Хөрөнгө оруулалтын орчныг онилсон шинэчлэл

Э.ОДЖАРГАЛ
od@mininginsight.mn

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд өргөн цар хүрээтэй шинэчлэл өрнөж байна. Ирэх 30 жилд уул уурхайд түшиглэн хөрөнгө оруулалт татаж олон тулгуурт эдийн засагтай улс болох зорилт дэвшүүлсэн билээ. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын I үе шат буюу 2021-2030 онд “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн нөхцөл бүрдсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлсэн байна”, II үе шат 2031-2040 онд “Дэлхийн түвшинд нэр хүнд бүхий өрсөлдөх чадвартай Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын гол төв болсон байна” гэж тодорхойлсон.

Хөрөнгө оруулалт татах хамгийн потенциалтай салбар уул уурхайтай уялдуулан хууль эрх зүй, орон нутгийн харилцаа, дэд бүтэц, татварын бодлого гээд цогцоор нь сайжруулахаар тал бүрд ажиллаж байна. Сүүлийн жилд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдав. Экспортын нүүрсээ Монголын хөрөнгийн биржээр арилжаалж байна. Ач холбогдолтой төсөлд төр-хувийн хэвшил түншилдэг, үндэсний том жижиг компаниуд хамтардаг туршлага бий боллоо. Эрдэс, экспортын зориулалттай шинэ төмөр замуудын тээвэр эхэлсэн. Зогсонги байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор зарлалаа. АМГТГ-ын Төлөөлөгчийн газар аймгуудад байгуулагдаж байна. Боомтын асуудал хариуцсан сайд анх удаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд шинээр нэмэгдлээ. ЭЗХЯ, түүний харьяа Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын газрыг “дахин сэргээлээ”. Дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд нэн эрэлттэй эрдэс металлын төслүүд Монголд идэвхжив. Өнгөрсөн он жилүүдтэй харьцуулахад өргөн хүрээний хэлэлцүүлэг, үйл явдал өрнүүн энэ цаг үед Монголын уул уурхайн салбар “буцалж” байна. Өмнө нь өөрчлөлтийн талаар аль нэг сайд, цөөн улс төрч, эсвэл компани дуугардаг байсан бол өнөөдөр бодлого тодорхойлогчид, салбарынхан “хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх” гэсэн зарчмын байр суурьт нэгджээ.

Бизнесийн шинэлэг харилцаанууд ч бий болж байна. Нүүрсний үндэсний үйлдвэрлэгч анх удаа алтны төсөлд хөрөнгө оруулж стратегийн түншлэлийн шинэ жишиг тогтоолоо. 2010 оноос яригдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр баталснаар түүхий эдийн худалдааг ил тод, зах зээлийн зарчмаар явуулах эрх зүйн орчин Монголд анх удаа бүрдээд байна. Чингэхдээ төрийн өмчтэй компаниуд заавал биржээр бүтээгдэхүүнээ борлуулахаар хуульчилсан нь ашигт малтмалын арилжааг авлигаас ангид, улс төрийн нөлөөгүй, олон оролцогч нээлттэй өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх эхний чухал алхам юм. Мэдээж энэ зорилго, агуулгаар хөгжүүлэхийн тулд хийх ажил их. Тиймээс эрдэс бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаанд бэлтгэхээр экспортын нүүрсийг анх удаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалж эхэллээ. Манай улсад ч, Монголын хөрөнгийн биржийн хувьд мөн л цоо шинэ механизмыг туршиж буй нь энэ. Монголын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч төрийн компани цаашид бүтээгдэхүүнээ бирж дээр тогтсон зах зээлийн үнэ, хил нөхцөлтэй арилжаалдаг болж байна. Уул уурхайн бирж албажиж үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр зэс, төмрийн хүдэр, жонш зэрэг экспортын голлох эрдсийг арилжаалах төсөөлөлтэй байна.

