Э.МИШЭЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд ураны Зөөвч-Овоо төслийн ХоГ-ний урьдчилсан протоколыг үзэглэсэн. Тэгвэл уг төслийн ХоГ-тэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.10.16) мэдээлэл хийлээ.
Монголын тал уг төсөлд 34 хувиа эзэмшээд явбал 2.5-3.8 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно. 34 хувь эзэмшсэн тохиолдолд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой болно. Хэрэв АМНАТ, бүх төрлийн татвар авсан тохиолдолд тухайн төслөөс 3.5 тэрбум ам.долларын орлого олох тул АМНАТ тооцож авах нь ач холбогдолтой. Тиймээс 34 хувиас татгалзаж АМНАТ авахаар болсон. Мөн өсөн нэмэгдэх АМНАТ авах тухай талууд ярилцсан.
Ямар ч нөхцөлд ураны үнэ буурсан ч бай, өссөн ч бай 50+1 хувийн зарчим баримтална. Мөн Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрх эзэмшигч нь 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмших эрх ярилцсан. Ингэснээр Францын тал гуравдагч этгээдэд хувьцаагаа зарах тохиолдолд бид хориг тавих боломжтой болно.
Дараагийн тохиролцоо бол хувьцааны 10 хувьдаа ногдол ашгийг жил бүр урьдчилсан байдлаар авахаар санал тавьсан. Энэ нь жилд 13 сая ам.доллар.
Хөрөнгө оруулагч байгууллага татвараас зайлсхийхийг хянахын тулд BEPS-ийн журмыг мөрдлөг болгоно. Төсөл хэрэгжснээр Дорноговь аймагт жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт орно. Төсөл хэрэгжиж эхэлснээр 700 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, ажилтнуудын гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжиж ажиллахыг Францыг талд тавьсан.
Бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулсан, эсвэл Монгол Улсад бүртгэлтэй гадаад улсын банкны салбараар дамжуулан хийх талаар урьдчилсан тохиролцсон. Төслийн хугацаанд 69 мянган тонн уран олборлох бөгөөд үйл ажиллагаа жигдэрсэн үед жилд 2500 орчим тонн уран олборлоно. Уурхайг 2028-2060 онд ашиглана.
Зөөвч-Овоо ордын ойролцоох бусад талбайд нөөц тогтоосноор магадгүй 100 жил хэрэгжих төсөл болно.
Уг гэрээг ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод явуулна.
УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны 12 дугаар сарын 20-ноос өмнө хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Төслийн бүтээн байгуулалтыг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.