Б.Уянга: Эрдэс баялгийн салбарт бидэнд боломж их байна

УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянгатай Mining Insight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа. Тэрээр Дэд сайдын албаа аваад удаагүй байгаа ч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын бодлого зохицуулалтын түвшинд голлох байр сууринд ажиллаж ирсэн билээ.

2024 ОНДОО БАГТААД НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ 10 ХУВЬД ЦОГЦ СУДАЛГАА ХИЙЛГЭНЭ

Сүүлийн жилүүдэд УУХҮЯ-ны бодлогын түвшинд ажиллаж ирсний хувьд уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэрхэн харж байна вэ? 

Эрдэс баялгийн салбар тодорхой үе шат бүхий мөчлөгүүдийг агуулдгаараа онцлогтой. Газрын хэвлий дэх нөөцөө эрэн хайх, хайгуулын шатанд нь хувийн хэвшил эрсдэлээ үүрэн орж ирэх, талбай нээсэн бол маш цөөн нь ашиглалтад шилжүүлэх шалгууртай тулах, ашиглалтад шилжлээ гэхэд хөрөнгө оруулалтын асуудалтай тулгарах, түүнийгээ шийдсэн бол олборлоно, баяжуулна, чадвал боловсруулна. Тэгээд экспортолж, улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах гэсэн бүтэн циклээр явдаг. Миний хувьд УУХҮЯ-нд ажиллахдаа өнгөрсөн хугацаанд ажигласан зүйл гэвэл манай улс энэ том циклийг туулан хөгжихдөө олон аргыг бодлого болгон хэрэгжүүлж, бас өөрчилж үзжээ. Гэхдээ асуудалтай тулгарахаараа түүнийг давах гэхээсээ илүү зогсоогоод, өөр арга зам нэвтрүүлээд эхэлдэг. Зарим тохиолдолд манайд тохирох байсан арга дэлхийн эдийн засгийн циклтэй мөргөлдөхөөрөө буруугаар эргэх зэрэг асуудал тулгарч ирсэн санагддаг. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр жишээ авахад, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байж дараа дараагийн ордыг нээж илрүүлнэ. Тэгвэл хайгуулыг улсын төсвөөр биш хувийн хөрөнгө оруулалтаар хийдэг сонгодог концепц бий. Энэ нь шалгарсан арга. Монголд ч буух ёстой арга. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар (АМтХ) хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш нийтдээ 14 мянга орчим тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоотой харьцуулахад магадгүй 100 хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 нь л ашиглалтын зөвшөөрөл болсон байна. Монголдоо ирээд анзаарсан өөр нэг зүйл бол хайгуулыг ашиглалттай андуурч харах явдал. 

Уул уурхайн мөчлөгийнхөө зүй тогтлын дагуу хайгуулаас ашиглалтад шилжээд, эдийн засгийн эргэлтэд ороод явах байтал санаатайгаар үймүүлэх зүйл ч явдаг юм шиг. Цаашлаад магадгүй улстөржиж, манай салбарыг ямар нэг байдлаар хөзөр болгож ашиглах байдлаас болоод төслүүд явдаггүй. Үүнээс үүдэлтэйгээр болгоомжилж эмээсэндээ хөрөнгө оруулалт орж ирэхгүй явдал нийтлэг байх шиг санагдсан. Эсвэл АМтХ маш их савлагаатай, Төсвийн тухай хуулийг дагаад янз бүрийн өөрчлөлт орж, байнга нааш цааш хөдөлж байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй, найдваргүй санагдаад орж ирэхгүй байх зэрэг асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах ёстой. Яагаад гэхээр бид цөөн хүн амтай, том газар нутагтай, газарзүйн байрлалаараа уул уурхайн салбар хөгжихүйц нөөц бололцоотой. Харамсалтай нь хөрөнгө оруулагчдаа үргээчихээд байна. Гэтэл хил залгаа шахуу, геологийн потенциалаараа адил төстэй Казахстан улс хөрөнгө оруулалт маш сайн татаад, тэр хэрээр ордууд нээгдээд байдаг. Эдийн засгийн хувьд бусдын нөлөөн дор байсан зэргээрээ бидэнтэй нэлээд төстэй мөртлөө газрын хэвлийдээ юутай гэдгээ мэдээд авчихаж байна. Гэтэл бид хайгуулаа 2010-2014 онд зогсоочихсон. 100-гаас 1 ашиглалт болох үйл явцаа дөрвөн жил хаасан гэсэн үг. Хэрвээ тухайн үед ажил хийж байсан бол юу ч илрэх байсан юм. Түүнийгээ ашиглалтад оруулах уу, үгүй юу гэдгээ мэдээд авах байсан. Ийм хар толбо байх шиг. Бас хайгуул гэхээр л зөвхөн хатуу ашигт малтмал алт, зэсээ хайх биш, зэрэгцүүлээд газрын хэвлий дэх шингэн ашигт малтмал буюу газрын доорх усныхаа мэдээллийг ч цуглуул гээд үүрэгжүүлчихсэн бол давхар усны мэдээллээ цуглуулчих байтал түүнийгээ орхисон. Иймэрхүү зүйлс ажиглагдсан. Дотор нь ороод бодлогын түвшинд ажиллаад үзэхэд бид багаараа хөдлөх ёстой, зөв мэдээлэл өгөх ёстой, түүнийгээ их олон сувгаар хүргэх ёстой юм байна. Наад зах нь хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын зөвшөөрөл биш гэдгийг ойлгуулчих хэрэгтэй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг даган Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн найруулах асуудал 2019 оноос хойш яригдаж байна. Шинэчилсэн найруулгын хувь заяа юу болж байна вэ?

