“Ховор биш” газрын ховор элемент

Геологич, судлаач И.ХАЛИУНАА

Газрын ховор элемент нь уншигч Таны бодож байгаа шиг ховор биш ч харин зах зээл, элементийн талаарх ерөнхий мэдээлэл, үнэ цэн, үр ашгийн ойлголт нийгэмд “ховор” байна. Өнөөгийн техник технологийн эрин үед газрын ховор элементийн (ГХЭ) хэрэгцээ жилээр бус өдрөөр өсөж байна. Цэнхэр гаригийн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч, ногоон технологид нэн чухал ховор элементийн эрэлт хурдацтай нэмэгдэж буй. Энэ чиг хандлагыг дагаад ашиглагдаагүй, сайтар судлагдаагүй ордуудыг одоо эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол дэлхий даяар хүчтэй давлагаалж байна. Харин олон улсад газрын ховор элементийн ордуудын судалгаа ховор. 

2023 оны нэгдүгээр сард АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, дэлхийн хэмжээнд 130 сая тонн ховор элементийн нөөц тогтоогджээ. Нөөцийн хэмжээгээр Хятад улс тэргүүлж, Вьетнам, Орос, Бразил, Энэтхэг улс эхний тавд багтаж байна. Монгол Улсын хувьд 7 ордын хэмжээнд нийт 3 сая тонн нөөц тооцжээ. Тус судалгааны мэдээлэлд тулгуурлан дүгнэвэл манай улс газрын ховор элементийн потенциалаар АНУ, Грийнландтай зэрэгцэн эхний аравт нэрлэгдэх бүрэн боломжтой. 

Монгол Улс газрын ховор элементийн ордуудын судалгаа, хайгуулын төслүүдээ эрчимжүүлэхтэй холбоотой Герман, Финланд, Япон улсын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны ажлыг эхлүүлж байна. Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлтийн “цонх” үед манай улс тоглогч байж чадах эсэх нь газрын ховор элементийн хайгуулын төслүүдийг эрчимжүүлэх, ашиглалтын шатны хөгжүүлэлтийг дэмжиж төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахаас хамаарна. Одоогоор Монгол Улс 3 сая тонн нөөцийн “хөзөртэй”-гөөр дэлхийн ховор элементийн зах зээл дээр өрсөлдөхөөр байна. 

Гэхдээ монголчууд бид Хятадын газрын ховор элементийн потенциал, чадамжийг судлахгүйгээр энэ талбарт том тоглогчийн туг мандуулах боломж үгүй. Газрын ховор элемент нь дан ганц эдийн засгийн үр ашигтай хэмжигдэхүүнээр үнэлэгдэхгүй. Зарим ордуудад ховор элементүүдийн хамт уран, тори зэрэг бусад төрлийн эрдэс, металл холимог байдлаар оршдог. Тэдгээрийг хүдрээс ялгах процесс төвөгтэй агаад урт хугацаа шаарддаг. Нийлмэл оксидоор гарган авсан хүдрээс олон шат дамжлагаар элемент тус бүрийг салгана. Ингэхдээ цацраг идэвхт элементүүд нь ховор элементүүдтэй эвшилдэн үүсэх геологийн тогтоц нь ГХЭ-ийн ордуудын ашиглалт дахь байгаль орчны асуудалд хүндрэл учруулдаг. Гэхдээ хүдрээс хорт хольцыг ялгах, байгаль орчинд хор хөнөөлгүй болон аюулгүй олборлон боловсруулах аргууд эрчимтэй хөгжиж байна.

