Чилийн төрийн өмчит, зэс үйлдвэрлэгч Codelco компани Австралийн литийн Lithium Power International компанийг 244 сая ам.доллароор худалдаж авах гэрээ байгуулжээ. Хэрэв ирэх оны нэгдүгээр сард Lithium Power International-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэхүү хэлцэл дэмжигдэх юм бол Codelco-ийн хувьд анхны литийн хөрөнгийн худалдан авалт болно.
Codelco-ийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко “Энэхүү худалдан авалт нь эрчим хүчний шилжилтийг хангах чухал металлын дэлхийн томоохон нийлүүлэгч болох стратегиа компани бодитой хэрэгжүүлж буй нэг жишээ. Төрийн өмчит уул уурхайн компани одоогийн санхүүгийн эх үүсвэрээсээ Lithium Power-ийг худалдаж авна” гэдгээ мэдэгджээ.
Чили улс литийн нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд олборлолтоор Австралийн дараа орж байна. Дөрөвдүгээр сард Чилийн Засгийн газар цагаан металлын төрийн хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө зарлаж, литийн ашиглалтад зөвхөн төр-хувийн хэвшлийн түншлэлээр оролцохыг зөвшөөрсөн. Ингэхдээ тус улсын литийн үйлдвэрлэлийг төрийн өмчит Codelco-оор удирдуулахаар шийдвэрлэсэн юм. Цаашдаа Чилид литийн орд ашиглах, төсөл хэрэгжүүлэх гэрээг зөвхөн төрийн хяналт дор төр, хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулна.
Тэгвэл лити олборлох туршлагагүй Codelco нь Чилийн литийн үйлдвэрлэлийг эхлүүлэхийн зэрэгцээ үндсэн зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх сорилтыг даван туулж чадах эсэхэд зах зээлийн зарим шинжээчид эргэлзэж байна. Учир нь энэ жил тус компанийн олборлолт 17 хувиар буурч сүүлийн 25 жилийн хамгийн бага түвшинд хүрчээ. Олборлолт 2025 он хүртэл буурах төлөвтэй. Энэ сарын эхээр Codelco-ийн зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж, хэтийн төлөвийг сөрөг гэж Moody's –аас тодорхойлжээ.