Хятадын Баян-Овоо ордод шинэ төрлийн ниоби илрүүлжээ

Э.МИШЭЭЛ

Дэлхийн газрын ховор элементийн хамгийн том орд Баян-Овоод шинэ төрлийн ниобийн хүдэр илрүүлсэн байна. Энэ талаар Олон улсын эрдэс судлалын нийгэмлэгийн Ангиллын зөвлөлөөс зөвшөөрлийн дугаар авсан гэж БНХАУ-ын албаны байгууллагаас мэдэгджээ. Энэхүү шинэ төрлийн хүдрийг ниобобаботите гэж нэрлэсэн бөгөөд ниоби, бари, титан, төмөр, хлороос бүрддэг. Ниобиг гангийн үйлдвэрт ганг бат бөх, хөнгөн болгоход, мөн дамжуулагчийн үүргээр орчин үеийн технологид ашигладаг юм.

АНУ-ын Геологийн алба USGS-ээс гаргасан судалгаагаар ниобийн дэлхийн нөөцийг 17 сая тонн гэж үздэг. Үүнээс Бразил 16 сая тонн, Канад 1.6 сая тонн, АНУ 210 мянган тонн нөөцтэй. Бразил ниобийн дэлхийн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг дангаараа хангадаг. Хятад гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч хэдий ч ниобийн хэрэгцээний 95 хувийг импортоор бүрдүүлдэг. Хятадын стратегийн чухал түүхий эд. Харин шинэ төрлийн хүдрийг илрүүлснээр Хятадын бие даах чадвар дээшилж болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнчлэн ниоби нь лити батарейгаас илүү боломжийг бий болгоно. Тухайлбал, ниоби графен батарей нь 10 минутын дотор цэнэглэгддэг учир илүү аюулгүй, 30 жил ажиллах чадвартай, илүү бат бөх чанартай. Харин лити батарейг 3-4 цагт цэнэглэдэг, ашиглалтын хугацаа 2-3 орчим жил байдаг. Хятад өнгөрсөн онд дэлхийн цахилгаан суудлын авто машины 22 хувь буюу 4.4 сая ширхгийг борлуулж байсан. Цаашид хүлэмжийн хийг бууруулах зорилтын хүрээнд цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэх юм.