Эрдэнэс Монгол: Хуримтлалын санд төвлөрүүлэх орлого 30.9 их наяд төгрөг хүрнэ

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2024.04.30) "Эрдэнэс Монгол" нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө (2024-2028)-г танилцууллаа. Тус төлөвлөгөө төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үндсэн зорилгын хүрээнд хийгдсэн гэдгийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ. 

Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний голлох түүхий эдээр нүүрс, зэсийг нэрлэсэн байна. Өнгөрсөн жил уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын 58.6 хувийг нэгдлийн компаниуд бүрдүүлжээ. Тухайлбал, төсөвт төвлөрүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос нүүрсний 73 хувь, зэсийн 59 хувийн эзэлсэн. Цаашид нүүрс, зэсээс гадна Сэлэнгэ аймгийн Хөтөл шохойн орд, Сүхбаатар аймгийн Нарангийн лити, Өмнөговь аймгийн Жоншит газрын ховор элемент, Дорнод аймгийн Мардай ураны талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд Засгийн газраас дэмжлэг авахаар ажиллаж байна гэв. 

"Эрдэнэс Монгол" ХХК танилцуулгадаа, өөрийн эзэмшлийн уурхайн олборлолт, боловсруулалтыг дангаараа хариуцна. Харин үндсэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулагчийг татахаар төлөвлөжээ. Дараагийн шатны буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оролцохгүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдээр хувийн хэвшлийг хангана гэдгийг онцоллоо. 

Баялгийн сангаар дамжуулан улсын төсвийн хөрөнгөө хайгуул хийж нөөцийг тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж бий болжээ.

Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогын төсөөллийг 2040 он хүртэл гаргасан байна. Үүнд Нэгдлийн компаниуд, Зөөвч-Овоо төсөл, Оюутолгой төслийг авч үзжээ. Ойрын жилүүдэд дан ганц Нэгдлийн компаниудын орлого төвлөрнө. Харин 2035 оноос эхлэн Оюутолгой төслийн орлого бодитойгоор нэмэгдэх дүр зурагтай. Оюутолгой төсөл 2037 онд хамгийн их буюу 4 их наяд төгрөг дангаараа төвлөрүүлнэ. Харин Нэгдлийн компаниуд 2040 он хүртэл тогтмол өсөлттэй байна. Нийтдээ 2040 он хүртэл хуримтлалын санд төвлөрүүлэх орлого 30.9 их наяд төгрөг хүрнэ гэв.