Өнөөдрөөс стратегийн ордуудын 34 хувь "Хуримтлалын сан"-д төвлөрнө

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснийг өнөөдөр (2024.05.01) мэдэгдлээ. Тэрээр "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд болон УИХ-ын гишүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж, “Оюу Толгой”-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж ногдол ашгаа хуваарилж  эхэлснээр Үндэсний баялгийн сан бүрдэх түүхэн боломж бүрдлээ.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна. 

“Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов. Ийнхүү олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдэв." хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.