Конго дахь литийн аварга ордын эзэмшлийн өрсөлдөөн ширүүсэв

Э.ОД

БНАКонго дахь Manono төсөл нь дэлхийн хамгийн том литийн үйлдвэрлэл болох боломжтой гэж зах зээлийн судлаачид үздэг. Одоогоос 7 жилийн өмнө Австралийн AVZ Minerals компани тухайн орд газарт хайгуулын эрх авчээ. 
Гэрэл зураг: AVZ Minerals компанийн хайгуулын ажлын явц

AVZ Minerals компанид хувь эзэмшилтэй Хятадын Yibin Tiaany Lithium Industry-ийн зүгээс ТУЗ-ийн захирлуудыг огцруулах санал хураалт явуулахаа мэдэгдэхдээ "Бид одоогийн ТУЗ-ийн гүйцэтгэлд ихэд сэтгэл дундуур байна. Маш ирээдүйтэй Manono төсөл хөгжлийн үндсэн цагаа алдаад буй" гэжээ. Yibin Tiaany Lithium Industry нь цахилгаан машины батарейнд ашигладаг химийн бодис үйлдвэрлэгч юм. Хоёр дахь том хувьцаа эзэмшигч Zhejiang Huayou Cobalt компани Перт хотноо өнөөдөр (2023.11.23) товлогдсон ТУЗ-ийн хурлаар захирлуудыг огцруулах саналыг дэмжинэ гэдгээ мөн мэдэгджээ.

Австралийн AVZ Minerals компанийн 7 орчим хувийг Yibin Tianyi, түүний хамаарал бүхий компаниуд, 6 орчим хувийг Huayou Cobalt тус тус эзэмшдэг. 2020 онд Австралийн Засгийн газраас дотоодын критикал минералын салбарт Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг хориглосон 2 тохиолдол бий. Үүний нэг нь AVZ Minerals-д 14.1 сая австрали долларын хөрөнгө оруулах Yibin Tianyi Lithium Industry-ийн саналыг зөвшөөрөөгүй.

Зах зээлийн 1.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан AVZ Minerals компани 2022 оны тавдугаар сараас Manono төслийн хайгуулын зөвшөөрлөө уурхай байгуулах зөвшөөрөл рүү хөрвүүлэхээр хүлээж байжээ. Харин энэ оны эхээр БНАКонго улсын эрх баригчид болон хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн зөрчилдөөний улмаас тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан байна. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард Manono ордын хайгуулын талбайг хоёр хувааж, хойд хэсэгт Конго улсын төрийн өмчит Cominiere болон Хятадын Zijin Mining группт эрх олгожээ.

Энэ шийдвэрийг хууль бус гэж AVZ Minerals–ийн Гүйцэтгэх захирал Найжел Фергюсон үзжээ. Парис дахь Олон улсын арбитрын шүүхээс Австралийн компанийн гомдлыг хэлэлцэх хүртэл Manono ордын талбайд аливаа үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргажээ. 

Manono төслийн 75 хувийг AVZ Minerals болон La Congolaise d’Exploitation Minière, үлдсэн 25 хувийг Конго Улсын төрийн өмчит Cominiere тус тус эзэмшиж буй. 2021 оны долоодугаар сард хүдрийн нөөцийн шинэчилсэн JORC тооцоогоор, Manono нь лити, цези, тантал зэрэг ГХЭ-ээр баялаг пегматит бүхий дэлхийн хамгийн том ордуудын нэг бөгөөд нийт 16.32 сая тонн нөөцтэй, ил уурхайгаар олборлох боломжтой.

Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины эрэлт өсөх хандлагаар литийн шинэ эх үүсвэрийг бий болгох өрсөлдөөн ширүүссэн ч энэ жил нийлүүлэлтийн илүүдэлтэй холбоотойгоор үнэ буурсан байна.