Э.ОДЖАРГАЛ
Дэлхийн эрдэс баялгийн салбарт шинэ үзэгдэл тохиосон нь 2017 он. Литийн үнэ цойлж анхаарлын төвд оров. Хамгийн түрүүнд анзаарч литийн хайгуулыг дэмжихэд бодлогоо чиглүүлсэн улс бол Австрали юм. Тус улс литийн салбартаа хөрөнгө оруулагчдыг уриалан татсаны үр дүнд дөрөвхөн жилийн дотор геологийн нөөц, үйлдвэрлэлээрээ Чилийг ардаа орхиж, дэлхийн гол тоглогч болоод байна.
Аж үйлдвэрийн II хувьсгалын гол түүхий эд төмрийн хүдэр, газрын тос байв. Тэгвэл өнөөгийн ногоон хувьсгалын үндсэн металлын нэгээр лити тодорч, өндөр технологийн түүхий эдэд тооцогдож байна. Японы Sony корпораци 30 гаруй жилийн өмнө анхны лити-ион батарейг зах зээлд танилцуулсан агаад эрчим хүчийг хуримтлуулан хадгалах анхдагч технологи юм. Тэр цагаас хойш энэ төрлийн батарейн хөнгөн жин, өндөр хүчин чадал, цэнэглэл багатай гойд чанарыг орлох өөр шийдлийг олж нээгээгүй байна. 30 жил дотор литийн эрэлт 5 мянгаас 96 мянга тонн хүртэл бараг 20 дахин, 1000 гаруй ам.доллар байсан ханш хоёрдугаар сард Хятадын зах зээл дээр 70 мянган ам.доллар давж 70 дахин нэмэгдээд байна. Аль ч хувьсгалын үед ямар ч түүхий эд ингэж огцом цойлж байсангүй.
2016-2017 онд дэлхий даяар эрдсийн хайгуулын хөрөнгө оруулалт татарч байхад Австрали хөрөнгө оруулагчдг татах маш ашигтай санал тавьж байв.
Литийн зах зээлийн тэсрэлтэд оруулсан гол хувь нэмэр мэдээж Teslа компанийнх. Үүсгэн байгуулагч Элон Маскийн сая сая цахилгаан автомашин үйлдвэрлэх мөрөөдөл, түүндээ хүрэхийн тулд автомашины лити-ион батарейн гига үйлдвэрүүд байгуулна гэсэн үл төсөөлөгдөм мэдэгдлүүд нь анхдагч түүхий эд олборлогчоос эхлээд боловсруулсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид хүртэл маркетингийн хүчтэй нөлөө үзүүлсэн. Цахилгаан машинаас авхуулаад ямар ч хөдөлгөөнт төхөөрөмжийг литигүйгээр төсөөлөхийн аргагүй.
Өмнө нь бид ухаалаг утсаа өдөрт хэдэнтээ цэнэглэж, эсвэл нөөц батарей халаасалж явдгаа больсон шалтгааны нэг бол литийн ач тус юм. IPhone гар утас 1 гр, “Tesla Model S” цахилгаан машин 52 кг литийн орцтой. Мэдээж асар их ялгаатай ч аль аль нь хүний өдөр тутмын хэрэглээнүүд юм. Хэтдээ литийн том хэрэглэгчийн нэг нь сэргээгдэх эрчим хүчийг хадгалах зориулалттай өндөр багтаамж бүхий батарей байх болно. Ийм батарейд 1 тонн лити хэрэгтэй. Үнэндээ Хятад, Европт тохиогоод буй эрчим хүчний хямрал нь эрчим хүчийг хангалттай хадгалах боломж үгүйтэй холбоотой. Дараагийн таван жилээс дэлхий даяар 28 ГВтаас дээш хүчин чадалтай лити-ион батарейг суурин эрчим хүчний хэрэглээнд ашиглана гэсэн судалгаа гарсан. Энерги хадгалах системийг хөгжүүлэх гол түлхэц нь сэргээгдэх эрчим хүчний салбар болов уу. Ойрын ирээдүйд уламжлалт цахилгаан үйлдвэрлэлийг сэргээгдэх эрчим хүчээр орлох ёстой. Газрын тос, нүүрсээр ажилладаг цахилгаан үйлдвэрлэлийг халах үүрэг, зорилт улс орнуудын өмнө байна. Ногоон эрчим хүчний шилжилтэд хамгийн их эрэлттэй металл лити байх нь. Эдийн засаг дахь үүрэг нь улам бүр ач холбогдолтой болж байна. Бүр шинэ цагийн “газрын тос”-оор ч нэрлэгдэж байна. Их гүрнүүд, том эдийн засагтай орнуудын критикал минералын жагсаалтад багтсан эрдэс. Энэ нь газрын хэвлий дэх нөөц хомс бус. Өндөр технологийн түүхий эд гэдгээр нь ач холбогдол өгч буй хэрэг юм.
