Worldsteel: 2024-2025 онд дэлхийн гангийн эрэлт тогтвортой өснө

Э.ОД

2024-2025 онд дэлхийн гангийн эрэлт тогтвортой өснө гэж Дэлхийн гангийн холбоо (Worldsteel)-ны тайланд дурджээ. Тус тайланд, дэлхийн гангийн эрэлт энэ онд 1.7 хувиар өсөж 1.793 тэрбум тонн, 2025 онд 1.2 хувиар нэмэгдэж 1.815 тэрбум тонн хүрнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Орос, Украины мөргөлдөөн, геополитикийн тодорхойгүй байдал, олон улс дахь өндөр инфляц зэрэг олон сорилт дэлхийн гангийн эрэлтийн өсөлтийг барих төлөвтэй. 

Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт үргэлжлэн буурч байгаа ч энэ жил тус улсын гангийн эрэлт 2023 оны түвшинд хадгалагдана гэж Дэлхийн гангийн холбоо үзэж байна. Гэсэн ч Хятадын гангийн эрэлт 2025 оноос буурах хандлагатайг онцолжээ. Бусад орны хувьд гангийн эрэлт 2024-2025 онд 3.5 хувиар өсөх магадлалтай байна. 2021 оноос хойш Энэтхэгийн гангийн эрэлт мэдэгдэхүйц өсөлттэй байгаа бөгөөд 2024-2025 онд 8 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Тодруулбал 2025 онд Энэтхэгийн гангийн эрэлт 2020 оныхоос бараг 70 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. 

2025 онд Европын Холбооны гангийн эрэлт хүчтэй сэргэнэ гэж Worldsteel-ийн шинжээчид харж байгаа бол АНУ, Япон, Өмнөд Солонгос гангийн эрэлтийг тогтвортой байх төлөвийг тайланд дурджээ. 2024 онд Европын Холбооны гангийн эрэлт 2020 оны COVID-19 тахлын үеийн доод хэмжээнээс 1.5 сая тонноор давна гэж таамаглаж байна.