Ж.Золжаргал: Монголын уул уурхай төрийн өмч давамгайлсан болж хувирах гэж байна


С.БОЛД-ЭРДЭНЭ 


-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Өнгөн дээрээ уул уурхайгаас мөнгө цуглуулж, ард түмэндээ гурван төрлийн сангаар дамжуулж хуваарилах гэж байгаа мэт гоё сонсогдоно. Бодит хэрэгжилт дээр төсвийн цоорхойгоо нөхөж, төрийн өмчийн компанийн нэр барьж намын дарга нар мөнгө хийх, үрэн таран болгох эрсдэл харагдаж байна. 

Зарчмын хувьд зөвхөн Монгол Улс биш дэлхийн нийтлэг жишиг бол тухайн улсад амьдарч буй иргэд байгалийн баялгаасаа ашиг өгөөж хүртэх нь хэвийн үзэгдэл. Энэ өгөөжийг хүртээхийн тулд Нөөц ашигласны төлбөр гэж уурхайнууд төрд төлбөр төлдөг. Энэ бол татвар биш төлбөр. Ашиггүй ажилласан ч төлдөг. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Үүний дагуу ард түмэн газрын хэвлийн баялгаас өгөөж хүртэх ёстой. Энэ утгаараа Баялгийн сан байгуулах санаа нь бол зөв байсан. 

-Гурван сангийн эрсдэлийг хэрхэн харж байна вэ? Ялангуяа сангийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд асуудал гарах юм болов уу гэж бодож байна?

-Асуудал юунд байна гэхээр энэ Баялгийн санд мөнгө орж ирэх үү гэдгийг хэн ч ярихгүй байна. Одоогийн батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван сантай болсон. Сан бүрийн орлогын эх үүсвэрийг тодорхой заасан. Ирээдүйн өв санд, уул уурхайг ашигласны төлөө төлдөг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн санд мөнгө хуваарилаад үлдсэн хэсгийн 65 хувийг төвлөрүүлнэ гэсэн байна. Монгол Улсын төсөв сахилга баттай явж байсан удаагүй. Төр нь данхайж, зарлага их гаргаж төсөв нь алдагдалтай байхаар Тогтворжуулалтын сангийн мөнгөө зарцуулдаг. Дараа нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаар дамжуулж орон нутагт бас мөнгө хуваарилна. Ингээд харахаар Ирээдүйн өв санд хуваарилагдах мөнгөний хэмжээ бага болно гэсэн үг. Үнэхээр байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ илүү наая гэвэл Төсвийн тогтворжуулалтын сангийн зарлагыг багасгах хэрэгтэй. Төсвийн сахилга батаа сайжруулах хэрэгтэй гэсэн үг. 

Хоёрдугаарт, Хуримтлалын сан хэзээ мөнгөтэй болох вэ гэвэл төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниас олсон ашиг Хуримтлалын санд хуримтлагдана. Одоо зэсийн үнэ өндөр байгаа учир Эрдэнэт үйлдвэр өндөр ашигтай ажиллаж байна. “Оюутолгой” компаниас хэзээ ногдол ашиг авах нь тодорхойгүй байна. Нүүрсний өндөр үнийг дагаад “Эрдэнэс Тавантолгой” бас ашигтай ажиллаж байна. Гэхдээ тус компанийн өр, зээл маш өндөр болохоор ойрын жилүүдэд хэр их ногдол ашгийг Хуримтлалын санд өгөх нь тодорхойгүй. Бусад төрийн өмчит нүүрсний компани бүгд алдагдалтай ажиллаж байна. Алдагдалтай компаниас хуримтлал үүсэхгүй. Зэс, нүүрсний үнэ буурвал одоогийн харж байгаа ногдол ашгийг авч чадахгүй ч байж магадгүй. Түүхий эдийн үнэ үргэлж өндөр, өсөлттэй байдаггүй гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан, ойлгосон. Ингээд ерөнхийд нь авч үзвэл Хуримтлалын сангийн орлого нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамааралтай болж, заримдаа мөнгө орж ирэхгүй ч байж магадгүй байдалтай байна. 

Гуравдугаарт, Хөгжлийн сангийн орлого бол ашигт малтмалын үнэ, төсвийн ашиг хоёроос шууд хамааралтай байхаар байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ гэдэг нь нүүрс, зэсийн үнэ төсөвт тооцсоноос өндөр байх үед, нэмээд төсөв ашигтай байх үед л энэ сан руу мөнгө хуримтлагдах боломжтой гэж ойлгож болохоор байна. 

Сангуудын хөрөнгийг улс төрийн томилгоотой удирдлага захиран зарцуулна, төрийн өмчийн компаниар дамжуулан хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэхээр итгэл төрөхгүй байна. Өнгөрсөн сангуудын түүх бэлэн байна. 

-Үндэсний баялгийн сангийн хуулийг дагаад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орлоо. Стратегийн ач холбогдолтой ордод нэг этгээд 34 хувиас илүү хувь эзэмшихгүй гэж заасан байна. Үүний үр дагавар ямар байх вэ?

