56 жилийн өмнө зэсийн үнэ дээд амжилт тогтоосон

Э.ОД

- Зэсийн үнэ өдөр өдрөөр өссөөр -

Долоодугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 11 460 ам.долларт хүрч (2024.05.20) өдрийн дээд амжилт тогтоолоо. Тухайн өдөр Лондоны металлын бирж дээр хүрэн металлын ханш 4 хувиар өсөж анх удаа 11 000 ам.доллароос даваад байна. 

Он гарснаас хойш зэсийн үнэ 35 хувиар өсөөд буй. 1968 онд зэсийн үнэ дээд амжилт тогтоож байжээ.  

Тэгвэл энэ цаг үед "Зэс бол шинэ нефть", эсвэл энэ цаг үеийн хамгийн итгэл үнэмшилтэй металл" гэж зарим шинжээчид онцолж байна. Goldman Sachs-ийн хувьд зэсийн үнэ 15 000 ам.долларт хүрнэ гэдэг таамгийг 2021 онд Чилид зохион байгуулагдсан “World copper” чуулган дээр дэвшүүлсэн. Ногоон эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухааны мэдээллийн хөгжил, зэр зэвсгийн эрэлт хэрэгцээ гэсэн хүчин зүйлүүдийн улмаас зэсийн ханш 15 000 ам.долларыг давж мэднэ гэж Goldman Sachs-ийн мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна шинэ уурхайнуудын ашиглалтад оруулахад хугацаа орно. Өөрөөр хэлбэл зэсийн нөөцийн хязгаарлагдмал байдал үнэ өсөхөд нөлөөлөх магадлалтай.

Байгаль орчинд ээлтэй үйлдвэрүүдийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед дэлхий нийт зэсийн хомсдолд орж байгааг хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарынхан анхааруулсаар ирсэн. Зэсийн үйлдвэрлэлийн шинэ төслүүд хэрэгжихгүй тохиолдолд 2030 он гэхэд 5.9 сая тонн зэсийн хомсдол үүсэх төсөөллийг CRU-ийн Зэсийн ахлах шинжээч Эрик Хеймлих ярьсан байдаг. Адил төлөвийг дэвшүүлсэн “Goldman Sachs” банкны “өөдрөг бус” тооцооллоор 2025 оноос дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээний үлэмж өсөлт зэсийн эрэлтэд ачаалал үүсгэж болзошгүй.  

2032 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт хэрэглээ 38 сая тонн болж өснө гэж Fitch таамаглаж байна. Үүнээс арай илүү буюу 50 сая тоннд хүрч зэсийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн төлөвийг S&P Global дэвшүүлжээ. Тухайн үеийн зэсийн хомсдол 6.5 сая тонноор хэмжигдэнэ гэж McKinsey танилцуулсан байна. Зэсийн хөгжлийн ассоциацийн (CDA) мэдээллээр, одоогоор цахилгаан машинд 38.5-83 кг, нарны эрчим хүчийг ашиглахад 1МВт тутамд 5.5 тонн, салхин үүсгүүрт 3.52 тонн, далайн сэнсэнд 9.56 тонн зэс шаардагддаг аж.