Г.Эрдэнэтуяа: “MinePro”-оор “Санхүүгийн өдөр”-ийг зохион байгуулна

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хамтран "Уурхайчдын Наадам", “MinePro 2024", “Mining week 2024” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж, тов зарлагдаад байна. Энэ талаар МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас MSight-ийн Э.Мягмарсүрэн тодрууллаа.  

МУУҮА-ийн 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион явуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүд ямар онцлогтой вэ? 

Манай байгууллагын 1994 онд байгуулагдахдаа л хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг чиглэлээ болгосон. Өмнө нь МУУҮА-аас аюулгүйн ажиллагааны соёлыг байгууллагуудад нэвтрүүлэн, “Safety First” форумыг зохион байгуулж, эрдэс баялгийн салбартай холбоотой цогц ойлголт, мэдээ мэдээллийн Mining directory ном гаргасан гэх мэт үйл ажиллагаа тогтмол хийж, уул уурхайн тухай зөв ойлголтыг олон нийтэд хүргэхийг зорьж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн хамгийн том ажил бол “Discover Mongolia” юм. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах зорилго бүхий олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын энэхүү чуулганыг Монгол форматын дагуу 20 жил тасралтгүй зохион байгуулсан. Тус үйл ажиллагаа маань зогсоод, харин “Mining week” чуулга уулзалт гурав дахь жилдээ болох гэж байна. “Mining week” чуулган өргөжөөд өмнө нь хийж байсан тоног төхөөрөмжийн “Mining Tech” экспог сэргээж “MinePro” олон улсын үзэсгэлэнг хамт зохион байгуулна. Өөрөөр хэлбэл салбарын хууль эрх зүй, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхийн зэрэгцээ ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн нээгдэнэ гэсэн үг. 

Нэг талаасаа орон нутгийн иргэд, удирдлагуудад уул уурхайн тухай зөв ойлголтыг өгөх. Хууль эрх зүйн орчны хувьд Засгийн газраас ямар хууль баталсан, эдгээр дүрэм журмууд хөрсөн дээр буухдаа ямар хүндрэлүүд гарч байгааг тогтоох зорилго агуулж байна. Нөгөөтээгүүр, компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй таниулах платформыг бий болгох үүднээс арга хэмжээнүүдээ тогтмол зохион байгуулаад явж байна. 

Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид, худалдан авагчдын “MinePro” үзэсгэлэнгийн давуу тал, ач холбогдлыг тодорхойлбол?

Эрдэс баялгийн салбар улсад татвар хураамж төлөхөөс гадна худалдан авалт гэдэг зүйлээрээ маш олон жижиг дунд бизнесүүдийг дэмжиж байдаг, тэдний өдөр тутмын үйл ажиллагааны тогтвортой байдалд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Уул уурхайн нийт орлогын дийлэнх хувь түүхий эд, үйл ажиллагааны зардалдаа зарцуулагддаг, үлдсэн нь худалдан авалт гэж ойлгож болно. Тийм байхад тендерийн шахаа, төрийн өмчит байгууллагуудын “идэж уудаг” байдал, шударга бус шалгаруулалтаас болж жинхэнэ, бодит жижиг дунд үйлдвэрүүд нь компаниудаас ажил авч чадахгүй, шаардлагатай гэрээгээ байгуулж чадахгүй байна. Тендерт шударгаар өрсөлдөх боломж бага гээд асуудлууд бий. Тиймээс ханган нийлүүлэлтийн “MinePro” үзэсгэлэнгийн гол ач холбогдол бол эрдэс баялгийн салбарт ханган нийлүүлэлтийн бодлого чухал гэдгийг ойлгуулах, компаниудтай бодит хэрэгцээтэй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нь гэрээлдэг байх, худалдан авалтыг ил тод зарладаг болоход чиглэнэ. Мөн үйл ажиллагаанд нь ямар хүндрэл бэрхшээл тулгардгийг ханган нийлүүлэгчдийн зүгээс илэрхийлэх, худалдан авагчдад бодит нөхцөл байдал, өөрсдийгөө танилцуулах боломжийг нь олгох нэгдсэн, цогц арга хэмжээг төлөвлөж байна. 

Энэ жилийн чуулга уулзалтын хөтөлбөрт тусгагдсан гол үйл ажиллагаануудаас дурдвал?

