Хятадын гангийн ирэх жилийн эрэлт 2023 онтой ижил байх төлөвтэй гэж төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Rio Tinto групп үзэж байна. Тус улсын гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн худалдан авалт сүүлийн саруудад нэмэгдсэн. Гэсэн хэдий сүүлийн 20 жилийн Хятадын гангийн хэрэглээний хурдацтай өсөлт дуусаж магадгүй хэмээн Rio Tinto-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ярьжээ. Тэрээр "Хятадын гангийн эрэлт дээд цэгтээ хүрэх гэж байна гэж бид таамаглаж буй. Тус улсын эдийн засаг өсөхгүйдээ биш, харин үйлдвэрлэл бодит эрэлт хэрэгцээндээ хүрсэн учир" гэжээ.
Зөвхөн Rio гэлтгүй бусад түүхий эдийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн үзэж буйгаар Хятадын гангийн зах зээл олон жилийн тасралтгүй өсөлтийн дараагаар энэ арванд хумигдаж болзошгүй. Хятадын жилд 1 тэрбум тонн давсан гангийн үйлдвэрлэл 2024 он хүртэл үргэлжилнэ гэж BHP групп таамаглаж байна. Энэ оны эхний 8 сард Хятад улс нийт 910 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар нэмэгджээ.
Дэлхийн гангийн хамгийн том үйлдвэрлэгч улс 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг дээд хэмжээнд хүргэж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн 0 ялгаралтай улс болох зорилт дэвшүүлсэн билээ. Уг зорилтыг хангах үүднээс 2021 оноос түүхий гангийн үйлдвэрлэлийн хэмжээнд хяналт тавьж байна. 2022 онд Хятад улс 1.018 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхнээс 1.7 хувиар буурсан юм.