“Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төсөл өнөөдөр (2024.05.03) Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.
Уул уурхайн салбарт нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, жишиг үйл ажиллагааг туршлага болгон түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй тус төсөл нь ХБНГУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих юм. “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” (БЭХУ) төслийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR) хамтран хэрэгжүүлэх юм байна. Төсөл 2026 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Монгол Улсад уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх нь байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль хамгаалах нөхцөлийг сайжруулах, биологийн олон янз өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой. Үүнд хувь нэмрээ оруулах БЭХУ төсөл үйл ажиллагаагаа эхлүүлж буйг танилцуулсан нээлтийн ёслолыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга О.Амарсанаа, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нар нээж, үг хэллээ.
“Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай төсөл”-ийг Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн Монгол, Төв Азийн зохицуулагч Др.Текла Абел, төслийн төлөвлөлтийн эхний үр дүнг “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай төсөл”-ийн захирал О.Батболд нар танилцуулав.
Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй тус төслийн захирлаар анх удаа монгол мэргэжилтэн томилогдсон нь О.Батболд юм. Тэрээр өмнө нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн түншлэл төслийн Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Мөн Байгаль орчин ба уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын захирал Д.Эрдэнэтуяа, Ашигт малтмал газрын тосны газрын Судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэгц, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын Уул уурхай, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Б.Дулмаа нар мэдээлэл хүргэсэн юм. Үүний дараа төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн байгаль орчин, уул уурхайн холбогдох олон талт төлөөлөл бүхий оролцогчид Монгол Улсын Байгаль орчин-хариуцлагатай уул уурхайн нөхцөл байдал ба үүнд БОАЖЯ-BGR хамтарсан БЭХУ төслийн оруулж болох хувь нэмрийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж, сонирхолтой санал шийдлүүд дэвшүүлэв.
БЭХУ төсөл нь дараах үндсэн дөрвөн чиглэлээр БОАЖЯ болон холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
· Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхайн чадавхийг хөгжүүлж, дэмжих
· Хууль эрх зүй, дүрэм журмын шаардлагыг хэрэгжүүлэх бодит шийдлүүд санал болгох
· Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх
· Байгаль орчны хяналтын мэдээллийг хөгжүүлж, цахимжуулах