“Mining week” чуулга уулзалт, “MinePro” олон улсын уул уурхайн үзэсгэлэн тус тусдаа хөтөлбөртэйгөөр зэрэг зохион байгуулагдана. Эхний хоёр өдөр чуулга уулзалтын хүрээнд хууль эрх зүйн байдал, Засгийн газрын мэдээ мэдээлэл, салбарын ерөнхий асуудлаар хэлэлцүүлэг явагдана. Дотоодод тулгамдаж асуудлуудаар худалдааны танхимууд дугуй ширээний ярилцлага хийхээр төлөвлөсөн. Нөгөө талд худалдан авагч байгууллагууд ханган нийлүүлэлтийн бодлогоо танилцуулна, ханган нийлүүлэгчид инновацилаг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна. Ер нь уул уурхайн үзэсгэлэн дээр шууд худалдан авалт тийм ч их хийгддэггүй. Өндөр үнийн дүнтэй гэрээ хэлцэл, урт хугацааны олон шат дамжлагат тохиролцоонууд хийгдэж болно. Иймд тус арга хэмжээний гурав дахь өдөр нь Санхүүгийн өдөр гэж оруулж ирсэн. Энэ үеэр худалдан авалт дээр ямар асуудлууд үүсдэг, уул уурхайн төслүүдэд хэр хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм гэдэг дээр суурилж олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан арга хэмжээ явагдана. Тэгэхээр олон улсын санхүүгийн байгууллагууд том хөрөнгө оруулалт, уул уурхайн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно, жижиг зээлүүд дээр Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, Английн худалдааны агентлагаас зөвхөн манай улсад зориулж 2-3 тэрбум паундын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг компаниудад санал болгоно. 

Уул уурхай л гэхээр болохгүй бүтэхгүй, муу гэсэн олон нийтийн ташаа ойлголтыг залруулах, үнэн зөв ойлголтыг нийтэд хүргэх, хариуцлагатайгаар олборлох, ашиглах арга зам, ач холбогдлыг тайлбарласан арга хэмжээнүүдийг бид төлөвлөж байгаа юм.  

МУУҮА, Монголын Уул Уурхайн Операторуудын холбоо хамтран үндэсний шилдэг хүнд машин механизмын операторуудын аваргуудыг шалгаруулах "National Operator Challenge" тэмцээнийг зарласан. Экскаватор, бульдозер, лодер, дамп трак гэсэн 4 төрлөөр операторуудын ур чадварыг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчлан таниулах, техник технологийн дэвшлийг танилцуулах үндсэн 3 зорилгын хүрээнд тэмцээний ялагчийг тодруулна. Ялагчийн хувьд Лондонд болдог олон улсын операторуудын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхийн эзэн болно. Түүнчлэн мэргэжлээ сонгох гэж буй залууст эрдэс баялгийн салбарын мэргэжлүүдийг таниулах чиглэлээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, оюутнууд арга хэмжээнд хамтран ажиллана. Бид орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжин эхний жил үнэгүй үзэсгэлэнд орох эрхийг олгож байгаа учир орон нутаг дахь үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн салбарт чиглэсэн бүтээгдэхүүнүүдээ өргөн хүрээнд танилцуулах боломжтой болно.  

2023 оны “Mining week” чуулганд гадаадын 500 орчим зочид төлөөлөгчид оролцсон. Энэ удаагийн арга хэмжээнд ямар орнуудаас төлөөлөгчид оролцох бол? 

Энэ жилийн чуулга уулзалтын үеэр Канадын уул уурхайн ассоциацийн удирдлагууд ирж, бидэнтэй албан ёсоор хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэнэ. Санамж бичгийн хүрээнд олон улсын жишгээр хариуцлагатай уул уурхайн Канадын албан ёсны кодексийг Монгол Улсад нэвтрүүлэх эрхийг хүлээж авна. Мөн бид олон улсын ассоциациудын дугуй ширээний анхны уулзалтыг өөрсдөө санаачлан арга хэмжээний хоёр дахь өдөр зохион байгуулах юм. Одоогоор баталгаажсан мэдээллээс харахад өнгөрсөн жилийн арга хэмжээний оролцогчдоос ч илүү олон хүн гаднаас ирэхээр байгаа. Торонто, Австрали, Хонконг, Лондоны хөрөнгийн биржийг бид урьсан, эхнээсээ баталгаажиж байна. Энэ жил Англи, Франц, Чех улсын ЭСЯ-д манай үйл ажиллагааг маш сайн дэмжиж, хамтран ажиллаж байна. Мөн АНУ, ХБНГУ, Өмнөд Солонгос, БНХАУ-ын зочид төлөөлөгчид оролцохоо илэрхийлсэн бөгөөд Монгол Улс дахь тухайн орнуудын худалдааны танхимууд манай арга хэмжээний зохион байгуулалтад оролцохоо мэдэгдсэн. Иймд энэ салбартай холбоо хамааралтай газрууд, удирдах албан тушаалтнууд, зочид төлөөлөгчид арга хэмжээн дээр байна гэсэн үг. 

Танд баярлалаа.