Геологийн тогтцоор онцлог ийм ордуудын тод жишээ бол Монголын Халзан бүрэгтэй орд юм. Монгол Улсад одоогоор хамгийн идэвхтэй хөгжүүлж буй Халзан бүрэгтэй орд нь 1.2 сая тонн нөөцтэй. Хүдэржилтэд голлох элементүүдээс өндөр технологийн мотор, цахилгаан хэрэгсэлд соронзон болгон өргөн ашигладаг диспрози (Dy), хүчтэй соронзон хийхэд ашиглагддаг неоди (Nd), празеоди (Pr), гэрэлтүүлэгт ашигладаг терби (Tb) мөн ховор элементийн бус ч эдийн засгийн ач холбогдолтой необи (Nb), тантал (Ta) зонхилдог. Тогтоогдсон диспроз-ийн нөөцөөрөө дэлхийд өрсөлдөхүйц ирээдүйтэй төслөөр онцолж байгаа нь Халзан бүрэгтэй орд эдийн засгийн хувьд үр ашигтай болохын илрэл юм. Мэдээж, ховор элементийн холимог баяжмал нь ялган боловсруулсан баяжмал шиг өндөр үнэд хүрэхгүй. Тиймээс газрын ховор элементийн олборлолтод бэлтгэж буй төслүүдийн ТЭЗҮийн тооцооллын гол цөм бол боловсруулалтын технологи байдаг. Хүдэр гаргах, эсвэл баяжуулах шийдэл хэр шинэлэг, бодитой, баттай байна төдийчинээ төслийн үнэ цэн өснө. Ийм учир газрын ховор элементийг үр ашигтай, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар ашиглах технологиудын хөгжүүлэлт нь газрын ховор элементийн үнэтэй шууд хамааралтайгаар өсөж байна. Энэ утгаараа дэлхийд цөөн оронд газрын ховор элементийн үйлдвэрлэл явагддаг. Гэвч тасралтгүй өсөн нэмэгдэх эрэлт нь Хятадын хараат байдлаас гарахыг эрмэлзэгчдийн хүслийг унтрааж чадаагүй. Зах зээл, инновацын хүчтэй өрсөлдөөнийг бий болгох үндсэн шалтгаан ч энэ. Бидний сайн мэдэх алт, мөнгө гэх мэт металлуудтай харьцуулбал газрын ховор элементийн үнэ ханш, зах зээлийг ойлгоход амаргүй. Учир нь Лондоны металлын бирж, Даляны түүхий эдийн биржийн адил газрын ховор элементийг арилжаалдаг бирж гэж үгүй. Холимог баяжмал дахь ховор элемент бүрээр үнийг таамаглах боломжгүй байдаг. Зөвхөн худалдаачид, хэрэглэгчид гэсэн энэхүү зах зээлд оролцогчдын мэдээлэлд үндэслэн үнэлгээ, тандалтыг Argus Rare Earths зэрэг судалгаа шинжилгээний цөөн байгууллагууд л хийж байна. Харин үнийн төлөв, хэтийн чиг хандлагыг монопол тоглогч орнууд тодорхойлдог. Уг зах зээлийг бүхэлд нь авч үзвэл Хятад улс гол хөдөлгөгч хүчин юм. 

Дэлхийн ГХЭийн зах зээл дээр Хятадын эрин үе-ийг хэдийн тунхаглаад авсан. 2010-2011 онд Хятад экспортоо бууруулснаар дэлхийн зах зээл дээр ГХЭ-ийн үнэ огцом өссөн түүхтэй. Энэ нь дэлхий даяар газрын ховор металлын төсөл, компаниудыг өдөөсөн бөгөөд тэд Хятадаас гадна найдвартай эх үүсвэрийг бий болгохыг эрмэлзсэн. Харин үнэ эргэн буурахад Хятадынхаас бусад олон төсөл олборлолтын шатандаа бүтэлгүйтсэн гашуун туршлагууд бий. 2014 онд Дэлхийн худалдааны байгууллага Хятадын ГХЭ-ийн экспортын квотыг хориглох шийдвэр гаргасан юм. Улмаар 2015 оны нэгдүгээр сард тус улс ГХЭ-ийн нийлүүлэлтийн хязгаарлалтыг экспортын тарифын хамт цуцалсан нь үнэ буурахад хүргэсэн. Эдүгээ Хятад улс ховор элементийн олборлолтоор дэлхийд тэргүүлж, нийлүүлэлтийн 90 гаруй хувийг хангаж ирсэн. 2021-2022 онд тус улсын ГХЭ-ийн үйлдвэрлэл 210 мянган тонн хүрч 25 хувиар огцом өссөн. Өнгөрсөн онд Хятад дэлхийн ГХЭ-ийн 70 хувийг дангаараа үйлдвэрлэжээ. Төрийн өмчит 6 компанийн ашиглаж буй үндсэн 4 том орд бий. Үйлдвэрлэл, нөөцийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эгнэдэг Баян-Овоо орд нь Монголын хилээс 70 орчим км зайд оршдог. Өвөрмонголын нутаг дахь эл орд нь ГХЭ, необи, төмрийн 40 сая тонн нөөцтэй. Хөнгөн ГХЭ-үүдээс лантан, цери, неод өндөр агуулгатай. ГХЭ-ийн 15 нэр төрлийн эрдсүүд тодорхойлогдох цогцолбор орд юм. Сычуан муж дахь Мианинг ордыг 1985-1986 онд нээсэн ба газрын ховрын ислийн 3.7 хувийн агуулгатай үйлдвэрлэлийн 1 сая тонн нөөцтэй. Хөнгөн ГХЭ-ээр баялаг, хүнд ГХЭ-ээс европи, итри агуулсан орд юм. Шандон мужид орших Вейшан ордыг 1958 онд анх нээж 2.5 сая тонн нөөцийг тогтоосон.

