Zijin Mining: Хятад болон хөрш орнуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Э.ОД

Хятадын зэс, алт олборлолтын тэргүүлэгч Zijin Mining компанийн хэлцлийн тоо хэмжээ өмнөх жилүүдийнхээс буурсан ч сонирхолтой төслүүдийг идэвхтэй хайж байгааг тус компанийн Ерөнхийлөгч Зоу Лайкан хөрөнгө оруулагчдад (2023.08.30)мэдэгджээ. Тэрээр “Геополитик, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Zijin Mining компани Хятад болон хөрш зэргэлдээ орнуудад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ” гэдгийг онцолсон байна.

Мөн алт, зэс, цайр, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай ашигт малтмал зэрэгт анхаарч, компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг онилж буйг дурджээ.

Zijin Mining компани өндөр үнэлгээ, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан шинээр төслүүдийг “залгих”, нэгдэн нийлэх зэрэг худалдан авалтаа удаашруулсан байна. Сүүлийн жилүүдэд тус компани дэлхий дахинаа түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх амбицтай зорилтоо хэрэгжүүлэхээр Африк тивээс эхлээд Европ, Канад хүртэл зэс, алтны хэд хэдэн уурхайг эзэмшсэн. Түүнчлэн литийн салбарт бизнесээ тэлж, чухал металлын дэлхийн зах зээлд томоохон тоглогч болохыг зорьж байна. Сүүлийн саруудад литийн үнэ буурсан хэдий ч энэ нь тооцоолсон хэмжээнд байгааг Zijin Mining-ийн дэд ерөнхийлөгч ярьжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын зах зээл дээр литийн үнэ 74 475 ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд ханшид тооцогдож байна. Тэгвэл энэ сарын байдлаар литийн үнэ 25 970 ам.доллар болж буурсан. Үргэлжлэн буурч литийн үнэ 12 мянган ам.долларт хүрсэн ч Zijin Mining-ийн төслүүд ашигтай ажиллана гэж дэд ерөнхийлөгч Лин Хунфу тайлбарлажээ. Үүнээс үзэхэд Хятадын уул уурхай, тэр дундаа хувийн хэвшлийн томоохон төлөөлөл лити болоод чухал металлын салбарт онцгой анхаарч байгааг илтгэж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Caixin Global -д бичсэнээр ” Хятад улс стратегийн ашигт малтмалын хангалттай нөөцгүй. Тус улсын төмөр, зэс, хөнгөн цагаан, никель, лити зэрэг стратегийн ашигт малтмалын нөөц нь дэлхийн нийт нөөцийн 20 гаруй хувийг эзэлдэг. Харин кобальт, хөнгөн цагаан, зэсийн дэлхийн хэрэглээний талаас илүү хувийг тус улс бүрдүүлж байна. Хятадын компаниуд цэвэр эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл ашигладаг гол металл болох лити, кобальт, никелийн хөрөнгийн дэлхий даяар хайж, хөрөнгө оруулахыг эрмэлзэж байна. Гэсэн хэдий ч геополитикийн зөрчилдөөн, түүхий эдийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүтцийн өөрчлөлт зэрэг нь хилийн чанад дахь уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулахыг эрмэлзэж буй Хятадын компаниудад саад тотгор учруулж байгаа” гэжээ.