АМтХ-ийн шинэчилсэн найруулга дээр УУХҮЯ дээр бүрдсэн багаар ажилласан. Хуулийн төсөл боогдсон. Ажлын хэсгийн зүгээс өргөн барьчих юмсан, цааш нь явуулчих юмсан гэсэн найдлага, хүлээлттэй байна. Бид өөрсдийн санаачилгаар хуулийн төслийг үзэл баримтлал батлуулахаас өмнө нэг, батлуулсны дараа дахиад хэлэлцүүлсэн. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар үзэл баримтлалаа батлуулсны дараа хуулийг хэрэгжүүлэх хүмүүсээс зөв саналууд гарч ирэх магадлалтай. Тийм санал санаачилгыг шингээхийн тулд үзэл баримтлалаа батлуулахаас өмнө хэлэлцүүлье гэснээр хэлэлцүүлсэн. Хуульчдын холбоо зэргээс эсэргүүцэл гарсан. Заавал батлуулж байж хэлэлцүүлэх ёстой гэх үе шат хэр зөв юм мэдэхгүй. 

АМтХ-ийн шинэчилсэн найруулгын хувьд салбарт ч гэсэн хүлээлттэй байна. Уул уурхайн салбарт сайжруулалт хийх төрийн зохицуулалт дээр зарчмын ямар өөрчлөлт шинэчлэлүүд хийгдэхээр байгаа вэ? Ямар асуудлуудыг шийдэж салбараа урагшлуулахыг зорьсон бол?

Гол зарчим нь хариуцлагатай байлгах. Салбараа энгийн иргэддээ зөв ойлгуулаагүйд бидний буруу ч байгаа. Хариуцлагагүй аж ахуйн нэгжүүд ч байсан байж таарна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг бий. Ажиллаж байгаа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаагаа ойлгуулаагүй, хичээгээгүй, үүргээ биелүүлээгүй нь ч байсан байх. Ингэж харвал бид алдаагаа засах ёстой. Үе шат болгонд хариуцлагын механизмыг тавих ёстой гэсэн зарчим явж байгаа. Эргэн тойрныхоо улс орны хууль эрхзүйн орчныг харахад Хятадын Байгалийн баялгийн хууль 1988 оных. Өөрчлөлт орсон нь маш бага. ОХУ Газрын хэвлийн хууль, Үнэт металлын хууль гэсэн 2 хуультай. 2000 оноос өмнө батлагдаад хэдхэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байх жишээтэй. Казахстаны Газрын хэвлийн хуульд бүх ашигт малтмал нь, өөрөөр хэлбэл хатуу, шингэн, цацраг идэвхт гээд бүгд агуулагдсан байдаг. Энэ хуулиа 2017 онд Австралийн хуулийн жишгээр шинэчлэн найруулаад, түүнээс хойш маш амжилттайгаар хөрөнгө оруулалт татсанаар цэцэглэж байгаа салбар нь болоод байна. Тэгвэл манай АМтХ 1994 онд анх батлагдсан. 1997 онд шинэчилж найруулаад, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Тухайн үед хувь хүн, аж ахуйн нэгж аль алинд нь олгодог байсан бол 2006 онд шинэчилж найруулахдаа зөвхөн аж ахуйн нэгжид олгох болсон. Одоо энэ хуулиараа явж байгаа. Харьцуулахад манайхаас бусад нь маш тогтвортой байна. Евроазийг харж байгаа хөрөнгө оруулагч аль руу нь орох вэ гэвэл манайхыг сонгохооргүй харагдаж байгаа биз. Хөрөнгө оруулагчид эрсдэлээ бодоод хамгийн түрүүн эрхзүйн орчныг хардаг. 

Нөгөө талаар манай хууль эрхзүйн орчин ашигт малтмалынхаа төрөл тус бүрээр бараг салчихсан. 

АМтХ-ийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш шингэн ашигт малтмал буюу ус нь Усны тухай хуулиар тусдаа гарсан. Дараа нь түгээмэл тархацтай гээд нэг хэсгээ салгасан. 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоомогц, 2012 онд Түгээмэл тархацтай ашигт малтмал гээд тусгай хууль гаргачихсан. Дараа нь Цөмийн энергийн хуулиар цацраг идэвхт ашигт малтмалуудаа тусад нь гаргасан. Тэгж байтал Урт нэртэй хууль гэж гарангуутаа зарим талыг нь хориглоод явчихсан. Үүний зэрэгцээ бичил уурхайн асуудлыг зөвшөөрөөд, нөхөрлөлд бичил уурхайн зөвшөөрөл олгох цонх нээчихсэн. Эндээс хууль эрхзүйн орчин тогтворгүйгээс гадна ашигт малтмалаа нэгдсэн концепцгүй хайж, ашиглаж байгаа нь харагдана. 

Мөн АМтХ-д 2006 оноос хойш 300 гаруй өөрчлөлт орсон. 

Ямар нэг хууль батлагдахад дагаад л нэг асуудал орчихдог. АМтХ-ийн шинэчилсэн найруулга дээр ажилласан Ажлын хэсгийн гишүүд судлаад үзэхэд анхны үзэл баримтлал нь биш болчихсон, одоо байгаатайгаа огт нийцэхгүй болсон байсан. Салбарынхан энэ асуудлаа мэдэхгүй биш мэддэг.


2017 онд Хууль зүйн яамнаас уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчны зөрчил хийдэл, давхардлыг судлаад, асуудалтай, зохицуулагдаагүй харилцаа маш их байна гээд давхардал, зөрчил, хийдлийг нь гаргаад ирсэн. Энэ бүхний үндсэн дээр АМтХ-ийг шинэчлэн найруулах цаг нь болжээ гэж үзсэн. АМтХ-ийн шинэчилсэн найруулгаар Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусдаа хуулиар зохицуулахаа больё. Урт нэртэй хуулийг бас оруулъя, уг хуулийн концепцийн дагуу ямар газарт ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг АМтХиар зохицуулъя. Цөмийн энергийн хуулиас шар нунтаг боловсруулаад гаргах хүртэлх процессийг АМтХ-д оруулъя гэсэн концепц явж байгаа. Мөн хариуцлагыг сайжруулах хүрээнд уурхайн хаалтын асуудлыг өргөжүүлж оруулъя. Эхнээсээ хаалтын төлөвлөлт хийх, хаалтдаа зориулаад жил бүр тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах зохицуулалт оруулж байгаа. 2006 оноос хойш 18 жил АМтХ-ийн хүрээнд ажилласан болохоор энэ орчиндоо дассан байх. Гэхдээ энэ хариуцлагатай байдлаараа шинэчилсэн найруулга батлагдчихаасай гэж найдаж байна.

Ирээдүйн эрдэс гэгдэж буй критикал элементүүдийг хайх сонирхол нэмэгдэж, хайгуулын хөрөнгө оруулалт олон улсад эрс өсөж байгаа бол манайд эсрэгээрээ ихээхэн хумигдмал байна. Хайгуулын салбараа эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлд манай улс юу хийх ёстой вэ, төлөвлөсөн ямар ажлууд байгаа бол? Одоогийн байгаа нөхцөлдөө Салбарын яамнаас боломжит ямар зүйлсийг хийж байна вэ?

Критикал эрдсүүдийг нээж илрүүлэх хайгуулын ажлыг дэмжих, хөрөнгө оруулалт татахад геологийн сайн суурь дата шаардагдаж байгаа. Манай одоо ашиглаж байгаа том ордуудын ихэнх нь 1990-ээд онд нээгдсэн. Геологийн суурь судалгааны том хэмжээний нэгтгэлүүд зарим аргаараа бас л тухайн үед хийгдсэн. Шинэчлэх гэхээр улсын төсөв хязгаарлагдмал. Хэдийгээр үе үеийн салбарын сайд нар өөрийн багцдаа геологийн суурь судалгаа хийх мөнгийг суулгаж, тасралтгүй хийсээр ирсэн ч тухайн геологийн судалгаанаас ордыг илрүүлэхийн тулд дунд нь хийх ёстой хайгуулыг хумьчихаар энэ үйл явц тасалдчихаж байгаа юм. 2024 оны хувьд геологийн суурь судалгааг эрчимтэй хийхийг зорьж, өмнөх жилүүдээс харьцангуй их төсвийг Улсын төсөвт суулгасан. 

Энэ чиглэлд хийж байгаа нэг шинэлэг ажил гэвэл богино хугацаанд чулуулгийн физик шинж чанарыг агаараас хэмжих судалгааны ажлыг 2023 оноос эхлэн олон улсын хэмжээнд тендер зарлан хэрэгжүүлж байна. 

2024 ондоо багтаад энэ аргаар нутаг дэвсгэрийнхээ 10 хувьд цогц судалгаа хийлгэх юм. Монгол компанийг заавал олон улсын компанитай хамтарч тендерт орж ирэх шаардлага тавьж байгаа. Энэ нь зөвхөн ашигт малтмалын хэтийн төлөвөөр хязгаарлагдахгүй. Газрын том том гүний хагарлуудын мэдээлэл гарч ирэх ёстой. Тэр нь газар хөдлөлийн индикатор болоод явчихна. Энэ мэтээр амьдралын чанартай холбоотой асуудал зөндөө гарч ирнэ. Энэ ажлаа чанартай эхлүүлэхийг зорьж байна. Орчин үеийн шаардлага хангах ийм дата бэлдчихвэл хайгуулын салбарт хөрөнгө оруулах итгэл нэмэгдэнэ. Суурь судалгаагаа сайн хийгээд орж ирэх боломжийг нь нээчихвэл манайх хэтийн төлөв сайтай улсад тооцогддог. ОХУ-ын дараа, Казахстанаас өмнө. Судалгаагаа сайн хийгээд, хайгуулдаа хөрөнгө оруулалт татвал ордууд нээгдэх ёстой. Харин орд нээж чадвал бүгдийг ашиглах уу, үгүй юу гэдэг нь бидний асуудал. Эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй, төрөлжүүлэхэд мөнгө хэрэгтэй гээд ярьдаг. Тэр мөнгө эрдэс баялгийн салбараас орж ирэх боломж нь байгаа. Түүнийг зөв гольдролоор нь явуулах суурь датаг манай салбар бэлдэж өгөх ёстой.

Шинэ технологиор дижитал дата бэлтгэх ийм ажлын эхлэлийг өнгөрсөн жил Xcalibur компани хийсэн гэж ойлгосон?

2023 онд энэ төрлийн судалгааг тест байдлаар хийгээд, 2024 онд талбайн хэмжээг томсгож байгаа. Xcalibur компани бол нэг л жишээ байгууллага. Үүнээс гадна Канад болон бусад орноос судалгаа хийе гэсэн байгууллагууд цөөнгүй хандсан. Бидний хувьд монгол компаниудтай хамтарч ажиллах шаардлага тавьж байгаа нь дагаад мэргэжилтнүүдийн чадавх, харилцаа холбоо сайжраасай гэснийх юм.

Геологийн мэдээллээ шинэчиллээ гэхэд хууль эрхзүйн орчны хувьд хөрөнгө оруулалт татах ямар боломж бололцоо АМтХ-ийн шинэчилсэн найруулгаар нээгдэх вэ?

Хөрөнгө оруулалтын хуультай илүү холбогдох байх. Гэхдээ манай салбарын асуудал АМтХ-иар илүүтэй зохицуулагдана. Хууль батлагдаж амжихгүй, одоогийн хуулиараа явлаа гэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож байгаа. УУХҮЯ-наас хийж чадсан нэг зүйл бол хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны https://www. tender.gov.mn/ гээд 10 жил хөгжсөн платформ дээр үүнийг хэрэгжүүлж байна. Өөрсдөө шинээр үүсгэе гэсэнгүй, төрийн байгууллагууд хамтарч ажилласан. Өдөрт хэдэн мянган сонгон шалгаруулалт зарлагддаг, хяналт сайтай, хөндлөнгөөс халдаад нөлөөлөөд байх боломжгүй чанартай платформ юм билээ. 2022 он хүртэл цаасан хэлбэрээр цөөн тоогоор олгож байсантай харьцуулахад цахимжуулснаар хайгуулын сонгон шалгаруулалтаас улсын төсөвт орж ирж байгаа хөрөнгө мөнгө нэлээд хэдэн хувиар давж биелсэн эерэг үзүүлэлт гарсан. Төрийн байгууллагууд хамтраад ажиллаж чадвал энэ мэт сайн ажлууд их юм билээ.

ЛИТИЙН ОРДУУДЫН НӨӨЦ ИДЭВХТЭЙ БҮРТГЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Эрчим хүчний шилжилтийн улмаас дэлхийн улс орнууд эрдэс баялгийн салбар, үйлдвэрлэл, түүхий эдийн хэрэглээ, нийлүүлэлтийн сүлжээгээ шинээр харж, дахин төлөвлөж байна. Монгол Улс ч гэсэн ирээдүйн энэ хандлага, өөрчлөлтөд зохицон нийцэж ажиллахын тулд уул уурхайн бодлого, стратегиэ шинэчлэн боловсруулах шаардлагатай гэсэн байр суурь салбарын мэргэжилтнүүдэд хүчтэй байдаг. Салбарын яам энэ чиглэлд ямар бодлого, төлөвлөлттэй байгаа вэ?

