Э.ОДЖАРГАЛ
Социализмын үеэс хойших шинэ цагийн түүхэнд Монгол Улс анх удаа уран олборлож эхэллээ. Монголын хамгийн их нөөцтэй Зөөвч Овоо ордод үйлдвэрлэлийн туршилт ид өрнөж байна. Энэ нь сүүлийн хорин жилд дэлхийн хэмжээнд илрүүлсэн ураны томоохон ордын нэг юм. Манай улсын ураны салбарт хамтарсан хөрөнгө оруулалттай гурван төсөл хэрэгжиж байна. Хоёр нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бол нэг нь эрхээ хүлээж байгаа. Ураны орд газар нөөцийн хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ордод тооцогддог. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр тусгай зөвшөөрлийн асуудал нь ордог, нууцлалын зэрэгтэй. Стратегийн энэ салбарт орд ашиглах, ашигт малтмал олборлох аливаа компанид заавал Монголын төр хувь эзэмшдэг хууль эрх зүйн зохицуулалттай. Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т ”Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэж заасан. Үүний дагуу төрийн өмчит “Мон-Атом” компани ураны салбарт Монгол Улсын төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг. АМГТГ-аас цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анхлан олгож эхлэх үеэс “Эрдэнэс Монгол”-ын бүтцэд “Мон-Атом” компанийг оруулж, ураны төслүүдийг төвлөрүүлсэн юм. Тус компани Францтай хамтарсан “Бадрах Энержи”-ийн 34 хувийг, Хятадтай хамтарсан “Эмээлт Майнз”- ын 51 хувийг, Чехтэй хамтарсан “Гурвансайхан” компанийн 15 хувийг тус тус эзэмшиж байна.
ФРАНЦТАЙ ХАМТАРСАН “БАДРАХ ЭНЕРЖИ” КОМПАНИЙН ЗӨӨВЧ ОВОО ТӨСӨЛ
“Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын “Орано” групп эзэмшдэг. Монголчууд “Арева” нэрээр нь андахгүй. Тус группын 85 хувь Францын төрийн эзэмшилтэй. Францын тал Монголд анх “Арева Монгол” компанийг байгуулж, “Кожеговь” охин компани нь 1997 оноос ураны хайгуул хийсэн юм.
Геологи хайгуулын ажлын эхний 10 жилд Дорноговь аймагт Дулаан-Уул (6270 тонн), Зөөвч-Овоо (54639 тонн) ордыг нээсэн. Сүүлд нэмэлт хайгуулаар нийт нөөцийг 93291 тонн хүртэл өсгөөд байгаа. Энэ нь Монголын ураны батлагдсан нөөцийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлж байна. 2015 оны зургаадугаар сард АМГТГаас цацраг идэвхт ашигт малтмал ашиглах гурван тусгай зөвшөөрөл “Кожеговь”-д олгосон юм. Төслийг эхлүүлэхээр “Мон-Атом” компанийн 34 хувь, “Арева Монгол” охин компанийн 66 хувийн эзэмшилтэй “Арева Майнс” компанийг байгуулсан. Ингээд лицензийг хамтарсан “Арева Майнс” руу шилжүүлснээр албан ёсоор олборлох эрх үүссэн билээ. Мөн үеэр “Арева Монгол” нь “Мицубиши” корпорацтай гэрээ үзэглэж 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт Японы талаас хийхээр тохиролцсон боловч хожим тус корпораци энэ төслөөс гарсан юм. 2018 оноос “Арева Майнс” компани “Бадрах Энержи” нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь зөвхөн олборлох компани. Хайгуул хийгээд ашиглалт руу шилжихэд Монгол Улсын хуулиар өөр компани байгуулдаг хууль эрх зүйн зохицуулалтын дагуу нэрээ өөрчилсөн гэдгийг “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал тайлбарлажээ. Одоо Дулаан Уул (MV-018916), Зөөвч Овоо (MV-018915), Өмнөт (MV018914) гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Дулаан Уул ордод шинээр 4700 тонн ураны нөөц бүртгүүлсэн суналтын “Дулаан” талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхээр бэлтгэж байгаа. “Бадрах Энержи” компанийн гол төсөл нь Зөөвч Овоо юм. Нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум орчим ам.доллар. Ажлын 1454 байр бий болно.
