Монгол улс критикал минералын амбицаа зарлав

Э.ОДЖАРГАЛ

Монгол Улс критикал минералын найдвартай нийлүүлэгч, идэвхтэй тоглогч улс байх боломжоо PDAC 2022 чуулганы үеэр зарлав. Дэлхийн ногоон хувьсгалаас үүдсэн шинэ үеийн уул уурхайн чиг хандлагатай хөл нийлүүлэх эрдсийн төрөл, геологийн боломжоо онцоллоо. PDAC 2022 нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлт”-ийн зорилтыг баталснаас хойш манай улсын оролцож буй хилийн чанад дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэл, хөгжлийн шинэ бодлогоо олон улсад сурталчлах чухал талбар боллоо.

Одоогийн 6 тэрбум ам.долларын экспортын орлоготой салбарыг 15-20 тэрбум ам.долларт хүргэж өндийлгөхийн тулд “Хайгуул-Олборлолт-БоловсруулалтБорлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын реформ хийхээр зэхэж байна.

Ногоон эдийн засаг, технологийн дэвшил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай ашигт малтмал, чухал металлыг хангах нийлүүлэх ямар улс орнууд байна вэ гэдэг асуудал PDAC 2022 чуулганаар хүчтэй яригдсан. Ирээдүйд зэс, никель, лити, кобальт, газрын ховор элементийн хэрэглээ тогтмол өсөх нь улам тодорхой болж байна. Манайх уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч улс. Олборлолт болон үйлдвэрлэлээ эрэлт хэрэгцээтэй уялдуулах, төрөл зүйлийг нэмэгдүүлэх шаардлагыг шинэ чиг хандлага тулгаж байна. “Байгаль орчинд ээлтэй, бүх талын оролцоотой, ESG стандартыг хангасан уул уурхайг хөгжүүлэх алхмуудаа манай улс хийж эхэлсэн. Критикал минералын чиглэлээр геологи хайгуулын ажлыг түлхүү явуулах, баталгаатай ханган нийлүүлэгч улс болох бодлого баримтална” гэдгээ УУХҮ-ийн сайд Г.Ёндон илэрхийлэв. Тэрээр Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээ тэлэхийн сацуу ногоон шилжилтийн түүхий эд, ховор металл, бусад критикал минералын хайгуулыг дэмжих, энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байгааг “PDAC Mongoliа”-ийн индрээс мэдэгдсэн юм.

Нэн чухал металлын илэрц, дараа дараагийн Оюутолгой орд илрэх магадлалтай геологийн асар их нөөц боломжтой улс болохоо харуулсан цогц мэдээллийг УУХҮЯ-ны илтгэл агуулжээ. Монгол орны нийт газар нутгийн 1:50 000 масштабаар геологийн мэдээлэл цуглуулах ажил 40 гаруй хувийн явцтай байна. Одоогоор зэсийн 57 сая тонн, ихэвчлэн металлургийн нүүрсний 33.2 тэрбум тонн, алтны 490 тонн, төмрийн хүдрийн 1.2 тэрбум тонн нөөц тогтоогдсон. Газар нутгийн 40 хүрэхгүй шахам хувийг геологийн судалгаагаар нээгээд байгаа бол ердөө 1 хувьд уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь хайгуулын цоо шинэхэн талбар болохыг Хятад, Орос, Австралитай харьцуулан УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга тайлбарласан юм.
Манай улсын хувьд алт, зэс, төмрөөс гадна лити, кобальт, никель зэрэг батарейны үйлдвэрлэлд шаардлагатай металлын өргөн боломж бийг дотоод гадаадын эрдэмтэн, судлаачид онцолдог. Төв Азийн нэн ач холбогдолтой эрдсийн бүс Монголын нутгаар дайрдаг ба энд газрын ховор элемент, критикал минерал, зэс алтны томоохон илэрцийн хэтийн төлөвтэй. Тэрхүү геологийн сонирхолтой судалд илэрсэн, манай улсын ашигт малтмал, геологийн өндөр чадамжийг бодитой харуулсан төслүүд “PDAC Mongoliа”-г өнгөллөө.

