Э.МИШЭЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 10-14-ны хооронд Бүгд Найрамдах Франц Улсад 5 хоногийн айлчлал хийж байна. Тус үйл явдал нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Улаанбаатарт айлчилснаас хойш 6 сар хүрэхгүй хугацаанд болж буйгаараа онцлогтой юм.
Тэгвэл өчигдөр Францын Геологи, уул уурхайн судалгааны албаар дамжуулан Монголд литийн хайгуул хийхэд 400 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Судлаачид Монголд литигээр баялаг сав газрыг тогтоосон хэмээн мэдэгдсэн байна. Литийн хайгуулд гэрээ байгуулснаар уран олборлоход нэг алхам ойртлоо хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
Түүнчлэн, Орано групп Бадрах Энержитэй ураны уурхайг хөгжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд таатай байх болно гэжээ. Дорноговь аймагт байрлалтай Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 2020 онд 93,291 тн хэмээн тогтоосон. Урьдчилсан байдлаар дэлхийн нийлүүлэлтийн 4 хувийг бүрдүүлж, 5.5 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолж байгаа юм.
Урантай холбоотой гэрээг байгуулснаар бусад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүд хаалга нээгдэнэ гэж гадаадын эх сурвалжууд мэдээлжээ.
БНФУ-ын Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгддэг. Иймээс бусад салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой айлчлал болж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм.