- Тавдугаар сард тус улсын импорт өндөр байх төлөвтэй байна -
Э.ОД
Дөрөвдүгээр сард Хятад улс нийт 10.95 сая тонн коксжих нүүрс импортолсон нь түүхэнд хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгааг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар, сарын дүнгээр 21.7 хувиар тус тус өссөн байна. Тухайн сард Хятадын коксжих нүүрсний импорт 1.67 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар, сарын үзүүлэлтээр 17.7 хувиар нэмэгджээ. Импортын нүүрсний дундаж үнэ 152.5 ам.доллар/тн буюу 2023 оны мөн үеийнхээс 45.6 ам.доллар/тн болж буурсан байна.
Хятадын нүүрсний зах зээлийн 50 хувийг Монгол, 28 хувийг Орос улс тус тус бүрдүүлж хамгийн том нийлүүлэгч орнууд хэвээр буй. Хятад оны эхнээс нүүрсний импортын татвараа сэргээсэн ч Монгол, Оросын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсээр байгааг Гаалийн ерөнхий газрын мэдээнд онцолжээ. Харин Канад, Австрали, АНУ нь нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээр удаалж байна.
Дөрөвдүгээр сард Хятад 5.44 сая тонн коксжих нүүрс Монголоос импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар өсжээ. Импортолсон уг төрлийн нүүрсний дундаж үнэ 131 ам.доллар буюу өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 27.3 ам.доллароор хямдарсан байна. Эхний дөрвөн сард Монголоос нийтдээ 19.1 сая тонн коксжих нүүрс Хятад импортолжээ.
Оросоос 3.05 сая тонн коксжих нүүрс Хятад импортолсон нь өмнөх оны мөн үеэс 18 хувиар нэмэгджээ. Хойш хөршөөс коксжих нүүрсийг дунджаар 134.2 ам.доллар үнээр импортолсон байна. Энэ нь 2023 оны үнэтэй харьцуулахад 65 хувиар буурчээ. Украйн дахь дайнтай холбоотойгоор зарим орнуудын хоригт Оросын СУЭК, коксжих нүүрсний томоохон үйлдвэрлэгч "Мечел" компаниуд эсрэг Европ, АНУ-аас хоёрдугаар сард хориг тогтоосон. Мөн АНУ тавдугаар сарын 1-нээс Оросын "Сибантрацит" компанийн эсрэг хориг тавиад байна.
Цагтаа Хятадын нүүрсний зах зээлийн 50-иас дээш хувийг дангаар бүрдүүлж байсан Австралийн хувьд дөрөвдүгээр сарын нүүрсний нийлүүлэлт 786 мянган тонн бөгөөд өмнөх гуравдугаар сарынхаас огцом нэмэгджээ. Тус улсаас импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ 185.8 ам.доллар байна.
Эхний дөрвөн сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт 37.84 сая тонн хүрч өмнөх жилийн мөн үеийнхээс 21.5 хувиар өсжээ. 2023 онд тус улс 100 сая тонн коксжих нүүрс импортолж өмнөх жилээс 60 хувиар нэмэгдүүлсэн байдаг.