Сүүлийн 30 жилд бий болсон эрдэс баялгийн салбарын хайгуулаас эхлээд үйлдвэрлэл хүртэл бүх шатны хөгжлийн өнөөгийн өнгө төрхийг эдгээр төсөл харуулж байна. Тэдний дунд экспортыг тэлээд зогсохгүй дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц үйлдвэрлэл ч бий. Оюутолгой төсөл гэхэд дэлхий дахинд зэсийн томоохон нөөц хомсдон, нийлүүлэлт буурч байгаа энэ цагт ил болон далд уурхайн бүрэн үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа. “Дэлхийн уул уурхайнхан хүрэн металлд төвлөрч буй энэ үед Монгол Улс дэлхийн түвшний хоёр ч зэсийн уурхайтай болжээ. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийг хүртэл 40 гаруй жил амжилттай ажиллаж байна. Нөгөө нь дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг Оюутолгой бөгөөд орчин үеийн, аюулгүй, тогтвортой үйл ажиллагаатай уурхай гэдгээрээ олон улсад танигдаж байна. Зэсийн үйлдвэрлэл эхлүүлсний 10 жилийн ойгоо саяхан тэмдэглэлээ. Монголчууд бизнес хийхэд хэдийн бэлтгэгдсэнийг Оюутолгой төслөөс харж болно. Монголын зэс улс орныхоо хөгжил цэцэглэлтийг баталгаажуулаад зогсохгүй дэлхийн тогтвортой хөгжилд ч хувь нэмрээ оруулах болно” хэмээн “Оюутолгой” компанийг төлөөлөн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Eрөнхий менежер Э.Лхагва илтгэсэн. Тэрээр “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн илгээсэн видео мэндчилгээг мөн уламжилсан юм. Оюутолгойг барууны хөрөнгө оруулалттай төсөл гэдэг утгаар нь гадны хөрөнгө оруулагчид анхааралтай ажигладаг. “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын мэндчилгээнд Засгийн газар болон “Рио Тинто” группын хэлэлцээр амжилттай явагдаж харилцан ойлголцолд хүрснийг дурдсан нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран, үр ашигтай ажиллаж байгааг хөрөнгө оруулагчдад хүргэсэн эерэг мэдээлэл болсон юм. Эдүгээ дэлхийн зэсийн зах зээл дээр монголчууд том тоглогч болон гарч ирлээ. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор үйлдвэрлэл 3 дахин нэмэгдэж, улмаар Монголын зэсийн экспорт 4-5 тэрбум ам.долларт хүрнэ. Бэлэн төслүүдээ дэмжээд өгвөл манай улсын зэсийн үйлдвэрлэл өсөх бүрэн боломжтойг хурлын модератораар ажилласан УУХҮ-ийн сайдын зөвлөх Г.Дагва тодотгосон.
Гэрэл зураг: Монгол Улсын УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Канад Улсын Холбооны байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсоны хамт 