Критикал эрдсүүдийг монгол руу хөрвүүлэхээр чухал гэж бууж байгаа. Олон улсад ямар эрдсүүд чухал байгааг гол төлөв хэрэглэгч орнууд тодорхойлдог. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч орнууд. Үйлдвэрлэлд нь хэрэгтэй түүхий эдийн эх үүсвэр тухайн орондоо байхгүй бол эдгээрийг найдвартай эх үүсвэрээс авдаг байх ёстой гэдгээрээ критикал түүхий эдийн жагсаалтдаа оруулаад, бодлогоор дэмжээд явдаг. Тухайлбал, БНСУ-ын хувьд батарей үйлдвэрлэлд ордог түүхий эдүүдийн нөөц байхгүй бол тэдгээрийг критикал эрдсээр тодорхойлох жишээний. Манай улс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, олборлогч улс тул эдийн засагт эдгээр нь чухал гээд тодорхойлоход төвөгтэй. Гэхдээ үйлдвэрлэгч орнуудад ямар эрдсүүд чухал байна, тэр нь ирээдүйн эрэлтийг бий болгоно гэдгээр бусад орны баталсан эрдсүүдийг харах ёстой. Энэ чиглэлд бид олон улсын гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа, үр дүнтэй ч байна. Манай улс геополитикийн хувьд өвөрмөц байрлалд байдаг учраас улс орнууд хамтарсан байдлаар орж ирдэг юм билээ. БНСУ, АНУ, Польш улстай хамтын ажиллагаа эхлүүлсэн нь түүний нэг жишээ. Өнгөрсөн зун АНУ-тай хамтын ажиллагааны санамж зурсан. Түүнээс өмнө Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр Солонгосын талтай хамтын ажиллагааны санамж зурсан байсан. Цаашдаа гурвалсан уулзалт тогтмол хийгээд явна. Уулзалт болгоноор хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа хувийн хэвшлийн төслүүдээ гаргаж танилцуулна. АНУ-тай зурсан хамтын ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Монгол”-той хамтарсан судалгааны ажлын эхлэл тавигдсан. Польшийн судлаачидтай хамтарсан хээрийн ажлууд 2022-2023 онд хийгдсэн. Үр дүнгүүд нь удахгүй гарна. БНСУ-ын Шинжлэх ухаан эрдэс баялгийн хүрээлэн (КИГАМ)- тэй хамтарч, улсын төсвөөр хийгдсэн судалгаагаар ховор металл байж магадгүй гэсэн талбайнуудад нэмэлт судалгаанууд хийсэн. Төслийн тайлан удахгүй тавигдана. Эерэг мессэжүүд гарах байх гэж найдаж байна. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн бодолцох ёстой. 

Ашигт малтмал эрэлттэй, хэрэгтэй үедээ л ашигтай малтмал. Эрэлт нь байхгүй болчихвол ашигт малмал биш болно. Тиймээс эрэлт нь байгаа зүйлийг олж илрүүлэх л хэрэгтэй. 

БНСУ-д коксын үйлдвэрт ашигладаг металлургийн нүүрсийг орлох материалын судалгаа маш амжилттай явж байна. Өндөр температур гаргаж чадахуйц материал бий болоод, үйлдвэрлэлд хурдацтай нэвтэрчихлээ гэхэд ирээдүйд металлургийн нүүрс маань коксын үйлдвэрт хэрэглэгдэх байдлаараа ашиглагдахаа байчихвал яах вэ? Тэгвэл тэр ашигт малтмал мөн үү гэдгийг бодох ёстой. Лити, никель, кобальт, бал чулуу гэсэн 4 элементийг батарейн түүхий эд гэдгээр маш их ярьдаг. Гэтэл литийг орлох материалын судалгаанууд олон улсад маш эрчтэй явж байна. Биднийг литийн орд хайж олоод гаргах гэсээр байтал орлох нэг зүйл гараад ирвэл ашигт малтмал биш болчихно. Ашигтай байна гээд хөрөнгө оруулалт татаад орд нээтэл, тэр нь ч болохгүй гээд явуулдаггүй, тэгээд дараа нь өнөө ашигт малтмал нь хэрэггүй болчихвол маш харамсалтай. Мөн ашиглахаа больсон батарейнаас элементийг нь ялгаж авах технологиуд их хөгжиж байна. Манай эрдэмтэн судлаачид нэгдэж ажиллаад ашиглахгүй болсон батарейнаас литийг нь ялгаад авдаг болохыг үгүйсгэх аргагүй. Манай улсад батарейтай машинаас их юм алга байна шүү дээ.

Газрын ховор металлын судалгааны төв байгуулах ажил хэр ахицтай байгаа вэ? Энэ судалгааны төв байгуулагдахын ач тус, үр нөлөө нь юу вэ?

