БНСВУ Монгол Улсаас 4.7 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүн импортолжээ

Э.МИШЭЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад айлчлал (2023.11.01-05) хийж байна. Уг айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтжээ. Мөн 2013 оноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой юм.

Өчигдөр (2023.11.02) У.Хүрэлсүх, Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээр хийсэн байна. Тус хэлэлцээрийн үеэр уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг талууд онцоллоо. Цаашид Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болжээ.
Өнгөрсөн жилээс Вьетнам Улс манай улсаас эрдэс баялгийн импортын хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн жил гянт болдын хүдэр, баяжмалын 24 гаруй тонныг импортолсон бөгөөд 305 мянган ам.долларт хүрсэн юм. Харин он гарснаас хойш 53 тонн, 469 мянган ам.долларын түүхий эд худалдан авчээ. Мөн энэ жилээс Вьетнам молибдений хүдэр, баяжмал худалдан авах болсон. Он гарснаас хойш 155 тонн, 4.27 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ. Улмаар 2023 онд 4.7 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүн тус улс импортолсныг Гаалийн Ерөнхий Газрын цахим хуудаст мэдээлжээ.
БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийллээ.