
Өнөөдөр (2023.09.14) “Хариуцлагатай уул уурхай” Баруун бүсийн өдөрлөг эхэллээ. Бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгжид мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор УУХҮЯ, АМГТГ, МУУҮА, ОҮИТБС-аас зохион байгуулж байна. Тус өдөрлөгт илтгэл тавьсан зарим оролцогчдын илтгэлээс товчлон хүргэе.


Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг 2050 он хүртэл гэж тодорхойлж байгааг дурдлаа. Ирээдүйн чиг хандлагад өнгөт болон хар металл, чухал ашигт малтмал, нүүрсийг голлон анхаарна. Эдгээр бүтээгдэхүүнийг цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүчтэй холбоотой ашиглана.
Мөн сэргээгдэх эрчим хүчний хувьсгалын дүнд зэсийн хэрэглээ 2050 гэхэд 2-3 дахин, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин өсөх хандлагатай байна гэсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн Аж үйлдвэржилтийн сэргэлтийн 13 төсөл байгаа. Эдгээр төсөл нь газрын тос боловсруулах, нүүрсний ордыг ашиглах, зэс боловсруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолборуудыг барих төсөл гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Үүнээс зэсийн төсөл 2025 он гэхэд Эрдэнэт, Оюутолгой дээр нэмэгдэж Цагаан суваргыг ашиглалтад оруулснаар 2.16 сая тн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэж тооцоолсон. Энэ нь 2021 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт болох аж. Мөн катодын зэсийн үйлдвэрлэл 9800 тонн байсныг 422 500 тонн болгоно.

Уул уурхайн экспорт нийт экспортын эзлэх хувьд цар тахлын жилд, дараа нь ч гэсэн өссөөр байна. 2019 онтой харьцуулахад өнгөрсөн жил нийт экспортын 93 хувийг бүрдүүлж, 4 хувиар өсжээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд цар тахлын хоёр жилд нүүрс буурсан боловч өнгөрсөн жил, энэ онд өссөн байна. Зэс 2021 онд өсөж, одоо тогтвортой явж байна.
Уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт цар тахлаас үл хамааран зогсонги байгааг хэллээ. Иймээс хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн ГШХО Монгол Улсад буурсан бөгөөд уул уурхайн салбарт ч нөлөөлсөн байна.