нөлөө нь юу вэ? Газрын ховор металлын судалгааны төвийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Солонгосын хөрөнгө оруулагч байгууллага манай Геологийн төв лаборатори гэж хуучнаар нэрлэдэг байсан Геологийн судалгаа шинжилгээний төв лабораторитой хамтарч ажиллаж байгаа. Анх байшин барьж, лабораторийн тоног төхөөрөмж суурилуулах шийдэлтэй байсан. Бидний зүгээс улсынхаа лабораторийн суурийг бэхжүүлж авах, мэргэжилтнүүдээ чадавхжуулахын тулд Геологийн төв лабораторитой хамтарч ажиллахыг санал болгосон. Тэд танилцаад, саналыг зөвшөөрснөөр шаардлагатай гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Энэ оны эхний улиралд лабораторийн тоног төхөөрөмжүүд орж ирнэ. Эхний 2 жилдээ тоног төхөөрөмжүүдээ суурилуулж зүгшрүүлэх ажлууд хийгдэнэ. Газрын ховор металлын ордууд дээр ТЭЗҮ боловсруулах, нэмэлт хайгуулын ажил хийх зэрэгт лабораторийн дээжээ дандаа гадагшаа явуулдаг. Лабораторийн эдгээр ажлыг Монголдоо хийх боломж бүрдэнэ. Мөн хүдрийн баяжигдах шинж чанарын судалгаа хийх баяжуулахын том лаборатори барина. Цаашлаад хөндлөнгийн хяналтаа улсынхаа лабораториар хийдэг болох концепц явж байгаа. 5 жилийн хугацаанд Солонгосын лабораторийн мэргэжилтнүүд жигдрүүлж өгөөд цаашаа манайхан аваад явна. Тиймээс манай мэргэжилтнүүдийн чадавх сайжрах байх. Бас судалгааны төвийг дагаад Солонгосын хөрөнгө оруулагчид орж ирж хайгуул, судалгааны ажлууд хийх төлөвтэй харагдсан. Лабораторийн үр дүнд итгэх, найдвартай байдал төрүүлэх тул хөрөнгө оруулагчид нэмэгдэх байх гэж харж байна.

Манайд сүүлийн жилүүдэд шинээр ямар ашигт малтмалын ордууд нээгдэж байгаа болон нээгдэх төлөвтэй байна вэ?

ЭБМЗ дээр нөөц бодуулахаар орж ирж байгаа хайгуулын төслүүдийг харахад сүүлийн үед полиметаллын төслүүд нэлээд орж ирж байна. Алт мөнгө, хар тугалга, полиметаллын төслүүд байгаа нь сонирхолтой санагдсан. Хайгуул хийгдэж байгаа төслүүдийг харахад удахгүй литийн ордуудын нөөц идэвхтэй бүртгэгдэх төлөвтэй байна. Ордыг дагаад орд байдаг гэсэн концепцээр харвал, тухайн орд хаана илэрснээр түүнийг дагасан хайгуул идэвхждэг. Батарейн түүхий эдийн төслүүд мэр сэр орж ирж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төслүүд мөн нэлээд орж ирж байна. Төслийн хэмжээнд яривал бидний хүлээлтэд байгаа том төсөл бол “Эрдэнэ Монгол”-ын Баянхонгор дахь төсөл. Өмнө нээгдээгүй хүдрийн дүүрэг дээр цоо шинээр нээгдсэн. Хоосон байсан хүдрийн дүүрэг дээр ийм том хэмжээтэй орд нээгдсэн тул эргэн тойронд нь дахиад орд нээх ажлууд хийгдээд явах болов уу. Мөн литийн орд цоо шинээр нээгдэж байна. Сонирхолтой үр дүнгүүд гарах байх гэж найдаж байгаа.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт маш цөөн төсөл ашиглалтад орсон. Олон жил яригдсан, ашиглалтад бэлэн томоохон төслүүд эдийн засгийн эргэлтэд орохгүй гацсан хэвээр байгааг хэрхэн харж байна вэ?

Одоо хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынхаасаа бага байгаа. Ашиглалтад орохгүй байгаа томоохон ордуудын ихэнх нь хөрөнгө оруулалт болон дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчнээс шалтгаалж байна. Бидний хувьд зохицуулах үүргээ сайжруулах ёстой. Гэхдээ үүний хажуугаар 2022 оноос хувийн хэвшлийн төслүүдээ олон улсад танилцуулах, хөрөнгө оруулалт татах чиглэлд багагүй анхаарч байна. PDAC болон IMARC хуралд Монгол Улс өөрийн талбайтай оролцож, хууль эрхзүйн орчин, геологийн суурь судалгааны мэдээлэл, бэлэн төслүүдээ танилцуулж эхэлсэн. АМГТГ-аас өмнө нь талбай гаргаж байсан удаатай ч нэлээд олон жил зогсчихсон байсан. Энэ онд PDAC-т хоёр дахь жилдээ Монголын талбайг засна. Хөрөнгө оруулалт байхгүй шалтгаанаар уулын ажил болон хайгуулын ажлын X тайлан өгдөг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбогдон, хөрөнгө оруулагчдад танилцуулгыг нь хийхээр ажиллаж байна. Мэдээж хэрэг өнөөдөр танилцууллаа гээд маргааш бүх зүй л шууд сайжрахгүй нь ойлгомжтой. Цаг хугацаа хэрэгтэй. Тэглээ гээд зүгээр сууж болохгүй.

Монгол Улсад уул уурхайн салбар онцгой үүрэгтэй байсаар ирсэн ч манай улсын ард иргэдийн дунд салбарын нийгэм, эдийн засаг дахь нөлөөг янз бүрээр хардаг. Ялангуяа шинээр уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх нь ихээхэн маргаантай байна?

