Монголын нүүрсний салбарын халуурал

С.БОЛД-ЭРДЭНЭ
bold@mininginsight.mn

Монгол Улсын Нэгдсэн төсөв сүүлийн 20, магадгүй 30 жилд түүхэндээ хоёр удаа ашигтай гарсан. 2010 онд “бүсээ чангалж” байж 2008- 2009 оны эдийн засгийн хямралын дараа анх удаа ашигтай гарч байсан бол 2018 онд нүүрсний зах зээлийн хямралын дараа хоёр дахь орлого нь зарлагаа давж байв. Энэ жил гурав дахь удаагаа ашигтай гарах хүлээлт хэдийнэ тогтож, Засгийн газар, эрх баригчдын үрэлгэн занг хөдөлгөж байна. Анзаараад харвал төсөв ашигтай гарсан жилүүдэд хамгийн том өсөлт үзүүлсэн салбар нь уул уурхай, тэр дундаа нүүрс байх юм. Экспортын нүүрсний том орд ашиглалтад орсон, эсвэл зах зээлд үнэ өссөн шалтгаанаар нүүрс экспортын гол жинг дарж, татварын орлогыг огцом нэмэгдүүлдэг. Энэ зүй тогтол энэ жил ч давтагдахаар байна.
2022 онд нүүрсний экспортын орлого 6.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд цэгтээ хүрсэн. Ингэснээр нийт экспортын 52 хувийг дангаар бүрдүүлсэн бөгөөд Монголын экспортын түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Энэ оны эхний 5 сарын байдлаар уг үзүүлэлт улам нэмэгдэж, нийт экспортын 61 хувийг нүүрс бүрдүүлж байна. Экспортын орлого 3.1 тэрбум ам.доллар болсон нь 2022 оныг эс тооцвол бусад жилүүдийн нийт нүүрсний экспортоос өндөр дүн болж байна. Нүүрсний орлого 7 жилийн өмнөхтэй харьцуулахад 12 дахин өсөөд байна. Экспортын өсөлтийг дагаад нүүрснээс төвлөрөх татварын орлого нь урьд байгаагүй хэмжээгээр өсөж байна. 2022 онд уул уурхайн салбарын орлогын 47 хувийг нүүрс дангаараа бүрдүүлсэн нь өнгөрсөн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өнгөрсөн онд нүүрсний салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого анх удаа 2 их наяд төгрөгийг давлаа. Өмнөх онтойгоо харьцуулахад 2.7 дахин өссөн нь нүүрсний үнийн өсөлттэй шууд холбоотой юм. Нүүрснээс төвлөрөх татварын орлого 2022 онд болон энэ оны эхний 5 сард огцом нэмэгдсэн нь УИХ, Засгийн газар тэтгэвэр, цалин нэмэх боломжтой болж байна. Зөвхөн эхний улиралд гэхэд нүүрснээс төвлөрөх орлого өмнөх оны мөн үеэс 700 тэрбум төгрөгөөр даван биелж, 875.4 тэрбум төгрөг болжээ. Уг боломжийг УИХ чадмаг ашиглаж, энэ оны төсвийн орлого 1.7 их наяд төгрөгөөр даван биелэх хүлээлттэй байгаа учир 2023 оны Төсвийг тодотгож, цалин, тэтгэврийг нэмэх, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 1.6 их наяд төгрөгийг нэмж зарцуулахаар боллоо. Жинхэнэ утгаараа нүүрсний халуурал дээд цэгтээ хүрч байна гэхэд болно.
Монгол Улс зөвхөн коксжих төрлийн нүүрс экспортолдоггүй. Сүүлийн 5 жилийн мэдээллээс харахад нийт экспортын 13-14 хувь нь эрчим хүчний нүүрс байна. ОросУкраины дайнтай холбоотойгоор эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ өссөн нь эрчим хүчний нүүрс экспортын эрэлтэд нөлөөлж байна гэхэд болно. 2022 онд 4.3 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь нийт экспортын 16 орчим хувийг бүрдүүлжээ. Уг харьцаа энэ оны эхний 5 сарын экспортод ч хадгалагдаж байна. Гол онцлог нь сул коксжих нүүрсний экспорт буурч, эрчим хүчний нүүрсний экспорт өссөн байна. Үүнтэй холбоотойгоор Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт байрлах уурхайнуудаас эрчим хүчний нүүрс экспортлох хэмжээ нэмэгджээ. Тухайлбал Ханги, Бичигт боомтоор нэвтрэх нүүрсний хэмжээ өсөж, энэ оноос шинээр Хавирга боомтоор эрчим хүчний нүүрс экспортолж эхэлсэн байна. Нүүрсний халуурал ийн дээд цэгтээ хүрч байгаагийн үндсэн шалтгаан нь Хятад улсын хөрөнгө оруулагчид, худалдаачид болж байна гэхэд болно. Тус улсын гангийн үйлдвэрлэл, нүүрсний эрэлт, импорт огцом өссөн зүйл байхгүй. Гэхдээ л Хятадын компаниуд Монголоос нүүрс худалдаж авах, нүүрсний уурхайуудад хөрөнгө оруулах сонирхол урьд урьдынхаас өндөр байна. Өмнөх жилүүдэд Хятадын Баяннуур аймгийн гангийн үйлдвэрүүдийг зорьсон коксжих, сул коксжих нүүрсний эрэлт байсан бол Ковидоос хойш Хятадын зүүн хойд бүсийн цахилгаан станцууд, хэрэглэгчид эрчим хүчний нүүрс авах сонирхол нь нэмэгдэж байна. Замын-Үүд, Бичигт, Хавирга боомтоор гарах эрчим хүчний нүүрсний хэмжээ, Монголын төвийн болон зүүн аймгуудад байрлах эрчим хүчний нүүрсний уурхайнуудын идэвхжилээс үүнийг харж болно. АМГТГ-ын мэдээлснээр Ханги боомтын ойролцоо нийт 194 сая тонны нөөц бүхий ордууд байгаа бөгөөд жилд 13 сая тонн эрчим хүчний нүүрс экспортлох боломжтой аж. Мөн Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор жилд 38 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Тус аймагт Бичигт боомтоос 240 хүртэл км дотор 2 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц бүхий ордууд байрладаг. Боломжийг бодит байдал болгон хувиргаж, өнгөрсөн оноос эрчим хүчний нүүрс экспортолж эхэлсэн хоёр компани бий. “Сора Интернэшнл” компани Дорноговь аймагт байрлах Сорговийн нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ төмөр замаар тээвэрлэн Ханги боомтоор экспортолж байна. Тус уурхайн батлагдсан нөөц нь 10 сая тонн хэмээн АМГТГ мэдээлж байна. Үүнээс гадна “Меланж” компани өнгөрсөн 3 дугаар сараас Дорнод аймгийн Хавирга боомтоор хүрэн нүүрс экспортолж эхэлжээ. Тус компани Дорнод аймгийн нутагт Хашаат цав хүрэн нүүрсний ордыг эзэмшдэг юм. Тус ордын нөөц 94 сая тонн аж.