Дэлхийн хаана ч хайгуул хийсэн илэрдэг эрдэс гэж зарим нэг гологчид үздэг. Өнгөрсөн онд дэлхийн литийн хэрэглээ 93 мянган тонн болж нэмэгджээ. Сайн эрэлт, хязгаарлагдмал нийлүүлэлтийн улмаас литийн үнэ бараг өдөр бүр дээд амжилтаа шинэчилж байна. Сүүлийн нэг жилийн дотор ханш нь 500 гаруй хувиар өсөж байгаа цор ганц металл бол лити юм. Энэ байдал 2022 онд ч үргэлжлэх төлөвийг S&P Global Platts дэвшүүлжээ. Олборлосон литийн 3/2 нь зөвхөн лити-ион батарейн үйлдвэрлэлд зарцуулагдаж байгаа юм. 181 мега үйлдвэрийн (1 ГВт/ц дээш хүчин чадалтай) 136 нь Хятадад, үлдсэн нь Европ, Америкт бий. Батарейн үнэ жилээс жилд хямдарч буйн хэрээр хэрэглээнд асар хурдацтай тархаж байна. Өнөөдөр лити-ион батарейн зах зээл 46 тэрбум ам.долларт хүрсэн. Лити-ион батарей хэрэглээ нь тээвэр, эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 30 хувиар бууруулж, 600 сая хүнийг цахилгаан эрчим хүчээр хангаж, дэлхий даяар 10 сая тогтвортой ажлын байр бий болгох боломжтой хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын тайланд онцолжээ. Асар их эрэлтийг хангахын тулд шинэ нөөц тогтоох, эрэл хайгуулд хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Таван жилийн хугацаанд дэлхийн литийн нөөц хоёр дахин өсжээ. Цаашид ч литийн хайгуул эрчимжихээр байна. Түүхий эдийн зах зээл дээр 2008-2012 онд нүүрс, төмрийн хүдэр, зэс, алтны ханш өссөн болохоор тухайн эрдсүүдийн хайгуул эрчимжсэн. Яг үүний адил литийн үнэ 2017 оноос огцом дээшилж, тогтвортой өсөөд байгаа учир уг металлын хайгуул эрчимжиж байгаа хэрэг.
Дэлхийн эрдэс баялгийн салбарт супер цикл тохиосон арван жилийн өмнөхтэй адил мөчлөг өдгөө литийн зах зээлд тохиогоод байна. Үүнийг эрдсийн гол тоглогч орнуудаас тодорхой харж болно. Уул уурхайн чиг хандлагыг урьтаж мэдрэн, хурдтай хувьсах зах зээлээс ашиг орлого олж чаддаг улс бол Австрали. Тиймдээ ч бүх төрлийн эрдсийн нөөцөөрөө дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг. Литийн зах зээл огцом өссөн 2018 онд Чилийн урд гарч хамгийн том үйлдвэрлэгчээр Австрали тодорсон. Тухайн үед ногоон тив улс литийн геологийн нөөцөө бараг 100 хувиар өсгөж чадсан юм. 2016-2017 онд дэлхий даяар эрдсийн хайгуулын хөрөнгө оруулалт татарч байхад Австрали хөрөнгө оруулагчдыг татах маш ашигтай санал тавьж байв. Шаардлагатай тохиолдолд зардлынх нь тодорхой хувийг хариуцах, татварын хөнгөлөлт үзүүлэх гээд тэдний амлалт богино хугацаанд үр дүнгээ өгснийг тус улсад шинээр нээгдэж буй алт, литийн нөөц, орд, уурхайнуудаас харж болно. Одоо ч тус улс олборлолтоор илт тэргүүлсээр явна. 2030 он хүртэл Австрали литийн олборлолтын хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлэхээр зорьжээ. Өнгөрсөн онд 1.08 тэрбум австрали долларын лити экспортолсон. Ирэх жил литийн экспортоос 3.8 тэрбум австрали долларын орлого олохоор тооцож байна.
