Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр:
"Засгийн газрын хуралдаанаас хэд хэдэн үүрэг чиглэл "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-т өглөө.
Нэгдүгээрт, "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ эзэмших, 2014 онд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэг өгсөн. Тус компани 2003 байгуулагдаж, 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөн. 2013 онд "Эрдэнэт Үйлдвэр"-тэй гэрээ байгуулж, овоолго ашиглах нөхцөл бүрдсэн. Ингээд 2014 онд байгуулсан гэрээний дагуу 34 хувийг "Эрдэнэт Үйлдвэр" эзэмших болсон ч 2015 онд "Эрдэнэт Үйлдвэр"-ээс гарсан ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Энэхүү шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагаар шалгах нь зүйтэй.
Хоёрдугаарт, өнгөрсөн найман жилийн хугацаанд олон байсан орлого буюу алдагдсан боломж болох 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-т өглөө.
Гуравдугаарт, "Ачит Ихт" ХХК-ийн өмчлөөд байгаа овоолго бол "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 100 хувийн өмч байх ёстой. Энэ чиглэлд үйлдвэр өөрөө судлаад холбогдох шийдвэрээ гаргаж ажиллах үүрэг өгсөн" гэв.