Дэлхийд онцлогт тооцогддог ионы шингээлтийн төрлийн ордыг 1969 онд Жианши мужид нээсэн байдаг. Дэлхийн хүнд ГХЭ-ийн нөөцийн 85 хувийг агуулдаг баялаг ордууд Хунан, Гуандон, Пужиан, Гуанши мужид бий. Ойрын жилүүдийн тандалтаар дэлхийн ховор элементийн үйлдвэрлэлд Хятад улсын нөлөө хэвээр. Ирээдүйн “чимээгүй дайн” гэгдэх критикал минералын салбарыг толгойлох нь тодорхой байна. Тус улстай үйлдвэрлэлээрээ “өрсөлддөг” томоохон эдийн засагтай орнуудын нэг АНУ юм. 2021 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Жо Байден эмнэлгийн хэрэгсэл, компьютерын чип болон бусад чухал хэрэглээнд шаардлагатай ГХЭ-ийн дотоодын нөөц, нийлүүлэлтийн сүлжээн дэх дутагдлыг хянан шалгах тушаалд гарын үсэг зурсан. АНУ-ын Эрчим хүчний яамнаас кобальт, лити зэрэг батарейны түүхий эдийн металлыг дотооддоо нийлүүлэх сүлжээ судалж, баталгаажуулах зорилгоор 30 сая ам.долларын санхүүжилт хийх санаачилга дэвшүүлээд байна. 2022 оны есдүгээр сард Ж.Байдены засаг захиргаанаас “Уламжлалт бус эх үүсвэрээс ГХЭ, чухал ашигт малтмалыг олборлож, ялгах анхны байгууламж” байгуулахад 156 сая ам.долларын санхүүжилт зарласан юм. Калифорни мужид MP Materials компанийн эзэмшдэг Mountain Pass нь ГХЭ-ийн олборлолт, боловсруулалтын чиглэлээрх АНУ-ын цорын ганц байгууламж юм. Энд лантан, цери, неодим-празодиум зэрэг өндөр ангижруулалтаар ялгасан газрын ховор оксидыг үйлдвэрлэж байна. АНУ-ын эдгээр жишээнээс харвал Хятадтай эн зэрэгцэхүйц хэмжээний технологи, үйлдвэрлэлийн амбиц гэж дүгнэж болохоор. Хятадаас хараат бус болохоо тунхаглаж чадсан ховор металлын тэргүүлэх үйлдвэрлэгч улс нь Австрали юм. Lynas Rare Earths компани Баруун Австрали дахь Mount Weld уурхай, мөн Малайз дахь боловсруулах байгууламжийг эзэмшдэг. Хоёр жилийн өмнө Пентагоноос 30.4 сая ам.долларын санхүүжилт авч Lynas Rare Earths хөнгөн ховор металл боловсруулах үйлдвэр байгуулж байна. Түүнчлэн хүнд элементийг ялгах байгууламж барихаар дахин 120 сая ам.долларын гэрээ хийсэн. 

2023 он гармагц л Канад, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнууд критикал минерал буюу өндөр технологийн үйлдвэрлэлийн эрдэс металлын төслүүдийг дэмжих, үүсээд буй хомсдлыг нөхөх эрмэлзлээ мэдэгдэж байна. Канадын Belmont Resources компани Саскачеваны уран-торийн төслийн ГХЭ-ийн хайгуулын төлөвлөгөөгөө зарласан. Тус компани Ураниум хотод эргэн ирж 2006-2008 онд хийсэн хайгуулын ажлын үр дүндээ тулгуурлан эдүгээ ГХЭ-ийн хайгуул явуулах юм. Европын Холбооны ховор элементийн хэрэглээний 98 хувийг Хятад хангадаг. Тэгвэл энэ оны эхэнд Шведийн төрийн LKAB компани 1 сая тонн нөөцтэй ордын нээлтээ дэлхийд мэдээлсэн явдал барууны орнуудад эрчим хүчний тусгаар тогтнол, Хятадын монополчлолыг хязгаарлах итгэл найдварыг төрүүлсэн. Энэ мэдэгдэл Атлантын далайг дамнасан эвслийг бэхжүүлж Хятадтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд туслах хэдий ч Швед дангаараа Хятадын нийлүүлэлтийг орлох боломжгүй гэж шинжээчид үзэж байна. LKAB компанийн Гүйцэтгэх захирал Ян Мостром ярьснаар, шинэ ордын ГХЭ-ийн баяжмалыг зах зээлд нийлүүлэх хүртэл 10-15 жил шаардагдах аж. Өнгөрсөн онд дэлхийн ГХЭ-ийн үйлдвэрлэл 300 мянган тонн хрч нэмэгджээ. Ногоон технологийн эрчим, цахилгаан машины эрэлтээр цаашдаа ч тасралтгүй өсөх төлөвтэй байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Хоёрдугаар сар, 2023 №2 (015)