Э.ОДЖАРГАЛ
od@mininginsight.mn
- Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж эхэллээ –
Манай улс экспортын зарим бүтээгдэхүүнээ биржээр борлуулах эхлэлийг тавьж, анх удаа Монголын хөрөнгийн биржээр нүүрсээ арилжаалж туршлаа. Арилжааг жигдрүүлэх үйл явц хагас жил үргэлжлэх бөгөөд энэ оны долдугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөржсөнөөр Уул уурхайн биржийн тогтолцоо руу албан ёсоор шилжих юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалснаар хил нөхцөлтэй үнээр борлуулах, гэрээ хэлэлцээр ил тод болно. Түүхийгээр экспортолдог туршлагыг аажмаар хална. АМНАТ тойрсон маргаан учир зүйгээ олно. Ийм давуу талууд бий болох тогтолцоонд шилжих эхний алхмыг Монгол Улс хийж эхэлж байна.
Туршилтын арилжааны салхийг хагалж “Энержи Ресурс” компани Монголын хөрөнгийн биржээр нүүрсээ борлуулав. Тус арилжаагаар дуудсан үнэ нэмэгдсэнээс гадна богино хугацаанд экспорт хийгдсэн давуу талтай. Тэгвэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн анхны арилжаа хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн бирж дээр зарлагдаад байна. Хоёр өдрийн арилжааны дэнчин 1,714,560 ам.доллар юм. Нийтдээ 96 мянган тонн хатуу коксжих нүүрс худалдана. Хил нөхцөлөөр 178.6 ам.доллар/тн доод үнийг дуудна. Сар гаруйн өмнө төрийн өмчит компани уурхайн ам нөхцөлөөр сайн чанарын коксжих нүүрсээ дунджаар 110 ам.долларын үнээр борлуулж байсан билээ. Үнийн энэхүү өрсөлдөөн нь Уул уурхайн бирж байгуулах зорилтыг тодотгож байгаа нэг жишээ юм. Төрийн өмчит болон хүсэлт гаргасан хувийн компаниуд хууль хэрэгжиж эхлэхээс өмнө “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын дагуу нүүрсээ биржээр арилжаалах бөгөөд Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалаар экспортлох үйл ажиллагааг зохицуулж байна. Тус түр журмаар нэг удаагийн арилжаанд компани 160 мянган тонноос илүүгүй нүүрс дуудлага худалдаанд оруулна. Ингэхдээ тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулах юм.
Монгол Улсад эрдсийн экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулах асуудал арваад жилийн өмнөөс яригдсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг (2022.12.23) баталснаар эрх зүйн орчин бүрдээд байна. Одоо Уул уурхайн биржийн арилжаа, нийлүүлэлтийг хэрхэн оновчтой удирдах нь энэхүү туршилтын 6 сараас ихээхэн хамаарах юм. Тодруулбал, энэ хагас жилд нүүрсний цахим арилжаа, ялангуяа тээвэрлэлт логистикийг хэрхэн зохион байгуулахаас Уул уурхайн биржийн хувь заяа шалтгаална. Монголын хөрөнгийн биржээр нүүрсний арилжааг туршиж байгаа ч цаашид энэ бэлэн платформоор үргэлжлүүлэх үү, эсвэл тусдаа нэгж байгуулах уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Монголын хөрөнгийн биржийн дэргэд охин компани байгуулах боломжтойг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дурдаж байсан. Ирээдүйд олон төрлийн бүтээгдэхүүн арилжаалах тул бирж бие даасан үйл ажиллагаа явуулах нь илүү оновчтой гэсэн байр суурийг Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж хуваалцсан юм. Ямартай ч Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой ажлын нэг юм. Биржийн арилжаа нь шинэ, төвөгтэй систем биш төдийгүй чанар, стандарт арилжаалдгаараа онцлог. Олон улсын жишгээр бол таваарын биржийн стандартын цаана нь зам тээвэр, итгэмжлэгдсэн лаборатори, агуулах гэхчлэн цогц дэд бүтэц ажилладаг. Бүтээгдэхүүн нь чанарын баталгаатай, агуулахууд нь хангалттай нөөцтэй, тээвэрлэлт нь цаг хугацаандаа найдвартай нийлүүлэгдэх цогц үйлчилгээнд суурилдаг гэсэн үг. Тиймээс ч Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.3.2-т “Биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр логистикийн төв, шинжилгээний лабораторитой байх” гэж заажээ. Ингэхдээ эдгээр дэд бүтцийг биржээс бүртгэж, итгэмжлэл олгосноор үйл ажиллагаанд ашиглахаар зохицуулжээ. 2022 оны хувьд дэлхий нийтийн хамгийн эрэлттэй түүхий эдээр тодорсон нүүрсний үнэ 457 ам.доллар хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Энэ боломжийг тээвэр логистикийн хязгаарлалтын улмаас манай улс ашиглаж чадаагүй.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар МАН-ын бүлгийн хуралдаан дээр өнгөрсөн жилийн эхний 9 сарын байдлаар Монголын нүүрсийг Хятадын 130 аж ахуйн нэгж импортолж байна гэж хэлж байв. Монголын нүүрсний эрэлт хэрэгцээний хувьд өнгөрсөн жил Хятадын зах зээлээс гадна Энэтхэг, Герман, Япон гээд гуравдагч орнуудаас худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн удаатай. Биржийн арилжаанд олон талыг оролцуулахын тулд тэдгээрийн сонирхлыг татах эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэйг “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярьж байна. Тэрхүү хөшүүргийн нэг нь биржээр арилжаалсан бүтээгдэхүүнийг богино хугацаанд нийлүүлэх явдал. Монголын хөрөнгийн бирж дээр зах зээлийн бодит үнээр нүүрсээ ахиу арилжъя гэхэд өнөөгийн тээвэрлэх нөхцөл, гаргах гарцын чадамж сул хэвээр байгаа. Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хоёр улсын хилээр холбох, энэ онд Шивээхүрэн-Сэхээ, БичигтЗүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замыг эхлүүлэх, Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулах, Ханги боомтод терминал байгуулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа. Эдгээр ажлууд хийгдвэл дээрх хязгаарлагдмал байдлыг харьцангуй өөрчилж чадах юм. Хуульд зааснаар, биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.
