Газрын тосны үйлдвэрт шаардлагатай 110 км хоолойг гагнажээ

Э.МИШЭЭЛ

Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолойн ажил өнгөрсөн 6 дугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд буулгасан хоолойн хэмжээ 143,5км (11,960 ш) ба үүнээс 110 км хоолойг гагнаж холбожээ. МГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөхөөр БНЭУ-ын “Engineers India Limited” компани ажиллаж байна. Тус компани 20 гаруй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан бөгөөд БНЭУ-ын сансар судлалын Chandrayaan төсөлд оролцож байгаа юм.

МГТБҮ нь нийт дөрвөн багц ажлаас бүрдэнэ. EPC 01 багц ажлын хүрээнд иргэний 9 барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам, сувагчлал зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж буй бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч “Kalpataru Projects International Limited” компани нь 2021 оны нэгдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна.

EPC 02, 03 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure Limited" компани инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган барилга угсралтын ажил (резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакад)-ыг үргэлжлүүлж байна. EPC 04 багц ажлыг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.