Замын-Үүдийн авто замаар ачаа тээврийг 24 цагаар нэвтрүүлэн туршиж байна

Э.ОДЖАРГАЛ

od@mininginight.mn

2023.12.16 өдөр. Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том боомт болох Замын Үүдийн авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэллээ. Туршилтын энэхүү үйл ажиллагаа 14 хоног үргэлжилнэ. Манай улсын хэмжээнд анх удаа хилийн боомтын авто замаар ачаа тээврийг цагийн хязгаарлалтгүй нэвтрүүлж буйгаараа онцгой үйл явдал юм. 

Туршилтын ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Замын Үүд боомтод ажиллан “Ачаа тээврийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын явцтай газар дээр танилцаж, мөн Хилийн боомтын захиргаа, ГЕГ, ХХЕГ, Хилийн 0108-р анги, АТҮТ, УБТЗ, сум дундын цагдаагийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн юм. Тэрээр “БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд арванхоёрдугаар сарын 16-31-ний өдөр хүртэл Замын Үүдийн автозамын боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагийн горимд шилжүүлж байна. Туршилтын хугацаанд Монголын талаас боомтын авто замын ачаа бараа ердийн цагийн хуваарийн үеэс илүү эргэлттэй, тээврийн эрэлт их, машины тоо нэмэгдсэн тохиолдолд Хятадын тал Эрээн боомтыг байнгын 24 цагийн горимд шилжүүлэх шийдвэр гаргана” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Тэр утгаараа Замын-Үүд боомтод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, хувийн хэвшлийн олон байгууллага уялдаатай, нарийн зохион байгуулалттай ажиллах нь чухал болохыг илэрхийлэв. 

Монголын талаас ихээхэн хамаарах туршилтын хагас сарын хугацаанд боомтын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс төмөр замаар илүүтэй нурмаг ачаа буюу төмрийн хүдэр, нүүрсээ тээвэрлэж, харин бараа товарыг авто замаар шөнийн цагт тасралтгүй нэвтрүүлэхээр тооцоолж байна. Одоогоос 67 жилийн өмнө Монгол, Хятад улс төмөр замын хэлэлцээр байгуулснаар Замын ҮүдЭрээн боомтоор хилийн анхны гарц бий болсон түүхтэй. 1996 оноос олон улсын зэрэглэлтэй байнгын горимоор ажиллаж байна. Энэ үеэс л Замын Үүдийн авто замын боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох асуудлыг Монголын талаас тавьж иржээ. Талууд нэгдсэн ойлголцолд хүрэхэд амаргүй хэлэлцээр байсныг өнгөрсөн цаг хугацаа харуулж байна. Хятадын талдаа ч мөн чухалчлан үзэж буй шийдвэр аж. Дэлхийн хамгийн том зах зээл болох энэ улс 315 боомттой. Эх газраар холбогддог 180 боомтоос ердөө ганц Манжуурын авто боомт 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг. 

Хэрэв Замын Үүдийн авто замын ачаа тээврийн 14 хоногийн туршилт амжилттай болбол Хятадын хувьд хоёр дахь 24 цагийн горимтой боомт Эрээн болно гэсэн үг. Тэгэхээр аль аль талдаа өндөр ач холбогдол өгч байгаа ажил. 

Өдгөө манай улсын хилээр нэвтрэх ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигчийн 30 хувийг нэвтрүүлдэг, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг Замын Үүд боомт ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Хятадын Эрээн боомтоор гарахаар Монголын талаас авто тээврийн хэрэгслийн урт дараалал үүсдэг. Ялангуяа импортын ачаа барааны түгжрэлийн улмаас дотоодод тээвэрлэлтийн ханш “хаданд” гарч өссөн. Энэ нь нэг талаасаа манай иргэд, аж ахуйн нэгжүүдэд эрэлт өндөр байгааг илтгэнэ. Тиймээс эхний ээлжинд Замын Үүд боомтын авто замын ачаа тээврийг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэн туршиж байна. Дараагийн ээлжинд буюу шинэ он гармагц зорчигчийн хэсгийг адил горимоор нэвтрүүлэхээр бэлтгэж байгааг боомтын асуудал эрхэлсэн Сайд дуулгасан. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019 оноос Монгол Улсын хоёр боомтыг өргөтгөж байгаагийн нэг нь Замын Үүд юм. Тус боомтыг шинэчлэх бүтээн байгуулалт өндөрлөж буй энэ үед Эрээний авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг Хятадаас талаас албан ёсоор гаргаснаар Замын Үүдийн туршилтыг ийнхүү эхлүүлж байна.

Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.БаярнямӨнөөдрөөс (2023.12.16) Замын Үүд боомтын авто замын хэсгийг 24 цагийн үйл ажиллагааны 14 хоногийн туршилтыг амжилттай эхлүүлж байна. 21.00 цагийн байдлаар авто тээврийн 6 хэрэгсэл гарч, 26 тээврийн хэрэгсэл орж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн 6 зорилтын нэг “Боомтын сэргэлт” юм. Энэ хүрээнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг тэргүүтэй удирдлагууд (2023.08.21) Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн V уулзалтыг амжилттай хийсэн. Тус уулзалтаар хэлэлцсэн хамгийн гол асуудал бол хоёр улсын Замын Үүд-Эрээний авто замын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх. Уг ажлыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс туршиж байна. Замын Үүдийн авто замын боомт 24 цагийн үйл ажиллагаатай болсноор Монгол Улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Экспорт, импортын ачаа бараа саатахгүй нэвтрэх, улмаар тээврийн ханш нэмэгдэхээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүдэд тусах үнэ өртөг буурна гэсэн үг. Тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт зардал буурах боломжтой” гэв. 

Авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Ганзориг “Замын Үүдийн авто замын боомтын 24 цагийн туршилтын эхний өдөр ажлын гараа маань таарч байна. Хамгийн анхны авто тээврийн хэрэгсэл 19.05 цагт боомтоор нэвтэрлээ. Боомтын авто замын ачаа тээврийн хэсгийн ердийн ажиллах хуваарь 18.00 цаг хүртэл байдаг. Туршилтын 14 хоногт цагийн хязгааргүйгээр Монгол Улсын Замын Үүд боомтоор авто тээврийн хэрэгсэлтэй БНХАУ-ын Эрээн боомтоор шууд гарах боломжтой. Сард 1 удаагийн D, мөн 3 сард олон удаагийн С зөвшөөрлөөр авто машинууд Замын Үүд-Эрээн боомтоор нэвтэрч байна. Боомтоор нэвтрэх ачаатай авто машины дээд жин нь 44 тонн” гэлээ.

Майнинг Инсайт сэтгүүл, Арванхоёрдугаар сар, 2023 №12 (025)