Нүүрсний салбарын зогсолт

Н.АРИУН

Он гарсаар Гашуунсухайтын боомтоор экспортод гарч буй нүүрс өдөрт дунджаар 30 чингэлгээр хэмжигдэж байна. Энэ нь чингэлэг тээврийн терминалаар гарч байгаа нийт нүүрсний хэмжээ юм. Халдвар хамгааллын дэглэмийг хангалттай сайн сахиж чадахгүй байна гэсэн үндэслэлээр Хятадын талаас албан шаардлага өгч, чингэлэг тээврийг цөөлөхдөө бүр ч тас зогсоочихоогүй нь энэ.
Гэрэл зураг: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал

1 чингэлгийг 70 тонн гэж тооцвол өдөрт ойролцоогоор 2100 тонн нүүрс гарч байна гэсэн үг. Терминал дээрх тээвэрлэлтийн хувийг тогтоосон Засгийн газрын тогтоолын дагуу энэ 30 чингэлэг гарч байгаа. Өөрөөр хэлбэл, 60/25/15 гэсэн хуваарилалт ёсоор 30 чингэлгийн 18 нь “Эрдэнэс Тавантолгой”, 7.5 нь “Энержи ресурс”, 4.5 нь “Тавантолгой” компанид оногдож буй юм. Тэгвэл Шивээхүрэнгийн боомтын хувьд өнгөрөгч оны аравдугаар сарын 19-нөөс нүүрсний экспорт бүрэн зогсоод байгаа. Тус боомт дээр Хятадын талаас комисс ирж ажиллан, нүүрс тээврийн нөхцөл байдалтай танилцаад явсан. Одоогоор манай талд ямар нэг дүгнэлт ирүүлээгүй байна. Нүүрсний экспортын 90 шахам хувийг хангадаг гол суваг болох хоёр боомт иймэрхүү дүр төрхтэйгээр 2022 оныг эхлүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар манай улс нийт 400 мянган тонн нүүрс экспортлоод байна. Үүгээр бол нэгдүгээр сард нүүрсний экспортын хэмжээ хагас сая тонноос нэг их хэтрэхгүй төлөв харагдана. Зах зээлийн таатай нөхцөлд манай улс нүүрсний экспортоос нэг сарын боломжоо ийнхүү алдаад байна.
2020 онд мөн л эхний улирлыг алдсан ч “Ногоон гарц” зэрэг арга хэмжээ авснаар нөхөж 26.8 саяыг гаргаж байсан удаатай. Түүн шиг гарц шийдэл гаргаж, амжилт үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ асуудлын гол нь цаашаа хэдий хугацаанд байдал үргэлжлэх нь тодорхойгүй байгаа явдал. Манай улсын албаны хүмүүсийн хувьд, Хятад улс ирэх хоёрдугаар сард болох Өвлийн олимп дуустал хилийн бүсүүддээ хатуу хяналт тогтоосон. Өвлийн олимп дуусахаар Хятадын ковидын хяналт шалгалт суларч магадгүй. Чингэлэг тээврийн терминалтай болсон, хилийн боомтын шинэчлэл хийгдэж байгаа, төмөр зам энэ оноос ашиглалтад орох тул хилийн хяналт суларсны дараа экспорт сэргэнэ гэсэн өөдрөг тооцоололтой хүлээж сууна. Гэхдээ энэ нь тун ч өрөөсгөл найдвар юм. БНХАУ 2022 онд Өвлийн олимпоос гадна улс төрийн хэд хэдэн томоохон арга хэмжээ төлөвлөсөн. Гуравдугаар сард БНХАУ-ын хууль тогтоох байгууллагын чуулган, намар нь Коммунист намын XX их хурал болно. Тиймээс Хятадын засаг захиргаа Коммунист намын ХХ их хурал өндөрлөтөл ковидын эсрэг хориг, хязгаарлалтуудаа цуцлах магадлал тун бага. Эдгээр учир шалтгааны улмаас нүүрсний экспорт өнгөрсөн жилийн түвшингээс давахгүй байх вий гэсэн болгоомжлол эдийн засагчдад байгаа нь бодитой төсөөлөл юм.
Цаашлаад Монголын нүүрсний ерөнхий байр суурь суларсаар байгаа нь бүр ч санаа зовох асуудал болж байна. Ковидын хоёр жилд манай улс нүүрсний зах зээлд эзэлсэн байр сууриа бага багаар алдсаар ирсэн. Биет хэмжээний хувьд жилээс жилд 10 орчим сая тонноор буурч ирснийг дараах график үзүүлэлтээс харж болно. Хятадын коксжих нүүрсний жилийн импортын 30- аад хувийг, зарим жилд бүр тэн хагасыг нийлүүлж үзсэн орон зай улам бүр суларч, өрсөлдөөнөөс шахагдан байна. Хятадын өнгөрсөн оны коксжих нүүрсний импортыг харвал сонирхолтой дүр зураг ажиглагдана. Эхний улиралд импортынх нь талаас илүүг Монгол нийлүүлж байсан бол сүүлийн улиралд 5-6 улсаас жигд хэмжээгээр импортолжээ. Энэ талаар “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Оросууд энэ жил 35 сая тонн коксжих нүүрс Хятадын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээ байна. Тэгвэл энэ нь маш их хэмжээ болно. Мөн Австралийн нүүрс Индонезиор дамжаад реэкспорт хийгдэж байгаа сурагтай. Монголын нүүрсний орон зайг ингээд Оросоос болон бусад эх үүсвэрээр нөхөөд эхэллээ. Ингэснээр гол зах зээл дэх байр суурь суларчих вий гэсэн болгоомжлол байна.