Нөгөө талдаа Засгийн газраас зарласан “Боомтын сэргэлт”-ийн бодлогоор БНХАУ-тай хиллэдэг хэд хэдэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, эхнээсээ бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа нь ч Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг татаж байгааг эрчим хүчний нүүрсний компаниудын төлөөлөл онцолж байгаа юм. Энэ цаг мөч нь Монголын эрчим хүчний нүүрсний орд эзэмшигч компаниудад үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, нүүрсээ экспортлох боломж олгож байна. Монгол Улс хүрэн нүүрс, эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй. Гэхдээ стратегийн ач холбогдолтой буюу төрийн өмчит компаниудын эзэмшдэг ордоос гадна ихээхэн нөөцтэй том орд цөөн юм. 

2022 онд дэлхийн нүүрсний зах зээлд томоохон өөрчлөлт орсон жил боллоо. Дэлхий нийтээр анх удаа 8.3 тэрбум тонн нүүрс олборлож, 8 тэрбум тонн нүүрс хэрэглэж, эрчим хүч, коксжих нүүрсний үнэ аль аль түүхэн дээд цэгтээ хүрсэн онцлох жил байлаа. Цаашид гэнэтийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол нүүрсний үйлдвэрлэл, хэрэглээ өсөхгүй хэмээн олон улсын хөгжлийн байгууллагууд, судалгааны байгууллагууд “уламжлалт” таамгаа дэвшүүлж байна. Монголд хүчин төгөлдөр байгаа нүүрсний 308 ашиглалтын тусгай зөвшөөрлийн ердөө 5 хувь нь өнөөдрийн экспортыг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал Монголд эрчим хүчний нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж олгож байна. Гол худалдан авагч Хятад улсын компаниуд ч Монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах өндөр сонирхолтой байгаа цаг үе. Гагцхүү нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, шинэ экспортыг бий болгоход АМНАТ зэрэг зарим хүчин зүйл ихээхэн хүндрэл учруулж байгааг компаниуд тэмдэглэж байна.

Майнинг Инсайт сэтгүүл №06 (019), Зургадугаар сар 2023