Өнгөрсөн жил тус компанийн Гүйцэтгэх захирлаар Марк Мелеард томилогдсон. Тэрбээр ирсэн даруйдаа найман жил бэлтгэгдээд байсан Зөөвч Овоо төслийн туршилтын үйлдвэрлэлийг эхлүүллээ. Энэ сарын байдлаар 68 хувийн агуулгатай 3 тонн шар нунтаг үйлдвэрлээд байна. Туршилтын хугацаанд 20 тонн шар нунтаг гарган авах юм. Үүний дараагаар уурхайлах хугацаа, үйлдвэрлэлийн хэмжээг нарийвчлан ТЭЗҮ-ийг тодотгох учиртай. 2015 онд баталсан урьдчилсан ТЭЗҮ-ээр төсөл 35 жил үргэлжилж, татвар төлбөр хэлбэрээр 1.19 тэрбум ам.доллар улс орон нутагт төвлөрүүлэхээр тооцжээ. Цаашдаа шар нунтаг экспортлох зорилготой. “Орано” компанийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах сүлжээгээ казахстанчуудтай ярилцаж байгаа аж. Тус компанийн хувьд Казахстанд ураны үйлдвэрлэлтэй.
ЧЕХТЭЙ ХАМТАРСАН “ГУРВАНСАЙХАН” КОМПАНИЙН ХАЙРХАН ТӨСӨЛ
Хайрхан орд төслийг хэрэгжүүлж байгаа “Гурвансайхан” компанийн 85 хувийг Чехийн “Ураниум Индастри” эзэмшдэг. Энэ хувь эзэмшлийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Денисон Майнс” корпорациас 20 сая ам.доллараар Чехийн компани худалдан авсан юм. Канадын “Денисон Майнс”, Монголын “Мон-Атом” болон Оросын “Геологоразведка” компани хувь нийлүүлсэн “Гурвансайхан”-ыг 1993 онд байгуулсан ба хожим Канадын корпораци Оросын хувийг эзэмшсэн түүх бий.
Канадын хөрөнгө оруулалтын үед “Гурвансайхан“ компани Хайрханы (8400 тонн) болон Хараатын (7000 тонн) ордыг нээн, гурван удаагийн технологийн туршилт хийжээ. Түүнчлэн Гурвансайханы орд, Сүхбаатар аймагт Өлзийтийн талбайд ураны хайгуул хийсэн. Хувьцаа эзэмшигчийн гэрээг үзэглэж, 2015 онд батлуулсан ТЭЗҮ-ээр 204 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Улс орон нутагт 136.5 сая ам.долларын татвар хураамж оруулахаар тооцсон. Сүүлийн хоёр жилд Хайрхан ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, туршилтын-олборлолт үйлдвэрлэлийг төлөвлөгөөг батлан, уурхайн барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх бэлтгэлдээ оржээ.
2016 онд АМГТГ-аас дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөл “Гурвансайхан” компанид олгож, улмаар Орд ашиглах гэрээ байгуулсан юм. Өнөөгийн байдлаар, Гурвансайхан (MV 020631), Чойр (MV-020633), Хайрхан (MV-020629) гэсэн тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр Өлзийт талбайн ашиглалтын лицензийг цуцалжээ. Бусад тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлаар шүүх дээр маргаантай байгаа тул төсөл зогсонги байдалд байна.
ХЯТАДТАЙ ХАМТАРСАН “ЭМЭЭЛТ МАЙНЗ” КОМПАНИЙН ГУРВАНБУЛАГ ТӨСӨЛ
Эхлэхэд бэлэн гурав дахь төсөл бол Гурванбулаг орд юм. Энэ нь “Эмээлт Майнз” компанийн хэрэгжүүлж буй төсөл бөгөөд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци 49 хувийг нь эзэмшиж байна. Хятадын Цөмийн эрчим хүчний корпораци нь Канадын “Вестерн проспектор” компаниас 198 сая хонконг доллароор тус ордыг худалдан авчээ. Лицензийг Монголд Цөмийн энергийн хууль батлагдахаас өмнөхөн шилжүүлсэн байдаг. Гурванбулаг ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг анх Цөмийн энергийн газарт гаргаж байсан ч 2014 онд агентлаг татан буугдсанаар чиг үүрэг нь АМГТГ-т шилжсэнтэй холбоотойгоор “Эмээлт Майнз” компанийн тусгай зөвшөөрлийн өргөдөл шийдвэрлэгдээгүй юм. 2021 онд дахин АМГТГ-т ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан ба энэ онд авах хүлээлттэй байна. Си Эн Эн Си хувь эзэмшсэнээр Гурванбулагийн ордын нөөцийн (6900 тонн) тайланг шинээр боловсруулж, ТЭЗҮ-ийг 2015 онд батлуулсан байдаг. ТЭЗҮ-ээр нийт 259 ам.долларын хөрөнгө оруулалттай. Төсөл хэрэгжсэнээр 324 сая ам.долларын татвар, төлбөрийг улс орон нутагт төвлөрүүлнэ. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай Гурванбулаг нь Мардай, Дорнод гэсэн бүлэг ордын нэг юм. Бүгдэд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд Монгол Улсын стратегийн ордод багтсан. Эдгээрээс Мардайд социализмын үед оросууд уран олборлож байсан билээ. Монголын талтай хамтарсан компани байгуулах хөрөнгө оруулагч гарч ирвэл Мардайн олборлолтыг сэргээх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.