Цаашлаад Монголын нүүрсний ерөнхий байр суурь суларсаар байгаа нь бүр ч санаа зовох асуудал болж байна.

Монгол хэдийгээр хэрэглэдэг зах зээлдээ ойр, үнэ хямд зэрэг давуу байдалтай боловч ковидын хоёр жилд боломжийнхоо талыг алдсан. Гурав дахь жилээсээ Монголоос 20-иод сая тонныг л авах жишиг тогтчих том эрсдэлтэй юм” гэж ярилаа. “Монголын нүүрсний байр суурийг сулруулахгүйн тулд төмөр замаа холбох, хоёр боомтын чингэлэг тээврийг идэвхтэй ажиллуулах хэрэгтэй. Хятадын хувьд хилийн боомтууд дээр ерөнхий баримжаа бүхий квот дээрээсээ өгөгддөг. Тэр нь болчихвол нэг их хүчлэхгүй янз бүрийн шалтгаантайгаар хил дээр нэвтрүүлэлт багасдаг жишиг тогтчихоод байгаа. Тиймээс экспортоо нэмэгдүүлэхийн тулд жилийн 30, 40 саяын түвшинд нийлүүлэлтээ барих асуудлыг хоёр улсын төр засгийн дээд түвшинд тохирох хэрэгтэй юм” гэсэн байр суурийг тэрээр нэмж илэрхийлэв. Он гарсаар нүүрсний зах зээл эрэлт өндөртэй, үнэ ч өндөр байна. Ийм өсөлттэй байдал харьцангуй тогтвортой, жилийн турш үргэлжлэх төлөвийг ч судалгааны байгууллагууд дэвшүүлсээр байна. Харамсалтай нь ийм таатай мөчлөгт Монголын нүүрс экспортлогч компаниуд олборлолтоо үндсэндээ зогсоочихоод байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниуд хэвийн ажиллаж буй, гэхдээ одоохондоо. “Энержи ресурс” хоёрдугаар сарын нэгнээс дөрөв дүгээр сарын нэгэн хүртэл зогсоно гэсэн мэдэгдэл гаргасан ч энэ сарын дундаас үндсэндээ зогсоод байна. Тээврийн компаниудын хувьд бөмбөлөг тээврийн системийн дагуу эрхээ авч, бичиг баримтаа бүрдүүлээд тээвэрлэлтээ эхлүүлэхээр хуваарьт орчихоод байгаа. Тэд чингэлэгтэй авто тээвэр явах гэнэ. Хятадын талаас шийдвэр гарна гэсэн сурагтай хэмээн найдан хүлээж байна. Шивээхүрэнгийн боомтоор экспорт хийдэг Нарийнсухайтын орд дээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч ялгаагүй зогсолтын байдалд байна.

Ковидын хоёр жилд хамгийн гайгүй жигд явсан “Монэнко” мөн л оны сүүлээр зогссон. Энэ бүх нөхцөл байдал нүүрсний экспортыг 36.7 сая тоннд хүргэж, 3 тэрбум ам.долларын экспортын орлого олох зорилтыг маш эргэлзээтэй болгож байна. Олон нийлүүлэгчтэй, бодлогод тулгуурласан БНХАУ-ын коксжих нүүрсний импортын зохих хэсгийг урьдын адил хангахын тулд манай талаас найдан хүлээж суулгүй, гарц шийдэл хайж, онцгой анхаарах шаардлага тулгараад байна.