Монгол Улсын Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна. Засгийн газрын тэргүүн болон танхимын сайд нарыг Говь-Алтай аймагт (2023.09.03) ажиллах үеэр Есөнбулаг суманд 10 МВт хүчин чадалтай нарны “Сэрвэн” цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг станцыг Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК байгуулж, ашиглалтад оруулж байна.
“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх ажээ.
Түүнчлэн тус аймаг дахь Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Өнөөдөр аймагт ашиглалтад орсон “Сэрвэн” нарны цахилгаан станц, Тайширын УЦС дээр Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэгцээд баригдвал манай улс эрчим хүчний салбарт том алхалт хийнэ. Эрчим хүчний хувьд хараат бус болох стратегийн нүүдэл хийнэ. Энэ алхам хол биш байна” хэмээн мэдэгджээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нартай үед нарны цахилгаан станцаа ажиллуулаад Тайширын усан цахилгаан станцын усыг нөөцөлнө. Нар орсны дараа Тайширын усан цахилгаан станц ажиллана. Ингэж нэгийгээ нөхөх нар, салхи, усан цахилгаан станц Говь-Алтай аймагт бүрдээд байгаа учраас Алтай, Улиастай эрчим хүчний систем дээр энэ төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулж байна” гэжээ.
Говь-Алтай аймаг 58.257 хүн амтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон БНХАУ-ын Ганьсу муж, Шинжаантай хиллэдэг тул хил орчмын худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байна. Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбосноор 44 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Шинээр тус аймагт “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүчний хосолсон эх үүсвэртэй боллоо.
Ерөнхий сайд өнөөдөр (2023.09.04) Ховд аймагт ажиллаж байгаа юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод байгуулагдаж байгаа “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн төслийн явцтай танилцсан байна.
Энэ сарын 8-нд Дорноговь аймагт ажиллана.
1 Сэтгэгдэл