Зэсийн үйлдвэрлэлд жин дарах хоёр ч төслийг хайгуулын шатанд хөгжүүлж байгаа компани бол Xanadu Mines юм. Өнгөрсөн онд хайгуулын ажилд 36 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Ирэх 18 сард хайгуулд 41 сая ам.доллар зарцуулна. Дорноговь аймаг дахь “Улаан уул” төслийн эхний шатны хайгуулын ажил дууссан бол гол төвлөрч буй “Хармагтай” төслийн талбайд зэс-алтны нийт 1.1 тэрбум тонн хүдрийн таамаг нөөцийг тогтоогоод байгаа. Нөөц өсөх төлөвтэй тул нэмэлт өрөмдлөгийн ажил явуулна гэж тус компанийн ТУЗ-ийн дарга Колин Мурхэд ярилаа. Уг төслийг хөгжүүлэхээр Хятадын Zijin Mining компанитай стратегийн түншлэл тогтоосон бөгөөд “Бид компанийн 9.9%-ийг эхний ээлжинд зах зээлийн үнээс өндөр үнээр худалдлаа. Хоёр дахь шатанд хувь нийлүүлэгчдийн зөвшөөрлийн дагуу бид Zijin Mining-ийн эзэмших хувийг 19.9% хүртэл нэмэгдүүлж, мөн төсөлд 35 сая долларын хөрөнгө оруулах боломжийг олгоно” гэж өгүүлэв. Энэхүү хэлэлцээрээр “Хармагтай” нь 92 сая ам.долларын үнэ цэнтэй төсөл болж байна. Батлагдсан нөөцийн хэмжээ болон олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэх шийдвэрийг 2023 онд зарлана. Уурхайн бүтээн байгуулалтад 3 жил шаардлагатай бөгөөд 30 жил уурхайлна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тус төслийн байршдаг орон нутагт төмөр зам баригдаж байгаа нь үйлдвэрлэлийн дэд бүтцийг хангахад чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Оны хоёрдугаар хагаст урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дуусах юм байна. Төсөл нийт 630 сая ам.долларын хөрөнгө оруулалттай. S&P Market Intelligence-ийн мэдээллээр, жуниор компаниудын эзэмшилтэй зэс-алтны хамгийн том ашиглагдаагүй ордын нэг болох “Хармагтай” нь нөөцийн хэмжээгээр дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Xanadu Minesаас Монгол дахь захирал Л.Ганбаяр, дэд Ерөнхийлөгч Э.Стюарт нар арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Цагтаа Монголын эдийн засгийг нуруундаа үүрсэн, одоо ч чухал үүрэгтэй салбар бол алт.
Цар тахлын жилүүдэд ханш өссөнөөр 1 тэрбум ам.долларын салбар болсон. Салбарын орлогыг хоёр дахин өсгөх боломжийг “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Степпе Голд” компанийн хэрэгжүүлж буй төслүүдээр танилцууллаа. Сүүлийн 10 жилд Монголын баруун өмнөд нутагт гайхалтай нээлт хийсэн “Эрдэнэ Ресурс девелопмент” компанийн Ерөнхийлөгч П.Акерли “Ийм агуулга бүхий алтны ил ордыг олох нь өнөөдрийн дэлхийд бараг сонсогдоогүй зүйл. Энэ хэсэг Монголын өмнөд хэсгээр дайрсан Төв Азийн геологийн бүсэд хамаардаг. Дэлхий даяар алтны дундаж агууламж тонн тутамд 1.3 грамм байдаг бол үүнээс 3 дахин өндөр агуулгатай алтны нөөцийг бид илрүүлсэн. Сүүлийн 10 гаруй жилд хайгуулын ажилд нийт 6 сая ам.доллар зарцуулсан” гэж өгүүлсэн юм. Өдгөө компанийн 3 төсөл хайгуулын шатандаа явна. Гол төсөл ”Баян хөндий” нөөцийн тонн тутамд 3.7 грамм бүхий 400 гаруй мянган унц алтны үр ашигтай нөөц тогтоогдсон. Харин зэрэгцээ орших “Улаан” талбайн өрөмдлөгийн дүнгээр өнөөг хүртэл хамгийн өндөр буюу 8.1 гр/тонн алтны агуулгыг 3 метр гүнд тогтоожээ. Төслүүдийн алтны нийт нөөцийг 2 сая унц хүргэх зорилттой ажиллаж байна.
2020 оноос олборлолтоо эхэлсэн Steppe Gold компани нь Азийн алт, мөнгөний шинэ үйлдвэрлэгч юм. Дорнод аймаг дахь 1.39 сая унц алт, 20.48 сая унц мөнгөний нөөцтэй “Алтан Цагаан овоо” ордод олборлолт явуулж байна. Үйлдвэрлэлийн II шатны өргөтгөлд хөрөнгө оруулах 130 сая ам.доллароос 60 саяыг баталгаажуулжээ. Өргөтгөлийн ажил 2 жил үргэлжлэх төлөвлөгөөтэй. Шинээр “Мөнгө” төслийг хөгжүүлж байна. Баянхонгор аймгийн алтны дүүрэгт орших хамгийн том хайгуулын тусгай зөвшөөрлийг Steppe Gold эзэмшдэг. Энэ нь “Эрдэнэ Ресурс” компанийн “Баян хөндий”, “Алтан нар” төслүүдийн дунд орших талбай аж. Тус талбайд энэ зургаадугаар сараас өрөмдлөгийн ажил эхлүүлж байгааг Дэд Ерөнхийлөгч Aнеел Варайч мэдээллээ.