Монголд хөрөнгө оруулалтыг хязгаарлагч гол саад тотгор, хамгийн том сул тал байсан дэд бүтцэд ахиц гарсан нь экспортын шинэ төмөр замуудын тээвэр эхэлсэн явдал. Цар тахлын улмаас улс орнууд хил гаалиа хааж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан сүүлийн 3 жилд монголчууд өөрсдийн хүн хүч, хөрөнгөөр дотоодын төмөр замын сүлжээг 1000 орчим км-ээр өргөжүүлж чадсан. Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсанаас хойш 13 жилийн дараа шинээр суурь бүтцийг ашиглалтад оруулж байгаа хэрэг. Улстөржүүлж 2008 оноос гацсан Тавантолгой-Гашуунсухайт, түүнчлэн Зүүнбаян-Тавантолгой, мөн ЗүүнбаянХанги чиглэлд төмөр замыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгууллаа. Одоо зөвхөн Тавантолгойн нүүрсийг гэхэд л төмөр замаар Гашуунсухайт, Ханги боомтоор нэгэн зэрэг Хятадын зах зээлд нийлүүлнэ гэсэн үг. Төр засгаас бодлогын дэмжлэг, компаниудын манлайлал болон хамтын санхүүжилтээр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод Чингэлэгт тээврийн терминалыг мөн барьсан. 2023 онд Чойбалсан-ХөөтБичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийг эхлүүлнэ гэдгийг Засгийн газар зарлалаа. Уул уурхайн зориулалттай, экспортын дэд бүтэцтэй болсон нь Монголын ашигт малтмалын потенциалыг илүү нээж, энергийн асар их хэрэглээтэй аж үйлдвэрлэлийн нүсэр зах зээлтэй хил залган орших давуу талыг улам бататгаж байна.

АЛТ, УРАН, ДАРАА НЬ ЛИТИ...

Монголын уул уурхайн салбарт шинэ төслүүдийн хөгжүүлэлт эрчимжиж байна. 10 тонноос дээш нөөцтэй алтны хэд хэдэн төсөл хайгуул, хөрөнгө оруулалтаа шийдээд байна. Өнгөрсөн нэг жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол олон жил дуншсан зэс, алт, ураны төслүүд олон улсын хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлэлтийн дараагийн шатандаа гарч ирлээ. Үүнээс гадна дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд нэн чухал эрдэс, металлын төслүүд идэвхжээд байгаа. Газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй, Хотгор ордуудад нөөц нэмэгдүүлэх хайгуулын ажил үргэлжилж байна. Ураны Зөөвч Овоо төсөл Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрт ойртож байгаа бол Гурвансайхан төсөлд гадаадын шинэ хөрөнгө оруулагч орж ирлээ. Зэс-алтны Хармагтайн төслийн анхны олборлолт 2027 оны сүүлчээр хүлээгдэж байна. Цагаансуваргын зэсийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт урагшилж буй. Хойд бүргэд, Хан Алтай, Зос уул, зэрэг алтны үндсэн ордуудыг ашиглалтад бэлтгэж байгаа бол хайгуулын шатны Цахиртолгойн алтны үндсэн ордод хөрөнгө оруулалт татна. Тэгвэл алтны шинэ дүүргийн “Баян хөндий” төслийн хөгжүүлэлт нүүрсний MMС групп хөрөнгө оруулж стратегийн түнш болсон. Монголын литийн пионер төсөл “Баавгай уул”-ын анхны өрөмдлөгийн үр дүнгээр өндөр агууламжийг тогтоолоо. Мөн никель, кобальтын хайгуулын төсөл ч манай улсын критикал минералын боломжийг тодотгон байна. Эд бол Их Британи, Австрали, Канад, Франц, Казахстан, Хятадын хөрөнгө оруулалтыг татсан төслүүд юм.

Одоо дэлхийн чиг хандлага, дотоодод бий болсон нөхцөл байдалтай уялдуулж тэргүүн чиглэлд критикал минералыг хөгжүүлэх шинэ концепци Ашигт малтмалын тухай хуульд орж ирэх гэж байна. Салбарын гол хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УУХҮЯ-наас боловсруулж дуусжээ. Нэн ач холбогдолтой металл, газрын ховор элементийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Монголын уул уурхай 12 тэрбум ам.долларын салбар болох ирээдүйтэйг Дэлхийн банк тооцоолсон. Монголын хайгуулын шатны эдгээр төслүүдийг геологийн тогтоц талаас нь авч үзвэл бүгд эрдсийн нэн сонирхолтой нэгэн судалд илэрсэн нээлтүүд юм. Тухайлбал Өмнөговийн порфирийн зэсийн бүсэд зэс-алтны Оюутолгой, зэс-молибдений Цагаансуварга, зэсалтны Оюут Улаан зэрэг томоохон ордууд зэрэгцэн буй. Энд газрын ховор элемент, лити, уран, алтны илрэл, хэтийн талбайнууд ч байршиж байгаа юм. Энэ нь Монголын ашигт малтмалын потенциал, дэлхийд геологийн ирээдүйтэй бүс нутаг гэдгийг илэрхийлдэг. Манай улсын судлагдаагүй, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай, дараагийн томоохон ордууд илрэх геологийн тогтоц, нөөц бололцоо өндөр гэдгийг нотлох нэг үзүүлэлт юм. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчдын эрэлхийлэх урт хугацааны, өндөр чанартай, хямд өртөгтэй, үр ашигтай “бүтээгдэхүүн”-ийг нээх магадлалтай гэсэн үг.

