхаарах асуудлыг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гаргаж тавьсан. “Транспарэнси интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр “Ил тод байдал хөрөнгө оруулалтын хөшүүрэг болох нь” сэдэвт илтгэлдээ уг асуудлыг хөндсөн. Тэрээр “Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр дараах 4 асуудлыг хамгийн их хэлцэгдсэн гэсэн нь. 1) уул уурхайн салбарын үр өгөөж 2) геологи хайгуулын ажлын шаардлага ба хүлээлт, 3) хөрөнгө оруулалтын хэрэгцээ 4) Орон нутгийн асуудал. Энэ бүгдийн үндсийг засаглал сул, авлигыг гааруулсантай холбоотой гэж тайлбарласан. Засаглалыг сайжруулснаар дурдагдсан асуудлууд бүрэн шийдэгдэх боломжтой. Засаглалаа сайжруулбал авлига буурна. Авлига буурвал салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, үр өгөөж сайжирна. Олон улсын байгууллагуудын гаргадаг зээлжих зэрэглэл, засаглалын индекс зэргээр Монгол улс эрсдэлтэй гэж үнэлэгддэг. Энэ нь авлига өндөр байгааг харуулдаг тул хөрөнгө оруулагчид хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй. Засаглалдаа анхаарч, авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг шийдэхгүйгээр хөрөнгө оруулалт татах ямар ч боломжгүй гэсэн юм. Засаглалыг сайжруулахын тулд институцын хэмжээнд асуудлыг авч үзэх ёстой. Эрүүгийн хуулийг чангалснаар асуудал шийдэгдэхгүй. Харин ИНБ, иргэд хоорондоо нэгдээд институцын хэмжээнд бэхжиж, дуу хоолойгоо нэгдсэн байдлаар хүргээд явдаг бол гадаа гараад жагсдаг иргэдийн тоо цөөрдөг. Үүний тулд шаардлагатай мэдээлэл шаардлагатай түвшинд ил тод байх ёстой гэв. “Ил тодын үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлгээр өмнө төдийлэн хөндөгдөж байгаагүй нэг асуудал яригдсан. Олборлох салбарт ил тод байдлыг хэвшил болгоход маш чухал зүйл бол иргэдийн оролцоо. Үүнийг хөхиүлэн дэмжих ёстой. Гэвч сүүлийн үед оролцоотой байх гэсэн идэвхтэй иргэдийг хөгжилд саад тээг боллоо, гадны гар хөл боллоо гэх үндэслэлээр айлгаж дарамтлах явдал бий боллоо гэсэн дүгнэлтийг уг хэлэлцүүлгээс хийсэн. Ийм явдал даамжирвал хэрхэх вэ? ОҮИТБС-д иргэдийн оролцоог хангах чиглэлд ямар зөвлөмж байдаг вэ гэдэг асуултыг хэлэлцүүлэгт цахимаар оролцсон ОҮИТБС-ын Олон улсын ажлын алба, Ази хариуцсан захирал Gay Alessandra Ordenes-т тавьсан. ОҮИТБС-т элссэн улс орнуудын дагаж мөрдөх ёстой Иргэний нийгмийн байгууллагуудын протокол гэх баримт бичиг бий. Уг протоколд байгалийн нөөцийн засаглалын үйл явцад дуу хоолойгоо өргөх, чөлөөтэй ярилцах процесс байх ёстой гэж үздэг бөгөөд улс орнууд дагаж мөрдөж буй эсэхийг 3 жил тутамд үнэлдэг. Тухайн улсад иргэний нийгмийн байгууллагууд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг үнэлээд, ямар нэг байдлаар дарамт шахалт байна гэж үзвэл гишүүнчлэлээс түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг. Монголд зарим нэг хязгаарлалт гарч байгаа гэдэг мэдээллийг авсан гэсэн хариулт өгсөн юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022 "Mining Week 2022" тусгай дугаараас