Орон нутгийн иргэдэд ядаж ашиглалт хайгуул хоёрын ялгааг ойлгуулчих юмсан. Энэ чиглэлд нэг төсөл хэрэгжүүлж туршсан. Австралийн AMEP төсөлтэй хамтран тусгай зөвшөөрөл ихтэй 3 сумыг сонгон, геологи хайгуулын талаар танин мэдэхүйн сургалтын төсөл хэрэгжүүлсэн. Ямар ч хүн хүүхдийнхээ үгийг их анхаарч сонсдог тул салбарыг ойлгуулахад нөлөөлөл нь томчуудаас илүү байх болов уу гэж үзээд ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд шат дараалсан сургалтууд орсон. Төслийн дараа ахлах ангийн сурагчид бараг бүгдээрээ геологч, уул уурхайн салбарын инженерүүд болно гэсэн нь энэ төслийн нэг эерэг мессеж болов уу. Иймэрхүү төслүүдийг нэлээд хийх хэрэгтэй санагдсан. Мэдээллээ зөв өгөхгүй, магадгүй хаалттай байдаг нь үл ойлголцол үүсэх эхлэл байсан байх магадлалтай.

Уул уурхайн төслүүдийг амжилттай үргэлжлүүлэх, эрсдэл багатай байлгахын тулд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал Таны бодлоор юу байна вэ?

Уул уурхайн салбар тасралтгүй ажиллаж байж экспорт зогсолтгүй явна. Түүнийгээ дагаад эдийн засагт хөрөнгө мөнгө нь тасралтгүй орж ирнэ. Тэгвэл уул уурхайн салбарыг зогсолтгүй явуулахад олон хөшүүрэг хэрэгтэй байдаг. Түлшний хэрэглээ өндөр. Баяжуулах үйлдвэрүүдэд төрөл бүрийн химийн бодис хэрэглэгдэнэ. Олборлолт явуулахын тулд тэсэлгээнүүд хийгдэх ёстой. Гэтэл эдгээрийг бүгдийг нь гаднаас худалдаж авдаг. Өнгөрсөн 12 дугаар сард түлшний хомсдолоос үүдэлтэйгээр уул уурхайн салбарын үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой хүрээнд зогсооход хүрсэн. Ковидын үед гэхэд химийн бодисууд тасалдсанаас төлөвлөгөөт ажлууд зогсож байсан. Тиймээс УУХҮЯ-ны түвшинд түлш, химийн бодисууд, тэсрэх бодисын хэт хамаарлыг хэрхэх вэ гэдгээ ярилцаж, гарц шийдэл хайж байна. Төрд олон жил ажилласан манай салбарынхан нэг зүйл анзаарч байгаа юм билээ. Тэр нь урьд өмнө байгаагүйгээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан явдал. Шатахуун дээр гэхэд манай яам Зам тээврийн хөгжлийн яамтай маш уялдаатай ажиллаж логистикээ шийдээд явж байна. Өмнө нь төлөвлөлт тусдаа, нийлж явдаггүй тал байсан шиг байгаа юм. Төрийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийнхэнтэйгээ ч маш сайн хамтарч ажиллаж байна. Гол нь энэ бүхэн цаашид хадгалагдаасай.

ШАРЦАВЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ

Таны хувьд 2022 оны Mining Week-ийн үеийн TEDx дээр гео аялал жуулчлалын үндэс болсон геопаркийг Монголд хөгжүүлэх санаа дэвшүүлж байв. Манай улсад геопарк байгуулах боломж нөхцөл хэр өргөн бэ? Геопаркийг хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийж байгаа бол?

УУХҮЯ дээр ирээд хийхийг зорьсон нэг ажил маань энэ. Геопаркийн концепц бол байгалийн сайханд аялангаа мэдлэг олох, соёлтойгоо нэгтгэх манай салбарын өвөрмөц нэг өнцөг юм. Уул уурхайн салбарт байгаа өөр нэг потенциал нь. 2018 оны үед манай палантелогийнхон энэ талаар нэлээд эрчимтэй ярьж, Монголд байгаа гоё олдворуудыг танилцуулах чиглэлээр явсан юм билээ. Монголд геопарк хөгжүүлэх бүрэн боломжтой. Хөгжүүлээд зогсохгүй, түүнийхээ үр ашгийг хүртэж болохыг Хятадын статистикаас харж болно. Хятадад сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн нь геопарктай холбоотой гэж үздэг. Геопаркууд нь олноороо ЮНЕСКО-д бүртгэгдээд, аялал жуулчлалын маршрут тэлснээс хойш аялал жуулчлалтай холбоотой эдийн засгийн өсөлт нь жил бүр 5-7 хувиар нэмэгдэж байгаа үзүүлэлт байна. Манай улсын хувьд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласнаар өнгөрсөн жил маш олон жуулчин ирлээ. Өвөрмөц гоё газруудаа санал болгоод, мэдээллийг нь олон сувгаар түгээгээд, дэлхийн жишигт хүргэж хөгжүүлж чадах юм бол гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлал ч илүү нэмэгдэх байх. Бас аялахын зэрэгцээ мэдлэгээ нэмэгдүүлье гэсэн боловсролтой жуулчид нэлээд ирэх болов уу. Геопарк байгуулахын тулд геологийн онцлог талбайнуудыг сонгож, ЮНЕСКО-д бүртгүүлэх ёстой. Үндэсний хороо байгуулж, түүгээрээ дамжуулан ЮНЕСКО-той харьцах шаардлагатай. УУХҮЯ, БОАЖЯ, ГХЯ, ЭЗХЯ болон төрийн холбогдох бүх байгууллагаас төлөөлөлтэй Үндэсний хороог өнгөрсөн жил байгуулж, мэдээллээ ЮНЕСКО-д явуулсан. Энэ бол маш том суурь ажил. УУХҮЯны Геологийн бодлогын газрын зүгээс ЮНЕСКО-д бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж байгаа.

