Сибирийн хүч-2 хоолойн маршрутыг тодорхойлох шатандаа явж байна

Э.МИШЭЭЛ

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак лхагва гараг (2023.09.06)-т "Сибирийн хүч-2 #байгалийн_хийн хоолойн маршрутыг тодорхойлох эцсийн шатандаа явж байна" гэж мэдэгджээ. Энэхүү хоолой нь Оросын Арктикаас жилдээ 50 тэрбум метр куб байгалийн хийг шахахаар төлөвлөж байгаа. ОХУ Европ дахь зах зээлийн дийлэнх хувийг алдсаны дараа өнгөрсөн жилээс БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хэлэлцээг аль болох хурдасгахыг хичээж байна.


А.Новак хэлэхдээ, "Хийн хоолой нь зүүн Сибирийн Ачинск, Красноярск, Канск, Саянск, Ангарск, Эрхүү, Буриадын бүс нутгаар дайрч, Наушк хүртэл тавигдана" гэжээ. Энэ нь урьдчилсан байдлаар тооцоолсон маршрут юм. Төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд эхлүүлсэн бөгөөд Газпром ойрын 10 жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар зорьж байна. Гэхдээ Орос, Хятад хоёр нийлүүлэлтийн нөхцөл, түүний дотор үнэ зэргийг шийдэх шаардлагатай. Энэ үйл явц нэлээд хугацаа шаардаж магадгүй. Өмнө нь Сибирийн хүч-1-ийг 10 гаруй жил хэлэлцэж 2014 онд гэрээ байгуулж байв.