Монголын геологи, хайгуул 2024: Олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтарна

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2024.03.28) "Монголын геологи, хайгуул 2024" 15 дахь удаагийн чуулга уулзалт эхэллээ. Тус чуулга уулзалтаар төсвөөр хийгдсэн геологийн судалгаа, эрэл, хайгуул, цацраг идэвхт ашигт малтмал, орчин үеийн агаарын геофизикийн технологи, газрын ховор элемент зэрэг сэдвүүдийг хоёр өдөр хэлэлцэж, геологичид санал бодлоо солилцох юм. 


Чуулга уулзалтыг нээж "Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо"-ны ерөнхийлөгч М.Очирбат үг хэллээ. Тэрээр "Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай холбоотойгоор дэлхийн орон оронд геологийн салбарт хөрөнгө оруулагч татахаар идэвхтэй ажиллаж, үүд хаалгаа нээж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж өрсөлдөж байна. Манай улс хөрөнгө оруулагчдыг хамгаалж, итгэлийн сэргээсэн хууль эрх зүй, төрийн бодлого, татварын тогтвортой орчныг бий болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтаар зэрэг олгож, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, хайгуулын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна. 

"Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо" гадаад дотоодын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэхээр 2024 онд Филиппин, Киргизстан, Япон, Франц, Австрали зэрэг орнуудын геологийн холбоо, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байна" гэлээ. 

Геологийн салбар үүсэж хөгжсөн 85 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд 6 мянга орчим геологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэгджээ.  Үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар 5, Төрийн шагналтан 14, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 17, Ардын багш 1, Гавьяат багш 4, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 6, Гавьяат эдийн засагч 2 тус тус төрөн гарчээ. 

Чуулганы нээлтэд УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр нар мэндчилгээ дэвшүүллээ. 

Маргааш салбарын илтгэлүүдээр үргэлжилнэ.