Э.МИШЭЭЛ
Ашигт малтмалын шинэчилсэн найруулгын хүрээнд АМЕП-аас зохион байгуулсан АМНАТ-ийн зохистой хувь хэмжээний талаарх судалгааны нээлттэй хэлэлцүүлэг (2023.04.05) болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэрх оролцогчдын хэлсэн санал бодлыг тоймлон хүргэж байна.
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, геологич Д.Бат-Эрдэнэ: Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн зурваст 15 км ойртож болохгүй гээд заасан тул эрэл, зураглалын ажил, судалгаа хийж чадахгүй байна. Геологийн хайгуулыг хилийн бүс орчимд хийх боломжоор хангахыг хуульд тусгах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь молибдены уурхайд хамт гарч байгаа дагалдах элементүүдийг тооцон, татвар авдаг. Ганц молибдений уурхай ч биш Оюутолгой, Эрдэнэтэд ч ийм асуудал үүсдэг. Геологи, хайгуулаар ашигтай гэсэн элементэд тооцоо хийж, нөөцийг тогтоодог. Түүнээс химийн бүх элементийн нөөцийг бодохгүй шүү дээ. Үүнийг татварынхан ойлгохгүй, бүгдээс авна гэдэг. Бас нэг асуудал нь ГХЭ олборлоход хамт байгалиас үүсэлтэй уран, тори гардаг. Ингэхээр Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд ороод бүх юм нь гацдаг. Лити олборлоно гээд л байдаг, тэр ч бас урантай шүү дээ. Зарим хайлуур жоншны орд ч цацрагтай байдаг. ГХЭ-ийг хуулийн маш тодорхой зохицуулалттай болгохгүй бол олборлоход асуудал тулгарна. Ураныг манай улс 2-3 жилийн дараагаас олборлож эхэлнэ. Тэгэхээр уран дээр АМНАТийг яаж тооцох вэ? Австрали улс ураны ордтой. Тэдний туршлагыг судлахгүй бол хэдэн жилийн дараа ураны АМНАТ-ийг яах вэ гэсэн асуудал тулгарна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг: Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнээс хөнгөн цагаан, цагаан тугалга, хар тугалга, цайр зэргийг тооцож АМНАТ авч байгаа нь арай дэндэж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элементээс АМНАТ авна гэж хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элемент гэдгийг хаанаас, яаж тодорхойлох вэ. Засгийн газрын тогтоолоор журамлаж болно. Өнөөдөр ч гэсэн журамласан байгаа. Уул уурхайн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэнэ гэдэг ч тэгдэггүй. Сангийн яам маш том эрхтэй байгууллага тул дагалдах элементээс татвар авдаг байдал арилахгүй байх магадлалтай. Тиймээс хуульд тодорхой оруулж өгвөл яасан юм бэ. Эдийн засгийн үр ашгийг ТЭЗҮ-ээр тооцож болдоггүй юм уу. Нөгөө талаар АМЕП төсөл АМНАТ-ийн судалгаа хийж, үр дүнг тайлагнасан. Тэр тайлангийн үр дүн хуулийн төсөлд тусгагдсан уу? Баахан төсөл хэрэгжүүлээд байдаг, үр дүн нь харьцуулагдаж, шийдвэрт тусгагдаж чадахгүй байна уу даа гэж бодогдож байна.
ШУТИС-ийн профессор, доктор Ж.Цэвээнжав: АМНАТ-ийг оролдох нь зөв үү. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч гэж заасан. Ард түмэн баялгийн хуваарилалтыг шаардаж байна. Тиймээс борлуулалтын орлогоос Баялгийн сангаар дамжуулан хуваарилах нь зөв юм биш үү. Гадны туршлагыг хараад монголчууд өөрсдөө АМНАТ дээрээ толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна.
“Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал: Дотоодын биржийн үнийг барьж АМНАТ тогтоохыг нүүрсний компаниуд дэмжиж байгаа. Ядаж нэг баримжаа бүхий жишигтэй болох нь байна. Гэхдээ алт гэж бүтээгдэхүүн байдагтай адил нүүрс гэдэг бүтээгдэхүүн байхгүй. 200 ам.доллароор зардаг нүүрс байна, 20 ам.доллароор ч зарж байгаа нүүрс байна. Хоорондоо өөр, уурхай болгоны нүүрс өөр. Тиймээс өмнөх сарын биржийн дундаж үнэ гэхээр алийг нь сонгож авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэрэв нүүрсийг биржтэй холбож байгаа бол нүүрсний ангилалтай холбох хэрэгтэй. Хамгийн хялбар нь гэрээний үнэ. Гэхдээ үүнийг хүлээж авах уу гэдэг асуудал байна.
“Оюутолгой” ХХК-ийн Ахлах хуульч Г.Энхдолгор: Эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах элементээс АМНАТ авна гэдгийг яаж тодорхойлох вэ? Эдийн засгийн ач холбогдол гэдэг нь шалгуур үзүүлэлт байж чадах уу. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр учраас “ашигласан” гэдэг нь гол үзүүлэлт болох ёстой. Нөөц ашигласны төлбөрийг орлогоос төлнө. Тэгэхээр ямар нэг байдлаар орлого олсон байна. Ингэхээр “орлого” гэдэг нь шалгуур үзүүлэлт болно. Экспортод гаргасан ашигт малтмалын хувьд гаалийн байцаагчийн дүгнэлтэд үндэслээд тухайн ашигт малтмалын агуулга, шинж чанарыг тодорхойлно гэсэн заалт орж ирсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн ашигт малтмалын шинж чанарыг лабораторийн шинжилгээ тогтоох ёстой. Түүн дээр үндэслэж агуулга шинж чанарыг гаргахаас биш гаалийн байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ гэдгийг ойлгохгүй байна. Лабораторийн үндэслэл гэдэгт Монгол Улсын, эсвэл олон улсад итгэмжлэгдсэн лаборатори байна гэж оруулах нь зүйтэй.
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Гүйцэтгэх захирал Ц.Мөнгөншагай: Суурь үнэлгээг тогтоосон өсөн нэмэгдэх АМНАТ-ийг тооцсон хүснэгтийг харахад Лондоны металлын бирж дээрх үнээр АМНАТ тогтооход ихэвчлэн 7-8 хувийн татвар төлөхөөр харагдаж байна. Хөдөлгөөнтэй үнийг ямар судалгааны үндсэн дээр хуульд оруулж, шатлал хийсэн юм бэ? Суурь үнэлгээ доор байна. Харьцуулалт хийсэн хөрш орнууд манайхтай ижил үнэлгээнд суурилсан тогтолцоотой юм байна. Тэгэхээр өрсөлдөх чадвараа сайжруулж, хөрөнгө оруулалт татахын тулд Чили, Перу шиг ашиг дээр суурилсан байж болохгүй юу. Нүүрс, гөлтгөнийн хувьд хэдийгээр түүхий эдийн үнэ өсөж байгаа ч боловсруулалт, ашиглалтын үнэ нэмэгддэг байгаа. Тиймээс хуульд оруулахаас илүү Засгийн газар зохицуулдаг байдлаар уян хатан байхгүй бол дахиад асуудал үүснэ. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг АМНАТ гэх зэргээр тодорхой асуудлаар задалж явуулмаар байна. Өнгөрсөн оны Монголын геологи, хайгуулын чуулга уулзалтын үеэр хэлэлцүүлэг хийсэн ч хуулийн төсөлд нэгтгээд өгчихөөр санал байгаагүй. Энэ нь АМНАТ шиг тодорхой асуудалд төвлөрч ярилцаагүйнх гэж харж байна.
Жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Цэвэгмид: Хуулийн төсөлд АМНАТ-өө цаг хугацаанд нь төлөөгүй бол лицензийг хүчингүй болгоно гэснийг хасах хэрэгтэй. Татварын хуулиар зохицуулагдаж байгаа асуудал.
“Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Пүрэвдорж: Монголын биржээр худалдагддаггүй ашигт малтмалыг олон улсын зах зээлийн дундаж үнээр тооцно гэж байна. Тэгэхээр олон улсын зах зээлийн үнийг яаж тогтоох вэ. Жишээ нь, критикал минералын хувьд Хятад Улс дэлхийн зах зээлийн 60 хувийг эзэлчихсэн байна. Тэгэхээр Хятадын биржээр явна гэсэн үг үү. Америк, Европын зах зээлийн үнийг яах вэ. Монголын бирж дээр зарагдаж байгаа болон бирж дээр зарагдахгүй байгаа бүтээгдэхүүнүүд тэгш байдал алдагдаад байгаа. Дундаж үнийг хэрхэн тооцох вэ. Тусдаа баяжуулах үйлдвэртэй бол яах вэ. Уурхай дээрээ АМНАТ-өөс чөлөөлөгдсөн бол баяжуулах үйлдвэрээс нь авах уу. Баяжуулах үйлдвэрээс НӨАТ-ыг аваад АМНАТ-өөс чөлөөлж болохгүй юу.
Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбооны Гүйцэтгэх захирал М.Буянбадрах: Ерөнхий сайд хэд хоногийн өмнө хуулийг батлагдахаас өмнө сайн шүүмжлээд өгөөрэй, шүүмжлэлийг хүлээж авна гэсэн. Манай холбооноос 3 санал өгсөнийг хүлээж аваарай. Олоогүй орлогод татвар ногдуулдаг, давхардуулж ногдуулдаг байвал ямар ч гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хамгийн гол нь уул уурхайн ашиглалтын лицензгүй боловсруулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод ногдуулж байгаа АМНАТ-ийг бид эсэргүүцэж байна. 2019 онд одоогийн мөрдөгдөж байгаа хуульд өөрчлөлт орж, боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын жишгээр АМНАТ ногдуулах болсноор 30 гаруй үйлдвэр дампуурч, 5-6 мянган ажлын байр үгүй болсон. Энэ талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Салбарын сайд гээд бүх шатанд ярьж байгаа ч огтхон ч шийдэгдэхгүй байна. Хөрөнгө оруулалт үнэгүйдэж, цаашид хөрөнгө оруулалт орж ирэхгүй болсон. Боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлд тодорхой зохицуулалт байхгүй байгаад харамсаж байна. Боловсруулах үйлдвэрийг дэмжмээр байна.
“Монполимет” группийн Геологи Уул уурхайн хэлтсийн дарга Т.Эрхэмбаяр: Гөлтгөнийг шохойн чулуу, шаврын адилаар цементийн үйлдвэрт ашигладаг. Үүнийг ашигт малтмалаас хасах саналтай байна. Эсвэл 10-11 хувь байвал 6 хувь, 12-13 бол 7 хувь 18 болон түүнээс дээш байвал 10 хувь гэж тооцвол ямар вэ. Энэ бол олон жилийн өмнөх тооцоолол. Одоо бол уурхайн ам дээр олборлох зардал нь 30-35 хувьд хүрсэн. Тээвэрлэлтийн зардалтай нийлээд 60 ам.долларт борлуулж байна. Энэ нь ашиг биш бодит зардалд үндэслэсэн үнэ. Ийм байхад борлуулалтын орлогоос хасаад АМНАТ 10 хувь төл гэдэг. Сүүлийн жилүүдэд шатахууны үнийн өсөлтөөс гадна цементийн үйлдвэрийн шалгуур өөрчлөгдөж, зардал илүү гаргах болсон. Иймээс ядаж 50-60 ам.доллароос шаталсан үнийг бодвол ямар вэ. Барилгын компаниуд орлогоосоо 10 хувь төлнө гэдэг үнэхээр хэцүү.
Майнинг Инсайт сэтгүүл, Дөрөвдүгээр сар 2023