“Оюутолгой” компанийн ажилтнуудын зарим төлөөлөл хэвлэлийн бага хурал (2024.03.28) зохион байгуулан цалин хөлсний өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргүүлсэнтэй холбоотой “Оюутолгой” компанийн зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Тус компани ажилтнуудтайгаа байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалин, бусад нэмэгдэл, олговор, хөнгөлөлтүүдэд огт өөрчлөлт оруулаагүй, хувь хэмжээ нь хэвээр байгааг мэдэгдэлдээ онцолсон байна.
Тухайлбал, илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын дагуу тооцон олгож буй. Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, “Оюутолгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”)-той байгуулсан хамтын гэрээ, ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний аливаа зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг компанийн зүгээс мэдэгдсэн байна. Харин “Оюутолгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт (Журмын нэмэлт)"-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба ингэснээр илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа аж.
Дээрх шийдвэртэй холбогдуулан “Оюутолгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) болон “Оюутолгой” компанийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан Ажлын хэсэг (2024.03.06) байгуулагдан ажиллаж байна. Энэ хугацаанд Ажлын хэсэг нь Журмын нэмэлтийг хэрэгжүүлэх суурь шалтгааныг тодорхойлох хүрээнд “Оюутолгой” компанийн 2019-2023 онд сүүлийн 5 жилийн ажиллах хүчний мэдээлэл, ажиллагсдын тоо, цалин хөлсний зардлыг харьцуулан шинжилсэн бөгөөд Ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгэн нийт ажилтнууд болон компанийн удирдлагад (2024.03.22) танилцуулжээ. Тус Ажлын хэсэг дараагийн алхам руугаа шилжин (2024.03.26) орж дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шийдэл гаргахаар ажиллаж буйгаа мэдээллээ. Энэ асуудлаар удирдлагын багийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй хүргэх юм байна.