Hүүpcийг хязгаарлах дараагийн давлагаа

Э.ОДЖАРГАЛ

Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах санаачилгыг манлайлагч Их Британи нь аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд жилд 300 сая тонн нүүрс олборлож, цагтаа дэлхийн уур амьсгалыг бохирдуулахад “томоохон хувь нэмэр” оруулсан улсын нэг. Тус улс нүүрсний үйлдвэрлэлээ 25 дахин бууруулахын тулд 100 жилийг зарцуулжээ. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын нүүрсний шилжилт харилцан адилгүй юм. Хөрөнгө санхүүгийн чадамж, эдийн засгийн ялгаатай байдлаас ихээхэн хамаарна. Тиймээс дэлхийн нүүрсний үе дуусах цаг хугацаа хэзээ гэдгийг тодорхойлоход хэцүү.

“НҮҮРСИЙГ ТҮҮХЭНД ҮЛДЭЭЕ”

Арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлаар (COP26) “Нүүрсийг түүхэнд үлдээх"-ийг уриалав. 5 жилийн өмнөх Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхийн төлөө нүүрсний хэрэглээг дуусгавар болгох хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж COP26 үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлангаар дэлхийн цаг уурын өөрчлөлтийг 1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барихын тулд өндөр хөгжилтэй орнууд 2030 онд, хөгжиж буй орнууд 2040 он гэхэд нүүрсний хэрэглээг зогсоох шаардлагатай байгаа.
Энэ удаагийн хурлаар Бельги, Австри, Швед, Польш улсаар нүүрсний хэрэглээнээс татгалзсан Европын орнуудын тоо нэмэгдсэн бол Өмнөд Солонгос, Индонез, Вьетнам, Украин, Азербайжан болон Казахстан жагсаалтад шинээр нэгдлээ. Харин хамгийн том үйлдвэрлэгч, басхүү хэрэглэгч Энэтхэг, Австрали, Орос, Хятад улс Глазгогийн гэрээнд (Glasgow Climate Pact) гарын үсэг зурсангүй. Өмнө нь Нарендра Моди, Си Жинпин удирдагчид хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болох зорилтоо мэдэгдсэн билээ. Хөгжиж буй орнууд хөгжлийн стратеги, ядуурлаас ангижрах талаараа ярьж байгаа энэ үед чулуужсан түлшнээс татгалзана гэж амлаж чадахгүй гэсэн байр сууриа чуулган дээр Энэтхэг улс илэрхийлсэн. Харин Хятад улсын төлөөлөгч, Парисын хэлэлцээрээс Америк гарсан цаг хугацаагаар зорилт ухарч, дэлхийн хамгийн их бохирдуулагчийн түүхтэй АНУ тэргүүтэй бусад өндөр хөгжилтэй орнууд илүү ихийг хийх ёстойг сануулав. Америкийн хувьд дэлхийн дулаарлын эсрэг Парист нэгдсэн зорилтоос хоёр жил “урвасан” улс юм. Хүлэмжийн хий ихээр ялгаруулагч хоёр орны удирдагчид биечлэн хуралд ирээгүйг маш том алдаа гэж АНУ-ын Төрийн тэргүүн шүүмжлэв. Гэхдээ Ж.Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 555 тэрбум ам.доллар багтаасан 3 их наяд ам.долларын төсвийг батлуулахаар зүтгүүлж байгаа. Тэгвэл НҮБ-ын уриалгыг “үл харгалзан” Австрали улс 2030 оноос хойшхи нүүрсний хүчтэй ирээдүйг харж байна. Глазго дахь хурал нь Парисын хэлэлцээрийн 5 жилийн үр дүнгийн дүгнэлт байлаа. Зарим нь нүүрсний хэрэглээгээ бууруулахаар чармайж, зарим их гүрнүүдийн зүгээс шахалт үзүүлэх геополитикийн өнгө аястай байгаа бол зарим тивд эрчим хүчний эрэлт, нүүрсний үйлдвэрлэл өсөж байна. Энэ бүгдээс үзвэл дэлхийн нүүрсний эрин үе тийм ч амар хялбар өндөрлөхгүй бололтой.