1.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
АМГТГ-ын 2021 оны арваннэгдүгээр сарын мэдээллээр, нийт нутаг дэвсгэрийн 0.13 хувьд ураны ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр байнйа. Монгол Улсын хэмжээнд Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт ордын нийт 192.2 мянган тонн ураны батлагдсан нөөцтэй. Геологийн тогтцоос шалтгаалан манай улсад илэрсэн ураны ордууд үндсэндээ хоёр төрөл. Алтаар бол үндсэн, шороон орд гэдэгтэй адил. Тухайлбал, Гурванбулаг гэхэд үндсэн орд буюу чулуулаг дотор эрдэс нь байдаг. Харин Зөөвч Овоо, Хайрхан ордын тухайд шороон ордтой зүйрлэж ойлгож болох юм. Үүнээсээ хамаарч олборлолтын технологи нь өөр өөр. Туршилтын үйлдвэрлэл явагдаж байгаа Зөөвч Овоо төсөлд газрын 150- 200 метрийн гүнд элсэн давхарга дахь цацраг идэвхт ашигт малтмалыг уусган олборлож байна. Газрын доор уусган олборлох технологи нь улс орнуудад өргөн нэвтэрсэн, уулын ажил хөрс хуулалт шаардагдахгүй учир зардал багатай. Тиймээс энэ технологийг ашиглаж буй ордууд түрүүлж эдийн засгийн эргэлтэд орох боломжтой.
Мэдээж, шар нунтаг гарган авлаа гэхэд нүүрсний адил машинд ачин хилээр гаргаад дурын нэгэнд зарчихдаг эд биш. Ерөөс цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэл, худалдааны тээвэр нь ОУАЭА-ийн хяналт дор стандарт, дүрэм журамтай хийгддэг шаардлага өндөртэй үйл ажиллагаа юм. Гишүүн орны хувьд Монгол Улс хэр хэмжээний түүхий эд үйлдвэрлэх, хаашаа экспортлохоо ОУАЭА-т тайлагнах үүрэгтэй. Тэгэхээр Зөөвч Овоо төслийн туршилтаар олборлосон түүхий эдийг шууд экспортолно гэсэн ойлголт үгүй. Сүүлийн хэдэн жилд ураны төслүүдийн хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг хянасан шалгасан дүгнэлтүүд цөөнгүйг танилцуулсан. Төр засаг төдийгүй орон нутгийн түвшинд хөндлөнгийн, олон улсын, шинжлэх ухааны төрөл бүрийн байгууллагуудын хийсэн шалгалтын үр дүнгүүд бүгд сөрөг нөлөөгүй гэж гарчээ. Хамгийн сүүлд буюу 2021 оны наймдугаар сард ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар шинжлэх ухааны зургаан хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг мөн ингэж дүгнээд байна. Түүнчлэн энэ хавар ОУАЭА-ийн зөвлөхүүд манай улсад ажиллана. Монголын ураны төслүүдийн байдал, туршилтын үйлдвэрлэл, тээвэр нь аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, зөвлөмж гаргах юм. Үүний дараа манай улсын үйлдвэрлэл ОУАЭА-ийн хяналтад орж шар нунтаг экспортлох нөхцөл бүрдэх юм.
Дэлхийд ураны нөөцтэй 16 улс бий. Эдгээрээс нөөцийн хэмжээгээр Монгол Улс аравдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь дэлхийн ураны нөөцийн 2 хувийг бүрдүүлж буй. Дэлхийд дээгүүр орох ураны нөөцөө ашиглах нь улам бүр тодорхой болж байна. Ураны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулбал Монгол Улсын эдийн засагт томоохон эерэг нөлөөг үзүүлэх нь дамжиггүй. Дээрх гурван төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 463 сая ам.доллароор хэмжигдэж байна. Төслүүд хэрэгжсэнээр зөвхөн улс орон нутгийн төсөвт 1 тэрбум 650 сая ам.долларын татварын орлого бүрдэхээр байна. Бараг 5 их наяд төгрөг гэсэн үг. Энэ бол хэдэн жилийн өмнөх тооцоо. Гэхдээ хөрөнгө оруулалт, татварын орлогоос илүүтэй Монголд багагүй хугацаанд ажилласан гадаадын хөрөнгө оруулагчдын бизнес хөгжиж байна гэдэг нь ач холбогдолтой юм. Франц, Чех гээд барууны орнуудын хөрөнгө оруулалт бүхий төслүүд хэрэгжинэ гэдэг Монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад хамгийн чухал нөлөөтэй байх болно.
Mining Insight сэтгүүлийн 2022, хоёрдугаар сарын дугаарт нийтлэгдэв