Гуравдугаар сард Хятадын Төвбанк алтны нөөцөө нэмжээ


Гуравдугаар сард Хятадын төв банк нөөцдөө 4.9 тонн алт нэмжээ. Хятадын Ардын банк (PBOC) өнгөрсөн  онд хамгийн том албан ёсны алт худалдан авагч болж 224.9 тонн цэвэр алт худалдан авсан байна. Энэ нь хамгийн багадаа 1977 оноос хойш тус улсын хамгийн дээд амжилт тогтоосон жил гэж Дэлхийн алтны зөвлөл (WGC)-ийн мэдээлжээ. 

Дэлхийн алтны зөвлөлийн Ахлах шинжээч Кришан Гопаул “Тус улс сүүлийн 17 сар дараалан алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Энэ нь Төв банкууд алтанд тууштай итгэж, үнэ цэнд нь итгэсэн хэвээр буйг нотолж байгаа юм” хэмээн тайлбарласан байна.  Албан ёсны мэдээллээр гуравдугаар сарын сүүлчээр Хятад улсын алтны нөөцийн хэмжээ 2062 тонн байв. 

АНУ-д ам.долларын ханш чангарсныг үл харгалзан тухайн сард спот алтны үнэ 9.3 хувиар өссөн нь 2020 оны долоодугаар сараас хойших сарын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогджээ.  Энэ өсөлт үргэлжилж алтны үнэ дараалан дээд амжилт тогтоон даваа гаригт 2353.79 ам.долларт хүрээд байна.

Дэлхийн төв банкуудын алтны эрэлт сүүлийн 2 жилийн турш нэмэгдэж байгаа бөгөөд 2024 онд худалдан авалт идэвхтэй хэвээр байх төлөвтэй. Энэ жил Хятадын сацуу Турк, Энэтхэг, Казахстан болон Зүүн Европын зарим орнууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлжээ. 2023 онд дэлхийн төв банкууд нийтдээ 1037.4 тонн алт худалдан авсан нь өмнөх оны дээд амжилтаас 4 хувиар буурсан үзүүлэлт юм.