S&P Global мэдээллээр, 2015 онд литийн хайгуулын 40 хүрэхгүй компани 36 сая ам.доллар зарцуулж байсан бол хоёр жилийн дараа 136 компани 156 сая ам.доллар зарцуулсан. Үүнээс 35 компанийн 41 сая ам.доллар буюу бараг 4/1 нь Австралид хайгуул хийжээ. Харин литийн нөөцөөр тэргүүлэгч Чили гэхэд 2016 онд 6.7 сая ам.долларыг литийн хайгуулд зарцуулж байсан бол 2019 онд 66 сая ам.доллар болж огцом нэмэгджээ. Дээрх 4 жилд нийт 236 сая ам.долларыг зөвхөн лити хайхад зарцуулсан байна. Үр дүнгээ ч өгч, литийн нөөцөөр тэргүүлсээр байна. Сүүлийн дөрвөн жилд Аргентин улсын литийн хайгуулын хөрөнгө оруулалт 890 хувь өссөн байгаа юм. Литийн хайгуулд оруулсан хөрөнгө оруулалтаараа 2019 онд дэлхийн тэргүүлж байна. 350 сая тонн литийн карбонатын нөөцтэй байх боломжтой учир хайгуул хийгээч хэмээн хөрөнгө оруулагчдыг урьж байгаа. 2019 онд литийн экспортоос 190 сая ам.доллар олж байсан бол 2030 он гэхэд 2.1 тэрбум ам.доллар олно хэмээн төсөөлж байна. Дэлхийн литийн 90 хувийг Австрали, Чили, Аргентин олборлодог. Одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй оронд лити олборлох төсөл хэрэгжиж байна.
Цахилгаан машинд 10 гаруй нэр төрлийн метал ордог. Гэхдээ Tesla одоогоор ганцхан литийн нөөц, төслүүдэд л анхаарч, худалдан авч байгааг анзаарсан биз ээ.
Оны хоёрдугаар хагасаас зарим үйлдвэрлэл шинээр эхлэх хүлээлт бий. Сонирхол татахуйц шинэ ордууд байхгүйгээс литийн зах зээл дэх тэргүүлэх байр сууриа алдсан гэж Чилийн эрх баригчид үзсэн. Тиймээс тус улс нийт 400 мянган тонн литийн олборлолт, хайгуулын төслийн тендерийг өнгөрсөн оны сүүлчээр зарлаад байгаа. Чили энэ арван жилд литийн үйлдвэрлэлээ 380 мянган тоннд хүргэх зорилттой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор дэмжиж байна. Томоохон олборлогч орнуудын араас яваа Хятад улс дэлхийн лити-ион батарейн үйлдвэрлэлийн 75 хувийг эзэлдэг ч дотоодын эрэлт хэрэгцээгээ ч хангаж хүчрэхгүй байна. Тиймдээ ч тус улсын компаниуд хилийн чанад руу литийн эрэлд мордоод буй юм. Алтны магнат Zijin Mining компани Аргентинд ордын хувь эзэмшиж, анх удаа литийн салбарт орж ирсэн. Хятадын 5 компани Афганистанд лити олборлохоор судалж байна. Цахилгаан машины анхдагч Tesla компани уул уурхайн салбарт хөл тавиад байгаа. Түүхий эдийн нөөцийг хяналтдаа авч байна гэсэн үг. Бусад металлуудаас литийн зах зээлийн одоогийн онцлог энэ.