-Төсвийн хөрөнгө эсвэл хувийн хөрөнгөөр илрүүлснээс үл хамааран Стратегийн ордын 34 хувийг л хөрөнгө оруулагч тал нь эзэмших юм байна. Дахиад 34-50 хувийг нь төр эзэмших юм байна. Үлдсэн 16-33 хувийг нь хэн эзэмших юм бэ? Бирж дээр зарах юм уу? Бирж дээр зарвал тийм хэмжээний мөнгөөр авах монгол хүн хэд байх вэ? Мөнгөтэй монгол хүмүүсийн хооронд баялгийн дахин хуваарилалт явах юм уу гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаарт, тэр үлдсэн хувийг гадаадынханд санал болгох юм уу? 

Монголын дотоодын хөрөнгө оруулагчийн эрхийг хязгаарлаж байгаад гаднынханд боломж олгож байгаа юм уу гэдэг бас нэг асуулт бий. 

Ингэж хүндрүүлж бодохгүйгээр энгийн бизнес талаас нь харж үзье. Би, эсвэл та жирийн нэг хөрөнгө оруулагч гэж бодъё. Монгол Улсад хайгуулын лиценз аваад нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийж, гайгүй хэмжээтэй орд нээлээ гэж бодъё. Багаар бодоход хэдэн сая ам.доллар, цаашлаад 30, 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ, бас хэдэн жилийн турш эрэл хайгуул хийнэ. Орд нээж илрүүлнэ гэдэг мөнгөтэй хүн ганцхан өдөр, сар, жилийн дотор олчихдог тийм зүйл биш шүү дээ. За ингээд нээж илрүүлсэн ордоо уурхай болгож, ашиглах гэтэл Засгийн газар шийдвэр гаргаад Стратегийн ордод хамруулчих эрхтэй байгаа. Хуулийн тодорхойлолтоороо Стратегийн орд гэдэг нь үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгэмд нөлөө үзүүлэхүйц, эсвэл ДНБ-ий 5 хувийг үйлдвэрлэх хэмжээний ордыг хэлдэг. ДНБ-ий 5 хувь гэдэг тодорхой хэмжүүр мөн. Гэтэл ийм хэмжүүрт тэнцэхгүй байвал эдийн засаг, нийгэмд нөлөө үзүүлэхүйц орд мөн гэж үзээд Стратегийн орд болгочих бүрэн боломжтой. Ингэхээр миний, таны нөгөө олсон ордыг Засгийн газар шууд Стратегийн орд болгож болно. Дараа нь Засгийн газар 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ. Нэмээд олсон намайг, эсвэл таныг 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй гэчихнэ. Ийм зүйл хөрөнгө оруулагчийн толгойд яагаад ч буухгүй. Цаг, хөрөнгөө зарцуулж нээсэн ордыг нь Стратегийн орд болгоод Засгийн газар 34 хувийг нь үнэгүй авчихна, өөрөө 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй болно гэвэл уул уурхайн салбарт гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагч ч орох, ажиллах боломжгүй болно. Ингэхээр хэн орж ирж чадах вэ гэдэг асуулт гарна. Ийм нөхцөлд эелдгээр хэлбэл Монголын төртэй хэлэлцээр хийх чадвартай, эвгүйгээр хэлбэл Монголын төрд нөлөөлж, өөрийнхөө үзэмжээр шийдвэр гаргуулж чадах чадалтай компани л уул уурхайд орж ирнэ. Тийм ямар компани байдаг вэ гэвэл бусад улсын төрийн өмчит компаниуд л байх магадлалтай.  Бусдаар бизнесийн зарчмаар хөрөнгө оруулж, хайгуулыг эрчимжүүлж, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслүүдийг хөгжүүлдэг, бидний хэлдгээр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэдэг зүйл Монголын уул уурхайд байхгүй болно. 

Үр дагаварт нь уул уурхайн салбар зогсонги байдалд орвол маш тэнэг алдаа болно. Гэхдээ би энэ хуулийг тэнэг алдаа гэж бодохгүй байна. Үүнийг зорилготой, зохион байгуулалттай төлөвлөгөөтэй үйл ажиллагаандаа ашиглаж байна гэж хардаж байгаа. Уул уурхайн салбарын хамгийн том тоглогч нь Монголын төр, бас гадаадын төр болж хувирах гэж байна. 

-Уул уурхайд төрийн өмчийн оролцоо давамгайлна гэдэг нь эдийн засагт ч үр нөлөөгөө үзүүлэх байх?

-Уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийн хамгийн том тулгуур, хамгийн том салбар. Уул уурхайд төр хамгийн том тоглогч болбол Монголын эдийн засаг бүхэлдээ “төржсөн” өмчийн эдийн засагтай болно гэсэн үг. 1990 оноос өмнөх эдийн засгийн тогтолцоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ бол уул уурхайн салбарын асуудал биш болж хувирна гэсэн үг. Монголын эдийн засаг бүхлээрээ чөлөөт зах зээлийн эдийн засгаас төрийн давамгайлалтай төлөвлөгөөт эдийн засаг руу шилжих гэж байна. Төр давамгайлсан эдийн засгийг хэн удирдах вэ гэвэл Засгийн газар удирдана. Төр гэдэг субъект байхгүй. Төр бол тогтолцоо шүү дээ. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, шүүх засаглалын үйл ажиллагааны тогтолцоо, засаглалын хэлбэрийг Төр гэж хэлж болно. Тэгэхээр төрийн өмчит компани гэдэг нь явж явж Засгийн газрын мэдлийн компани гэсэн үг. Засгийн газар гэдэг бол сонгуульд ялсан нам. Энэ логикоор бодвол Монголын эдийн засаг намын эдийн засаг болж, намын цөөн хэдэн дарга нар Монголын эдийн засгийг бүрэн загварчилж, өрсөлдөх, бизнес хийх ямар нэг боломжийг хэнд ч олгохгүй, хааж, монопол тогтоох нөхцөл бүрдэнэ. Ингээд өнөөдрийн манай эдийн засаг бүхэлдээ нэг намын эдийн засгийн тогтолцоо руу явах эхлэл тавигдаж байна гэж хувьдаа бодож байна. 

Ард түмэн гэдэг чинь монгол хөрөнгө оруулагч, монгол ажилтнууд, монгол инженерүүд, монгол компаниудыг ч хэлнэ шүү дээ. Ард түмэн уул уурхайгаас аль болох их өгөөж, ашиг хүртэхийг хүсэж байна. Тэр ашгийг хуваарилах субъект нь Засгийн газар. Хэрвээ шударга бус хуваарилалт байгаа бол Засгийн газрын буруу гэсэн үг. Түүнээс биш уул уурхайн компаниуд, ажилтнууд биш. Үнэхээр монголчууддаа үр өгөөжийг нь илүү хүртээмээр байгаа бол том компаниудыг хувьцаат компани болгож, Засгийн газрын хувь эзэмшил хамгийн бага байх хэрэгтэй.  Дийлэнхийг нь иргэд, үндэсний компаниуд  Монголын хөрөнгийн биржээр дамжуулж эзэмших хэрэгтэй. Компанийн удирдлага нь Засгийн газраас томилогддоггүй, дэлхийн том компаниудын засаглалтай адилхан нээлттэй засаглалтай байх хэрэгтэй. Тэгэх юм бол компани зардал багатай, ашигтай ажиллана. Ашигтай ажиллаж байж иргэд ногдол ашгаа хүртэнэ. Санд хуримтлуулсан ч хуримтлуулах эх үүсвэртэй болно. Засгийн газар удирдлагыг нь томилдоггүй болбол наанадаж элдэв шахааны зардал нь буурна, цаашлаад хулгай байхгүй болно. 

Төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгож хувьчилна, гадаадын хөрөнгө оруулалт татна, уул уурхайн салбарыг Олборлолтоос Боловсруулалтын шатанд гаргана гээд сүүлийн хэдэн жил гадаад дотоодын том хурал чуулганууд дээр маш их ярьсан. Хаана байна? Харамсалтай нь энэ хугацаанд үүнийг хэрэгжүүлэх ямар ч алхам хийсэнгүй. Харин ч эсрэг үйлдлүүд хийж байна. Уул уурхайн салбарын хөгжлийг хааш нь чиглүүлээд байгаа юм?

Монголын төр Монгол Улсын эдийн засгийг сууриар нь өөрчлөх бодлоготой болсон юм уу? Уул уурхайн салбарыг бүхэлд нь унагаад намын мэдлийн салбар болгох зорилго тавьж байгаа юм уу? Тийм бол тэрийгээ уул уурхайн салбарт, хөрөнгө оруулагчдад зарлачих хэрэгтэй.

Өнөөдөр салбарынхаа хүмүүстэй, бизнес эрхлэгчидтэй уулзахаар юу болоод байгааг ойлгохгүй, ямар ч мэдээлэлгүй шахуу гайхсан байдалтай байна. 

Уул уурхайн салбар ямар байвал зохистой вэ? Монгол Улс чөлөөт эдийн засагтай, хоёр хөршдөө хүндэтгэлтэй хандахын сацуу гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аль болох дэлхийд нээлттэй байх бодлоготой үед л уул уурхайн салбар дэлхийн жишгээр хөгжих болно. Уг нь төрийн албан ёсны ил тод зарласан бодлого нь ч тийм. Харин одоогийн батлагдсан хууль цаашид илүү эрчтэй хэрэгжих юм бол зөвхөн төрийн өмчит цөөн том компанитай, гадаадын зарим төрийн өмчит компанид нээлттэй үхмэл салбар болж хувирна. Улмаар эдийн засаг, нийгмийн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. 

Монголын хараат бус бие даасан байдал, аюулгүй байдал эрсдэлд орж, алдагдаж байна гэж бодож байна. Тийм болохоор уул уурхайн салбар гэлтгүй чөлөөт нийгэм, ардчиллыг үнэ цэнтэй гэж боддог хүмүүс энэ хуулийн өөрчлөлтийг анхаарч харах хэрэгтэй байна.