Монгол орны нийт газар нутаг 1:50000 масштабын зургаар 45 хувь бүрхэгдсэн гэхээр геологийн талаасаа бүрэн судлагдаагүйг илэрхийлнэ. Өнөөгийн байдлаар манай улс 61.4 сая тонн зэсийн нөөцөөр дэлхийд тавдугаар эрэмбэлэгдэж байна. Геологийн судалгааны үр дүнд тогтоосон 30 гаруй орд, 200 гаруй илрэл бий. Стратегийн орд бүхий Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуваргын нийт зэсийн нөөц 56.6 сая тонн. Туулай жилд Монголын зэсийн хамгийн том үйлдвэр Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлнэ. Төмрийн хүдрийн хувьд манай улс 1.8 тэрбум тонн нөөцтэй. Нийтдээ 250 орчим орд, илрэл тогтоожээ. Бэлтгэгдсэн төслүүдийн нөөц 705 сая тонн байна. Холимог металлын тухайд улсын хэмжээнд 4.7 сая тонн цайр, 1.7 сая тонн хар тугалга, 34.5 мянган тонн мөнгөний нөөцтэй. 1950-иад оноос хойш полиметаллын геологи хайгуул хийгдэж 20 орчим орд, 150 гаруй илрэл илрүүлжээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 77 сая тонн, хөгжүүлэлтийн шатны 14 төсөл 140.8 сая тонн, хайгуулын 14 төслийн 74.3 сая тонн нөөц байна.

Металлуудын нөөцөөр Улаан, Төмөртэй Овоо, Салхит орд тэргүүлдэг. Газрын ховор элементийн 3.1 сая тонн нөөц бүхий нийт 7 орд газарт тусгай зөвшөөрөл 10 компани эзэмшиж байна. Ураны 192.2 мянган тонн нөөц Монголд бүртгэгдсэн байдгаас Нэмэр, Дорнот, Гурванбулаг, Дулаан-Уул, Зөөвч Овоо, Далт зэрэг орууд томоохон нөөцтэйд тооцогддог. Хамгийн их нөөцтэй Зөөвч-Овоогийн хөгжүүлэлт туршилтын үйлдвэрлэлийн шатанд яваа бөгөөд Монгол Улсын ураны анхны үйлдвэр, экспортлогч болно. Алтны хувьд Оюутолгой ордын шар металлын нөөцийг тооцохгүйгээр 490.07 тонн нөөц манай улсад байна. Үүний 89.5 хувь нь үндсэн ордынх, үлдсэн нь шороон ордын нөөц бүрдүүлжээ. Монгол орны зөвхөн зүүн хэсгийн нутагт хийгдсэн геологийн суурь судалгааны дүнгээр 30 орчим мянган тонн алтны нөөцийн магадлалтайг тооцжээ. Монгол Улс хайгуулын салбарыг хөрөнгө оруулагчдад нээх бодлого барьж байна. Сүүлийн жил зогсонги байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, сонгон шалгаруулалтаар олгохоор 100 талбайг оны өмнөхөн АМГТГ-аас зарласан. Энэ жил 6 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэж байна.

УУХҮЯ-наас эрдэс баялгийн салбарыг “хайгуул-олборлолт-боловсруулалт, борлуулалт-хуваарилалт” зарчмаар хөгжүүлэх бодлого баримталж байна. Ингэхдээ хөрөнгө оруулалт татах, мега төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ гэдгээ бодлого тодорхойлогчид илэрхийлж байгаа. 2022 онд тохиосон Монгол Улсын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн хурлын нээлтэд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь Засгийн газрын бодлогын цөм. Үүний тулд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн ажиллах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Монголын уул уурхайн салбар шинэ зууны гарааны зурхайд шилжилтийн үеийг туулж байна. Хийж хэрэгжүүлэх олон ажил өмнө бий. Ийм эгзэгтэй мөчлөгт алдаа дутуугаа тал талдаа засаж залруулахаар чармайжбайна. Олон жил дуншсан асуудлууд эхнээсээ шийдлээ олж, ажил хэрэг болж байна. Өнөөдрийн ажил хэрэг шууд өөрчлөлт авчирч чадахгүй ч 2-3 жилийн дараагаас тодорхой үр дүн үзүүлнэ.

Майнинг Инсайт сэтгүүл, Хоёрдугаар сар, 2023 №2 (015)