Дөрөвдүгээр сард 2.3 сая тонн нүүрс биржээр арилжив

Э.МИШЭЭЛ

Дөрөвдүгээр сар (2024.04.05-22) гарснаас хойш Монголын хөрөнгийн биржээр 37 дуудлага худалдаа амжилттай явагдсан байна. Үүнээс 20 дуудлага худалдаагаар 2.3 сая тонн нүүрс, 17 дуудлага худалдаагаар 134 мянган тонн төмрийн хүдэр арилжжээ. 

Нүүрсний дуудлага худалдаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК оролцсон. Нүүрсний арилжаанд найман төрлийн бүтээгдэхүүн арилжиж байгаа. Үүнээс 1/3 коксжих нүүрс 1.9 сая тонн, баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 179 мянган тонн, баяжуулсан коксжих нүүрс 172 мянган тонн, баяжуулсан сул коксжих нүүрс 12.8 мянган тонн тус тус арилжсан байна.


Төмрийн хүдрийн арилжаанд "Монголросцветмет" ТӨҮГ төмрийн хүдэр FE-52%, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК төмрийн хүдэр FE-58%-ийн агуулгатай оролцсон. Дөрөвдүгээр сард төмрийн хүдэр FE-52% 108 мянган тонн, төмрийн хүдэр FE-58% 25 мянган тонн тус тус арилжлаа. Харин "Монголросцветмет" ТӨҮГ төмрийн баяжмал FE-65% хараахан дуудлага арилжааны хуваарь зарлаагүй байна.

Энэ сарын биржээр арилжаалсан уул уурхайн бүтээгдэхүүний дундаж үнэ:
Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 63.5 ам.доллар,
Баяжуулсан коксжих нүүрс 164.7 ам.доллар,
Баяжуулсан сул коксжих нүүрс 117.3 ам.доллар,
1/3 коксжих нүүрс 102.4 ам.доллар,
Төмрийн хүдэр FE-52% 66.8 ам.доллар,
Төмрийн хүдэр FE-58% 63 ам.доллар байв.