bold@mininginsight.mn
Монгол Улс нүүрснээс урьд хожид байгаагүй их олз олж байна. Энэ оны эхний 10 сард гэхэд бараг 4 их наяд төгрөгийн татварын орлогыг зөвхөн нүүрснээс олсон нь өнгөрсөн бүтэн жилийн уул уурхайн салбарын төлсөн нийт татвартай дүйж очиж байна. Нүүрсний экспортын биет хэмжээ эхний 10 сард 54 сая тонн давж, уг эрчээрээ оны төсгөлд 60 сая тоннд хүрч магадгүй байна. Энэ нөхцөл байдал ирэх оны төсвийн орлого, зарлагыг өөд шидэх үндсэн хүчин зүйл болов. 60 сая тонн нүүрсний экспорт Сангийн сайд Б.Жавхлангийн нүдийг “сохлов уу” гэлтэй. “Сонгуулийн төсөв” гэгдсэн ирэх оны төсөвт дахин 60 сая тонн нүүрс экспортолж, уул уурхайгаас 8 их наяд төгрөгийн татвар хураана хэмээсээр Төсөв батлагдлаа. Жил жилийн төсөвт уул уурхайн орлогыг, тэр дундаа нүүрсний орлогыг хэзээд өөдрөгөөр төсөөлж, түүндээ таарсан зардал бодож олж дөнгөсөөр ирсэн уламжлал энэ жил ч давтагдав. Нүүрсний салбарын богино хугацааны огцом өсөлтөөс бий болж буй их хэмжээний мөнгөн орлогыг харин халамж, тэтгэвэр, цалинд тарааж өгөхөөр боллоо. “Иргэдийн орлогыг хамгаалах багц арга хэмжээ” хэмээн гоё нэрээр халхавчилж, олсон хэдэн цаасаа төрийн албан хаагч /217.7 мянга/, тэтгэвэр авагч иргэд /516.8 мянга/, нийгмийн халамж хүртэгч иргэд /146.9 мянга/ гээд 881 мянган хүнд тарааж өгнө. Ерөөс энэ улсын бүхий л төрлийн халамж, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг уул уурхайн салбар төлж байна. Харин нүүрсний орлогын огцом өсөлт дахиж давтагдах эсэх нь тодорхойгүй, богино хугацааных тул бодолтой хандах сануулгыг Б.Жавхлан сайд тоосонгүй.
Оюутолгой, Тавантолгойд найдна
Энэ жил хийгээд ирэх онд улсын төсвийн орлого төдийгүй эдийн засгийн өсөлтийн гол тулгуур нь уул уурхайн салбар. Тэр дундаа Тавантолгой тэргүүтэй нүүрс, Оюутолгойн гүний уурхайд найдаж байгаа гэдгээ Сангийн яам нуухгүй байна. 2023 оны эхний хагас жилд эдийн засаг 6.4 хувиар өссөн. Үүний 5.8 нэгж хувийг уул уурхай, тээврийн салбар бүрдүүлжээ. Үүнийг даган ачаа тээврийн машин, суудлын авто машин, жижиглэн худалдаа өссөн нь худалдааны салбарт том нөлөө үзүүлжээ. Тэгвэл ирэх онд эдийн засаг 7 хувиар өсөхөөр төсөөлсний 1/3- г нь уул уурхай бүрдүүлэхээр байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 60 сая тонн болно, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, агуулга өндөртэй хүдрийн олборлолт эхэлснээр экспортлох баяжмал, баяжмал дахь металлын агуулга нэмэгдэнэ. Дээрх хоёр хүчин зүйлээс хамаарч тээвэр логистик, худалдаа, үйлчилгээний салбар өснө хэмээн тооцоолжээ. Ямар ч байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл нь татварын маргаан, ХоГ-ний хэлэлцээр зэрэг асуудлаас болж зогсохгүй бололтой. Харин нүүрсний тухайд энэ оны огцом өсөлтийг ирэх оны төсөвт copy – paste хийжээ. Ердөө хэдхэн сарын өмнө ойрын хэдэн жилдээ нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэнэ гэж зорьж байсан юм. Ирэх онд уул уурхайн салбараас 8 их наяд төгрөгийн татварын орлого олох “мөрөөдөлтэй”. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин их орлого олно гэсэн үг. Үүний 7 их наядыг зөвхөн нүүрс, зэсээс төвлөрүүлнэ. Татварын төрлөөр нь ангилвал 56 хувийг нь зөвхөн АМНАТөөс олохоор байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар уул уурхайгаас 6.46 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрөөд байна. Энэ онд олно хэмээн төлөвлөсөн дүнгээсээ хэдийнэ 400 тэрбум төгрөгөөр давчихсан үр дүн. Гол нөлөө нь нөгөөх л нүүрс. Өнгөрсөн онд төлсөн татвараасаа 3 дахин их орлогыг нүүрснийхэн улсад тушаагаад байна. Нүүрснээс бусад түүхий эдийн хувьд тийм ч онцгой гойд жил байсангүй. Өнгөрсөн оны мөн үеэс бүгд нэмэгдсэн хэдий ч энэ жилийн төлөвлөгөөнд ихэнх нь хүрэхгүй байж магадгүй байна.
Австрали болгоомжилж, Монгол даврав
Энэ оны эхний 10 сард манай улсын нэг тонн нүүрсний экспортын дундаж үнэ 131.6 ам.доллар байна. Өнгөрсөн оны дундаж үнээс бараг 90 ам.доллараар буурсан дүн. Ийм байтал ирэх оны төсөвт 140 ам.доллар хэмээн төлөвлөжээ.