“PDAC Mongoliа” дээр Тавантолгой бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийг төлөөлсөн Монголын нүүрсний гол хоёр үйлдвэрлэгч илтгэл тавьсан. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн ногоон шилжилт нь одоогоор эрчим хүчний нүүрсэнд илүүтэй нөлөөлж байгаа бол металлургийн нүүрсний хувьд арай өөр дүр зурагтай байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын гангийн үйлдвэрлэл 24% өсжээ. Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох коксжих нүүрсний гол хэрэглэгч Хятадын зах зээлд нийлүүлэлтээрээ Монгол улс Канад, Орос, Австрали, АНУ-ыг тэргүүлж байна. Хятад бол асар том зах зээл. Бүс нутаг бүрийн хэрэглээ харилцан адилгүй. Энд өрсөлдөнө гэхээсээ зах зээлээ хуваадаг гэвэл илүү ононо. Үлэмж их зах зээлийн коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ ойрын жилүүдэд буурахгүй гэж “Энержи Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл харж байна.

Эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар дэд бүтцээс шууд хамаардаг. Монголын экспортын гол зах зээлтэй шууд холбогдох, дотоодын уул уурхайн дэд бүтцийг өргөжүүлэх хоёр ч төмөр замын бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлсэн. Томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр замууд эхнээсээ энэ онд ашиглалтад орох хүлээлттэй байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийж, Нүүрс, эрчим хүчний групп байгуулаад удаагүй байна. Тус группийн бүрэлдэхүүнд харьяалагдсан “Эрдэнэс Тавантолгой” компани нь уул уурхайн бүс нутагт цахилгаан станц, усан хангамж, дэд бүтэц, “Эрдэнэс” хот гэх мэт 2025 он хүртэл хэрэгжүүлэх том төслүүдээ танилцуулсан.
Сонирхуулахад, энэ жилийн PDAC 2022 чуулганы “хөшигний арын” халуун сэдэв нүүрс байсан юм. Түүхий эдийн зах зээл болоод ханган нийлүүлэлтийн өөрчлөлт, улс орнуудын эрчим хүний хямрал, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн нийт нүүрснээс татгалзах үйл явц тийм ч амаргүй болохыг хөрөнгө оруулагчид “шивнэлдэж” байна. Монголын критикал минералын үйлдвэрлэлийн салхийг хагалах литийн төслүүд ид хайгуулын шатандаа явна. Сүхбаатар аймагт “Баавгай уул” төслийн хамрах 81 мянган га талбайн 25 орчим хувьд литийн илэрцийг тогтоожээ. Монгол, Хятадын хилээс 23 км зайд оршиж байна. Хэрэгжүүлэгч ION Energy компани хоёр дахь төсөл болох “Ургах наран”-г өнгөрсөн онд эзэмшсэн. Дорноговь аймагт 29 мянган га талбайг хамарсан төсөл юм. Уг талбайн дээжид 918 мг/л литийн агууламжийг тогтоожээ. Энэ нь одоогоор Монголд тогтоогдсон литийн хамгийн өндөр агууламжид тооцогдож байна. Төслүүдийг хэрэгжүүлэгч ION Energy компанийн Гүйцэтгэх захирал Али Хажи “Өнгөрсөн оны эцсийн дүнгээр манай компанид 4 сая ам.доллар байгаа нь ойрын 2 жилийн хайгуулын хөтөлбөрт хангалттай” гэв. Гадаадын хөрөнгө оруулалтаар буюу ION Energy компаниар дамжин Монголын чухал металлын салбар ийнхүү идэвхжиж байна.