Цар тахлын нөхцөл байдлаас дэлхийн түүхий эдийн нийлүүлэлтийн олон шат дамжлагатай сүлжээ тасалдаж доголдсон. Улмаар Apple болон HP, Dell-ийн үйлдвэрлэл хэдэн хоногоор нам зогссон удаатай. Тийм эрсдэлийг Элон Маск олж харсан уу, ямартай ч Tesla компани АНУ-ын Невада мужид лити олборлох зөвшөөрөл авсан. Мөн Австралиас жилд тэрбум ам.долларын литийн болон бусад критикал минерал худалдаж авах хэлэлцээр байгуулсан. Борлуулалтын 10 жилийн гэрээг үзэглэснээр Австралийн стартап Piedmont Lithium-ийн зах зээлийн үнэ 236 хувиар өссөн юм. Tesla одоо Хятадын төдийгүй дэлхийн литийн хамгийн том тоглогч Ganfeng Lithium-тай хамтын ажиллагаагаа тэлж байгаа. Ganfeng-ийн тухайд энэ онд литийн карбонатын нүсэр үйлдвэрлэлээ Аргентинд нээнэ. Тус улсад батарейн үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Хятадад батарейн судалгааны хүрээлэн бүхий аж үйлдвэрлэлийн парк байгуулахаар зэхэж буй. Өндөр багтаамжтай лити-ион батарейн үйлдвэрлэлээ ирэх онд эхлэхээр 3 тэрбум юанийн хөрөнгө зарцуулж байна. Товчхондоо, дэлхий даяар литийн хувь эзэмшилтэйгээс гадна батарейн топ үйлдвэрлэгчдийн нэг Ganfengийн түншлэлээр Tesla түүхий эдийн нөөцөө бэхжүүлж байгаа юм. Цахилгаан машинд 10 гаруй нэр төрлийн металл ордог. Гэхдээ Tesla одоогоор ганцхан литийн нөөц, төслүүдэд л анхаарч, худалдан авч байгааг анзаарсан биз ээ. 2023 оноос автомашины бүх үйлдвэрлэгчид цахилгаан автомашин худалдаалж эхэлнэ.
Найман жилийн дараа дэлхий даяар 100 сая цахилгаан машин хөлхөж байх төсөөлөл Олон улсын энергийн агентлагт бий. Тэр үед цахилгаан машин үйлдвэрлэгчдэд 3 сая орчим тонн лити хэрэгтэй болно гэж Rio Tinto тооцжээ. Ийм эрэлтийг хангахын тулд тус компанийн хэрэгжүүлэхээр зэхэж, 2.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан Jadar-тай адил хүчин чадалтай 60 төсөл олборлолт явуулж байх ёстой аж. Энэ онд 26 мянга, арван жилийн дараа 300 мянган тонн литийн хомстол үүсэх магадлалтайг Benchmark Mineral Intelligence-ийн тайланд тэмдэглэжээ. Нийлүүлэлт хязгаарлагдмал, зах зээл дээр хомстол тохиож болзошгүй учир урт хугацааны бизнесээ тооцон Daimler, BMW, Ford гээд эцсийн хэрэглэгчид эрдсийн нөөц, ордуудыг сонирхон, тэдгээрийн хувь эзэмшлийн төлөө өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгч шууд түүхий эдээ татах, эсвэл дамжлагыг өөрөө хянах гэсэн хандлага ажиглагдаж байна. Тэд аюулгүй байдал, маркетинг, судалгаа, технологийн сайжруулалт гэх мэтэд ихээхэн санхүүжилт зарцуулдаг бол одооноос эрдсийн, литийн хайгуулд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэх болж. Daimler гэхэд өөрийн лити-ион батарейн үйлдвэртэй болохоор Farasis Energy-тэй худалдан авах гэрээ зурсан.
Хятадын цахилгаан машин үйлдвэрлэлийн хамгийн том компани BYD нь лити олборлох 61 сая ам.долларын гэрээг Чилийн Уул уурхайн яамтай нэгдүгээр сард байгууллаа. Зах зээл дээр өсөж буй эрэлтийг дагаад дэлхий даяарх литийн хайгуулд чиглэсэн хөрөнгө оруулалтаас татах өрсөлдөөнд хөрш Орос улс ч азаа сорьж байна. Энэ онд литийн 17 ордын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаанд гаргахаар “Роснедр” бэлтгэж байна. Гольцовскийн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийг 75 тэрбум рублиэс дуудаж эхлэх жишээтэй. Бүхэлд нь авч үзвэл, литийн зах зээл хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, урин дуудсан хамгийн сонирхолтой цаг үеийг туулж байна. Литийн хайгуулд чиглэсэн хөрөнгө оруулалт, хэлцлүүд, нэгдэн нийлэх үйл явц цаашид улам идэвхтэй өрнөх төлөвтэй.