Графикаас сүүлийн 22 сарын нүүрсний экспортын биет хэмжээ, дундаж үнийг анхааралтай ажиглана уу. Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэхийн хэрээр экспортын үнэ буурч байна. Өнгөрсөн оны 5 дугаар сард 331.5 ам.доллар хүрч оргилдоо хүрч байсан бол түүнээс хойш тасралтгүй буурсаар энэ оны 10 дугаар сард 117 ам.доллар болоод байна. Энэ жил нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэхээр байгаа нь хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн, төмөр зам барьсан гээд Засгийн газрын хичээл зүтгэлийн үр дүн яах аргагүй мөн. Нөгөө талдаа Хятад улс хүссэн болохоор нүүрсний импортоо огцом нэмж байгаа гэдгийг орхигдуулж болохгүй. Урд хөрш энэ онд 450 сая тонн нүүрс импортлох хүлээлттэй байгаа нь түүхэн дээд хэмжээ нь болж байна. Эхний 10 сард 383 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 67 хувиар өсжээ. Өнгөрсөн онд 293 сая тонныг импортолж байв. Нүүрсний импортын өсөлтөд цахилгаан станцуудын эрэлт, өвлийн нөөцлөлт нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлсэн байна. Цахилгаан станцуудын нүүрсний нөөц 10 дугаар сард 200 сая тонн давж байгаа нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж.
Харин коксжих нүүрсний гол хэрэглэгч болсон гангийн үйлдвэрлэл эхний 10 сард 795 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс дөнгөж 1.7 хувиар өссөн байна. Тэгвэл нүүрсний хамгийн том экспортлогчдын нэг Австрали улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2022-2023 оны санхүүгийн жилд 298 сая ам.доллар болж дээд цэгтээ хүрсэн байна. Үүний 128 тэрбум ам.доллар нь нүүрсний экспорт хэмээн тус улсын Статистикийн хорооноос мэдээлэв. Харин энэ өндөр орлого дахин давтагдахгүй хэмээн тэд дүгнэж, нүүрсний экспортын орлогын бууралтыг нөхөх арга хэмжээ авч байна. Ирэх оноос нүүрсний үнэ буурч, таван жилийн дараа гэхэд коксжих нүүрсний экспортын биет хэмжээ бараг өөрчлөгдөхгүй ч үнийн бууралтаас шалтгаалан экспортын орлого 30 тэрбум ам.доллар болж 2 дахин, эрчим хүчний нүүрсний экспорт 19 тэрбум ам.доллар болж 3.1 дахин буурахаар байгааг Австралийн Аж үйлдвэр, шинжлэх ухаан, байгалийн нөөцийн газрын 5 дугаар сард гаргасан тайланд дурдсан байна. Гэхдээ нүүрсний орлогыг критикал минералын экспорт нөхнө хэмээжээ. Дэлхийн нүүрсний хамгийн том экспортлогчдын нэг Австрали улс ийн болгоомжилж байгаа бол харин Монгол Улс бүр даварсан гэхэд болохоор байна. Өнгөрсөн зургаадугаар сард нүүрсний орлого 1.3 их наяд төгрөгөөр давж биелэхээр байна хэмээн энэ оны төсвийг тодотгохдоо 1.5 их наяд төгрөгийг цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө олгоход нэмж зарцуулахаар болсон. Тэгвэл ирэх онд уул уурхайн орлого дахин 2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолоод талыг нь дахин цалин, тэтгэвэр, халамж нэмэхэд зарцуулахаар боллоо. Энэ нь байнга савлагаатай байдаг түүхий эдийн үнээс хамааралтай богино хугацааны орлогыг шууд иргэддээ тарааж өгч байгаа гэсэн үг юм.
Монголбанкны Ерөнхий эдийн засагч О.Ган-Очир өнгөрсөн дөрөвдүгээр сард “Түүхий эдийн зах зээл том мөчлөг дунд байдгийг мартаж болохгүй. Өнөөдрийн энэ сэргэлт үүлэн чөлөөний нар байж магадгүй. Тиймээс бид энэ орлогыг яаж тогтвортой байлгаж, дараагийн уналтын мөчлөгийг хохирол багатай давах механизм руугаа анхаарах нь чухал. Өнөөдөр том орлоготой байх, түүнийг дагаж төсвийн орлого өсөж байгаа учраас дахиад зарцуулалтаа нэмье гэдэг богино хугацааны уралдаан бодож болохгүй” хэмээн сануулан хэлж байв. Мөн арваннэгдүгээр сард Дэлхийн банк Монголын эдийн засгийн тайланг танилцуулсан. Уг тайлангаас нүүрсний өндөр орлого, төсөвтэй холбоотой онцлох хэсгийг хүргэе. “Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 2023 онд огцом нэмэгдсэн ч 2024 онд энэ эрчээр дахин нэмэгдүүлэхэд хүндрэлтэй. Нөгөө талаас мөчлөг дагасан төсвийн тэлэх бодлогыг 2024 онд үргэлжлүүлснээр зардал орлогыг давамгайлах тул одоогоор ашигтай байгаа төсвийн тэнцэл эргэн алдагдал руу шилжихээр байна. Түүхий эдийн мөчлөлийг дагасан энэ оны эдийн засгийн эрчимтэй сэргэлтийг ашиглан төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлэх, гадаад валютын нөөц бололцоог нэмэгдүүлэх, улмаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, бэхжүүлэх нэг боломж бүрдэж байна”.
Майнинг Инсайт сэтгүүл, №11 (024)