Түүхий эдийн зах зээл болоод ханган нийлүүлэлтийн өөрчлөлт, улс орнуудын эрчим хүний хямрал, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн нийт нүүрснээс татгалзах үйл явц тийм ч амаргүй болохыг хөрөнгө оруулагчид “шивнэлдэж” байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын яагаад Монголд хөрөнгө оруулах ёстой юм бэ? гэдэг асуултанд оновчтой хариулахыг салбарын яам хичээсэн. Дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятад улстай хиллэдэг, уул уурхайн дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжих гэж буй залуу эдийн засаг, залуусаас бүрдсэн идэвхтэй ажиллах хүчинтэй, ашигт малтмалын нөөц бүрэн судлагдаагүй зэргийг манай улсын давуу тал гэж тодорхойлдог. Тиймээс хайгуулын салбараа хувийн хөрөнгө оруулалтад нээж байна. УУХҮЯ-наас хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг шинэчилж улсын хэмжээнд 3 сая га талбайд тендер зарлахаар бэлтгэсэн. Тусгай зөвшөөрөл олгох тендерт цахим хэлбэрээр ил тод өрсөлдөнө. Лиценз авахад өмнө нь сар гаруйн хугацаа зарцуулдаг байсан бол цахимаар олгосноор ихдээ 10 хоног болж богиносно. Түүнчлэн геологийн мэдээллийг хүртээмжтэй болгохын тулд англи хэл дээр онлайнаар байршуулж байна. Мөн хөрөнгө оруулалтад ээлтэй, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчилж байгаа юм. УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай, Үндэсний баялгийн сангийн, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн гэсэн гол хуулиудыг шинэчлэн найруулах төслийг боловсруулаад байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр нэн чухал металл буюу критикал минералын зохицуулалтыг тусгах, уул уурхайн төрийн өмчийн холдинг компани хэлбэрээр “Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох зохицуулалтыг оруулж байна. Хуулиуд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүдийг илүү амжилттай хэрэгжүүлэх орчин бүрдэхийн сацуу олон нийтийн уул уурхайн ойлголт нэмэгдэх, дэмжих, баялгийн санд хуримтлал үүсгэх, улмаар иргэн бүр тэгш шударгаар баялгийн өгөөжийг хүртэх механизмтай болно. Монгол орон даяар төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь бизнес эрхлэлтийг илүү хялбар болгоно гэж төр засгаас үзэж байна. Харин хөрөнгө оруулагчдын нэн тэргүүнд харгалзан үздэг зүйл бол Засгийн газар тогтвортой байх. Энэ чиглэлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар Монголын парламент ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, “Уул уурхайг дэмжих” лобби бүлгийн дарга Г.Дамдинням дуулгасан.
Хөрөнгө оруулалтын бизнесийн орчныг аюулгүй, тогтвортой байлгахын төлөө ажиллана гэдгээ тэрээр мэдэгдсэн юм. Түүний хамтаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Канад улсад хүрэлцэн иржээ. Монголын уул уурхайн салбарын эрх тэгш байдал, тэр дундаа Оюутолгой төслийг бүх талуудад харилцан ашигтай, шударга хэрэгжүүлэхийн төлөө олон жил тэмцэж ирсэн хэмээн танилцуулсан юм. Канад нь Монголын гуравдагч хөрш. Манай уул уурхайн салбарын ГШХО-ын 26 хувь буюу 4 доллар тутмын 1 нь Канадаас оржээ. Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч орны нэг. Хоёр улсын хамтын ажиллагааны тод жишээ нь 2017 онд байгуулан мөрдөж буй FIPA гэгдэх Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хэлэлцээр юм. Канад улсын өнөөгийн хөгжилд 200 гаруй жилийн түүхтэй олборлох салбар нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь Канадын туршлагаас суралцах, хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломжийг олгож байна хэмээн Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд цохон тэмдэглэсэн.