ХЭТИЙГ ХЯТАД ТОДОРХОЙЛНО

Дэлхийн нүүрсний хэрэглээний 65 хувь ногддог, хүлэмжийн хийн ялгаруулалтаар тэргүүлэгч улс нь Хятад. Тэр хэрээр Хятадын бодлого дэлхийн уур амьсгалын зорилтын тулгамдсан асуудал юм. Тус улсын хэмжээнд нүүрсний 1200 томоохон үйлдвэр ажиллаж байгаа ба 150 орчим уурхайг шинээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйг “Global Energy Monitor” мэдээлжээ. Сүүлийн таван жилд тус улс агаарын бохирдлыг бууруулах “Хөх тэнгэр” хөтөлбөр болон хуучирсан үйлдвэрүүдийг шат дараатай хаах бодлого хэрэгжүүлж байгаа ч түүхий нүүрсний олборлолт нь тасралтгүй нэмэгдсээр байна. Хятад улсын төр засгаас дэлхий нийтийн өмнө хүлээсэн зорилтыг дэмжиж, дотоодын компаниудаа нүүрс бага үйлдвэрлэхийг уриалсан нь ердөө жилийн өмнө юм. Гэтэл КОВИД-19 нөхцөл байдлаас үүдсэн Хятадын эрчим хүчний хомсдол нь 1.4 тэрбум хүн амын цахилгааны хэрэглээ тасалдах, улмаар дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа доголдоход хүргээд байгаа. Энэ бүхнээс үүдэн Төв Засгийн газраас Өвөрмонголын нутагт 70 гаруй уурхайг шинээр нээх, олборлолтын хэмжээг 1 тэрбум тонноор нэмэгдүүлэх үүрэг өгчээ. Хятадын энэхүү нүүрсний сэргэлт нь тус улсыг цаг уурын сөрөг нөлөөллийг бууруулах амлалтаа зөрчих, эсвэл урт хугацаанд ухрах уу гэдэг асуултыг дэлхий дахинаа тавьж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ “ЭРГЭВ”

Хилийн чанад дахь томоохон хөрөнгө оруулагч Хятад улс нь дэлхийд төлөвлөсөн нүүрсний төслүүдийн 50 тэрбум ам.доллар давсан санхүүжилтэд оролцоотой байна. Зөвхөн Азийн нийт төслийн 40%-д хөрөнгө оруулжээ. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний нэг ч төсөл шинээр санхүүжүүлээгүй байна. Одоо Хятадын Төв банкнаас гадаад дахь нүүрсний төслүүдийн хөрөнгө оруулалтад хатуу хяналт тавих бол “Bank of China” сэргээгдэх эрчим хүчний зээлийг нэмэгдүүлэх, нүүрсний станц төдийгүй олборлолтын төслүүдийн санхүүжилтийг шат дараатай зогсоох замын зураглал боловсруулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дээр БНХАУ-ын дарга Си Жинпин нь бусад хөгжиж буй оронд нүүрстөрөгч багатай, ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гадаадад нүүрсний эрчим хүчний станц шинээр барихгүй, санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн билээ. Жилийн өмнөх чуулганы индрээс 2060 онд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болно гэсэн амлалтаа ажил хэрэг болж байгааг зарласан. Гэхдээ энэ зорилт нь XIV таван жилийн төлөвлөгөөнд тусаагүйг уур амьсгалын хараат бус судалгааны “E3G” төвийн судлаачид анзаарчээ. Хятадын удирдагчийн мэдэгдлийн дараа тус байгууллагаас “No new coal” судалгаагаа танилцуулсан юм.

Парисын хэлэлцээрийг үзэглэснээс хойш дэлхийд нүүрсний эрчим хүчний шинэ төслүүдийн бараг ¾ нь цуцлагджээ. Тодруулбал 40 оронд эрчим хүчний нүүрсний төлөвлөгөө байхгүй гэсэн үг юм. Харин нүүрсний эрчим хүчний төслүүд боловсруулсан, хэрэгжүүлэх шатандаа яваа 37 улсын жагсаалтад Монгол Улс багтаж байна.

Хэрэв Хятад улс бодитоор санхүүжилт хийхээс татгалзвал 20 орны 42ГВт хүчин чадал бүхий эрчим хүчний төслүүд цуцлагдана гэж судалгаанд тэмдэглэжээ. Азийн бүс нутгаас Япон, Өмнөд Солонгос улс нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулахаас татгалзах амлалт өглөө. Энэ онд багтаан олон улсын нүүрсний санхүүжилтээ зогсоохоор “Их 20” тохиролцсон юм. Банк санхүүгийн байгууллагын томоохон төлөөллөөс HSBC, “Fidelity International”, “Ethos” болон Канадын Экспорт хөгжлийн байгууллага нүүрсний чиглэлээр зээл олгохгүй нь. Индонез, Филиппин улс нүүрсний станцуудаа эрт халах зорилгоор Азийн хөгжлийн банктай анхдагч түншлэл байгуулснаа зарлалаа. Нүүрсийг орлуулах цэвэр эрчим хүчний технологиуд дэлхийн уул уурхайн чиг хандлагыг өөрчилж эхэллээ. Салбарын компаниуд ч хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахаар бодитоор хөдөлж, ирээдүйн бизнесийн үйл ажиллагаагаа шинээр төлөвлөж байна. Өсөх хандлагатай ногоон технологи, үйлдвэрлэл, тэдгээрийн үндсэн түүхий эд рүү эрдсийн салбарын хөрөнгө оруулалт эргэж байна. 

Майнинг Инсайт сэтгүүл, Арванхоёрдугаар сар, 2021 №01(001)