Геопарк болгох боломжит газруудын судалгааг УУХҮЯ-наас хийнэ гэж хэлж байсныг тань санаж байна. Ийм судалгаа хийгдсэн үү? Хийгдсэн бол ямар үр дүн гарсныг бидэнтэй хуваалцаж болох уу?

Монгол оронд сонирхолтой олон сайхан байгалийн тогтоц бий. Тэдгээрээс эхний ээлжинд ЮНЕСКО-д бүртгүүлэх боломжтой газрыг Өмнөговь аймгийн Ханбогд сум гэж харж байгаа. Ханбогд суманд Оюутолгойн ордоос гадна Шарцав хэмээх үлэг гүрвэлийн олдвор, ул мөр ихтэй газар бий. Энэ газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр 2018 оноос хойш яригдаж байгаа. Үндэсний хорооныхон өнгөрсөн онд газар дээр нь очиж, ямар боломжуудыг онцлохоо тодорхойлсон. Оюутолгой ордын хажууд, зүүхэн талд нь Ханбогдын пассив гээд боржин чулууны томоохон тогтоц байдаг. Ховор металл агуулсан, дээрээс нь харахад их гоё тогтоц. Шар цавд Улсын төсвөөс хөрөнгө гаргаад, Өмнөговь аймгийн ЗДТГ-аас ч дэмжээд, сургалтын байр зэргийг барьчихсан байгаа. Геопаркийг хөгжүүлэх хүрээнд Японы геологийн албатай ярьж байгаад 5 залуу геологчийг Японы гео паркуудаар туршлага судлуулсан. Мөн гео паркийн менежментийн чиглэлээр нэг залуу геологчийг Туркт бэлдээд байна. Хятадын туршлагаас харахад байгалийн үзэсгэлэнт газруудаа ЮНЕСКО-гийн геопарк мөн гээд бүртгүүлчихээр нэг талаасаа үнэгүй сурталчилгаа болдог. Шар цавыг ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк гээд зарлачихвал жуулчид ирнэ, тэр чинээгээр аялал жуулчлал хөгжинө, нутаг оронд ажлын байр бий болно. Эерэг бүх нөлөө нь орон нутагтаа үлдэнэ. Дахиад Хятадаар жишээ авахад нэг хэсэг төв рүүгээ шилжих хөдөлгөөн их байсан бол геопаркууд хөгжсөнөөр энэ урсгал багассан эерэг нөлөө хүртэл гарсан байдаг. Шар цаваас гадна геопарк болгож хөгжүүлэх боломжит газрууд манайд маш их байгаа. Ганцхан жишээ авахад Хөвсгөлийн Ханх сумын нутаг дахь Соёны нуруу гэхэд хараад ханашгүй үзэсгэлэнтэй. Тэнд байгалийн сайхныг харахаас гадна яагаад ийм шовх шовх нуруунууд үүссэн юм бол, хэзээ ийм тогтоц үүссэн, хаагуур нь өндрийн алхалт хийж болох вэ зэргээр хийх юмтай аялвал хэчнээн сайхан. 

Манайд олборлоод дууссан уурхайг музей болгох, улмаар геопарк болгож хөгжүүлэх боломжтой уурхай, үйлдвэрийн газрууд бий юу?

Хаагдсан уурхайг аялал жуулчлалын нэг хэсэг болгож ашигладаг туршлага нь дэлхийд байгаа болохоор бид тийшээ явах боломжтой. Бэрхийн уурхай хаагдаад музей болж байгаа. Магадгүй Бэрх рүү явах замд нэг гоё маршрут бий болгоод, тэрийгээ цаашаа геопарк болгож бүртгүүлэхийг үгүйсгэх аргагүй. Мөн Мардай ч ийм боломжтой байж болох юм.

Ярилцсанд баярлалаа.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2024