“PDAC Mongoliа” арга хэмжээнд 100 гаруй зочин оролцсон юм. Цомхондоо бус олон улсын цараатай арга хэмжээнд жижиг, том гэлтгүй улс орнууд өөрсдийн давуу тал, шинэлэг, содон бүхнээ хөрөнгө оруулагчдад хүргэхийг чармайдаг. Монголын хувьд уул уурхайн өндөр хөгжлөөр тэргүүлэх орнуудтай эн зэрэгцэн критикал минералын нийлүүлэгч улс болох амбицаа PDAC 2022 дээр дуулгалаа. Тив тивийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын энэхүү чуулганд Монголын эрдэс баялгийн салбараа сурталчлахаар УИХ-ын гишүүд, яам агентлаг, бизнесийн байгууллага, мэргэжлийн ассоциаци, холбоод, компаниуд, хэвлэл мэдээллийнхэн гээд олон талт төлөөлөл бүхий бүрэлдэхүүн Торонто хотноо ажилласан юм. Канад улс дахь томилолтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон албаны хэд хэдэн уулзалт хийсэн. Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) Ерөнхийлөгч Алекс Кристофертой уулзаж, Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, PDAC чуулга уулзалтын 90 жилийн ой давхцаж буйг тохиолдуулан дурсгалын захидал солилцсон байна. Мөн Канадын Байгалийн баялгийн сайдын парламентын нарийн бичгийн дарга Ивон Жонстой хийсэн уулзалтаар сайд Г.Ёндон Канадын экспортыг хөгжүүлэх байгууллага болон CIBC банкны санхүүжилт оролцсон Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, далд уурхайн олборлолт 2023 оноос эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тэмдэглэжээ.

МУУҮА-ийн Зөвлөлийн дарга, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компанийн удирдлагуудын хамт Торонтогийн хөрөнгийн биржид зочлон Уул уурхай хариуцсан Захирал Дийн Макферсонтой уулзаж, тус бирж дээр шинээр гарах Монголын компаниудад сургалт, үйлчилгээ үзүүлэх талаар ярилцсан юм. Чили улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вилли Крачтай уулзахдаа хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, хамтран ажиллах боломжийн талаар хөнджээ. Монгол Улсын УУХҮЯ болон Чили улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан бөгөөд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй холбоотой дүрэм журам, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, ашигт малтмалын орд илрүүлэх судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын компани болон байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарын сайд онцолж байсан юм.

Монгол Улс ирэх 30 жилд эдийн засгаа солонгоруулж, ногоон хөгжлийг дэмжин аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэх орны нэг болж хөгжих бодлого дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэх тулгуур салбараар уул уурхайг тодорхойлоод байгаа. Одоогийн 6 тэрбум ам.долларын экспортын орлоготой салбарыг 15-20 тэрбум ам.долларт хүргэж өндийлгөхийн тулд “Хайгуул-Олборлолт-БоловсруулалтБорлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын реформ хийхээр зэхэж байна. 100 жилийг туулсан Монголын эрдэс баялгийн салбар дараагийн шатны шинэ эхлэлийн цэг дээр иржээ. Ийм онцгой цаг үед Монгол уул уурхайн салбартаа хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа PDAC 2022 дээр зарлав.