Хагас жил мөрдөгдөх түр журамд “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022" стандартад заасан төрөл, ангилал, чанарын үзүүлэлттэй нүүрсийг цахимаар арилжина” гэжээ. Уул уурхайн биржтэй болсноор эхний ээлжинд нүүрс, зэсийн баяжмал, яваандаа төмрийн хүдрийг арилжаалах төсөөлөл УУХҮЯ-нд буй. Харин биржээр арилжаалах бүтээгдэхүүнээ хэрхэн ангилж, кодлох вэ? Адил бүтээгдэхүүн байж үнийг жишнэ. Хамгийн төвөгтэй асуудал нь энэ гэх байр суурьтай хүмүүс цөөнгүй байна. Зөвхөн нүүрс гэхэд олон төрөл, компаниудын бүтээгдэхүүн бүр ялгаатай. “Энержи Ресурс” компани баяжуулсан коксжих нүүрс (hard coking coal), сул коксжих нүүрс (semi soft cocking coal), эрчим хүчний нүүрс (6000 Ккал, коксжих чанаргүй) гэсэн стандарт бүхий үндсэн 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд боловсруулаагүй нүүрс экспортолж байгаа бол. Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд уурхай бүр өөр өөр ангиллын нүүрс экспортолдог. Мөн адил зэс гэхэд Оюутолгойн зэсийн баяжмал алтны орцтой. “Эрдэнэт” үйлдвэр молибдений орцтой зэсийн баяжмал гаргадаг. Тэгвэл Лондоны металлын биржээр арилжаалдаг 6 нэр төрлийн металл бүгд химийн цэвэр элемент буюу А зэрэглэлийн нарийн стандарттай аж. Тэр дундаа 999 сорьцтой зэс арилжаалдаг. Үүнийг худалдан авагчид нь хүлээн зөвшөөрдөг.
Төмрийн хүдрийн тухайд манай экспортлогч зарим компаниуд гол төлөв баяжуулсан, өөр өөр чанар, ангиллын төмрийн хүдэр үйлдвэрлэж байна. Үүнээс үзвэл баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд Уул уурхайн биржийн ажиллагаанд ихээхэн чухал болж байна. Нөгөөтэйгүүр ямар чанарын бүтээгдэхүүн авахыг Монголын тал биш хэрэглэгч, худалдан авагч тодорхойлно. Түүнээс гадна нийлүүлэх хэмжээ болон тогтмол нийлүүлэх асуудал тавигдана гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандартыг итгэмжлэгдсэн лабораториуд тогтооно. Тиймээс лабораториудыг итгэмжлэх ажил өрнөх учиртай. Холбогдох төрийн байгууллагуудын зүгээс итгэмжлэх дүрэм, журмыг батлах ажил хийгдэж байгаа аж. Өмнө нь УИХ-ын чуулган дээр хуулийн төслийг танилцуулахдаа УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон “Манай улсад Лондоны металлын биржийн гэрчилгээтэй гурван лаборатори бий. Геологийн лабораторийг 73 улс хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Уул уурхайн бирж нь дэргэдээ шинээр лаборатори байгуулах шаардлагагүй” гэсэн тайлбар хийсэн. Одоо явж буй нүүрсний цахим арилжааны тухайд Гаалийн лаборатори нүүрсний чанарыг тодорхойлох юм байна. Дээр дурдсан ажлуудыг үлдэж байгаа хагас жилд цэгцэлнэ гэсэн ойлголттой байна. Зам тээвэр, боомт терминал, лаборатори гэх мэт дэд бүтцийг нэгтгэн зохион байгуулснаар Монголын Уул уурхайн бирж бүрэн утгаараа ажиллана. Тэгж эс чадваас биржийн арилжаа тасалдах эрсдэлтэйг сануулах юун.