Mining.com-оос эрэмбэлдэг дэлхийн уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наяд ам.доллар хүрэхгүй бөгөөд он гарснаас хойш 13 тэрбум ам.доллароор буурчээ.
Алтны ханшийн түүхэн (+14%) өсөлт, зэсийн үнийн (+12%) эргэн сэргэлт нь гуравдугаар сарын үзэгдэл хэдий ч эхний улирлын шилдэг үзүүлэлттэй металлын жагсаалтыг зэс, алт тэргүүлж байна. Тэргүүлэх металлын үнэ сэргэж байгаа ч салбарын томоохон компаниудын нэгдсэн үзүүлэлт сул байгаа ба 2024 онын хувьд эрдсийн зах зээл холимог дүр зурагтай байх төлөвтэй. Хөнгөн цагааны ханш сүүлийн 52 долоо хоногийн дээд цэгтээ хүрсэн бол цайрын үнэ ойрын үед 3000 ам.доллар давах магадлал бага, харин кобальтын үнэ 30 мянган ам.доллароос доош буурч хамгийн доод түвшиндээ хүрчээ. Өнгөрсөн жил дунд үеэс никелийн үнэ 15 мянган ам.доллар буюу доод үзүүлэлтэд хүрснээс хойш өссөн ч уналтын бүсэд гацсан хэвээр байна. Энэ онд литийн үнийг “аз ивээхгүй” байх магадлал өндөр аж. Цагаан алт, палладийн үнэ 2024 онд буурч буй. Төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллароос давсан хэдий ч энэ салбарт хөрөнгө оруулагчид эргэн ирэхэд хангалтгүй байгааг шинжээчид онцолжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Панам дахь Кобре уурхай нь хаагдсан First Quantum Minerals компанийн зах зээлийн үнэлгээ 58 хувиар өсөж ТОП 50 жагсаалтын 44 дүгээрт байр ахижээ. Индонезийн зэс, алт олборлогч Amman Mineral долоодугаар сард бүртгүүлснээс хойш 380 хувиар өсөж гайхалтай өсөлтөө үргэлжлүүлэн эхний аравт багтах магадлалтай аж. Зэсийн ханш сүүлийн 14 сарын дээд цэгтээ ойртож буй нөлөөгөөр Lundin Mining компани анх удаа шилдэг 50-ийн жагсалтад орж, таван байраар ахин 48 дугаарт эрэмбэлэгджээ. Алтны ханшийн өсөлт үргэлжилбэл Канадын Osino Resources-ийг худалдаж авсан Хятадын Yintai Gold компани одоогийн 54-р байрнаас тэргүүлэгчдийн эгнээнд өрсөлдөх боломжтой.
ТОП 50 дундаа 100 тэрбум ам.долларын хөрөнгийн эргэлттэй хоёрхон компани болох BHP (-16%), Rio Tinto (-15%) эхний улиралд бууралттай байна. Vale-ийн хувьд хамгийн өндөр буюу 24 хувийн уналттай байгаа юм. Бразилын компани өнгөт металлын салбарынхаа 13 хувийг 3.4 тэрбум доллароор Саудын Арабын баялгийн санд худалдаад буй. Anglo American-ны өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд тохисон огцом хямралын дараа энэ онд харьцангуй тайван байна. Жагсаалтын тэргүүлэгч 5 компанийн нийт үнэлгээ 2022 онд 36 хувиар буурсан бол энэ жилийн хувьд 29 хувиар буурчээ. Шилдэг таван компанийн чансаа руу ойртож буй Хятадын Zijin Mining, Саудын Арабын Ma’aden нь өсөлтөө бат хадгалж байгаа компаниуд юм. Алт, зэсийн үнийн өөдрөг үзүүлэлтээр Zijin Mining нэгдүгээр улирлын эцсээр 60 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрэх дөхжээ. Улирлын шилдэг үзүүлэлтүүдийн жагсаалтад CMOC групп буюу хуучнаар “China Molybdenum”-ын ард Zijin Mining орж Jiangxi Copper-ийг давжээ. ТОП 50 багтсан Хятадын арван компанийн нийт үнэлгээ 192 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Эхний улирлын тэргүүлэх 50-ийн эгнээнээс Бразилын төмрийн хүдэр олборлогч CSN Mineração, литий үйлдвэрлэгч Хятадын Huayou Cobalt, Австралийн Pilbara Minerals компаниуд хасагджээ. Livent болон Allkem компаниуд нэгдэж Arcadium Lithium-ийг үүсгэсэн нь литийн олборлогч компаниудын нийт үнэлгээг өсгөсөнгүй. Литийн компаниуд 2022 оны мөн улиралд нийт 119 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол одоо 59 тэрбум ам.доллар болж буурчээ.