Рио Тинтогийн Серби дэх литийн уурхайн төслийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Э.МЯГМАРСҮРЭН

Засгийн газрууд эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой лити зэрэг ашигт малтмал олборлогчдыг дэмжихийг оролдож байгаа ч Европт шинэ уурхай барихад тулгарч буй бэрхшээл их байна. 

Рио Тинто группийн Европын хамгийн том литийн уурхайн лицензийг 2022 онд Сербийн Засгийн газар цуцалсан. Учир нь батарейны үйлдвэрлэлд нэн чухал металл болох литийг олборлож, боловсруулах нь байгаль орчны бохирдол үүсгэнэ хэмээн байгаль орчны идэвхтнүүд үзэж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан юм. Тэгвэл Сербийн Дээд шүүх өнгөрсөн долоодугаар сард уг хоригийг цуцалснаар Рио Тинто компани олборлолт хийх эрхтэй болжээ. 

Гэсэн хэдий ч Белград хотод олон арван мянган идэвхтэн байгаль хамгаалагчид ахин 2.4 тэрбум ам.долларын уг төслийг зогсоохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Бямба гарагт болсон жагсаалд цугласан хүмүүсийн тоо 40 мянгад хүрчээ. 

Рио Тинто компани уурхайн олборлолт хийхдээ байгаль орчныг хамгаалах бүх стандартыг хатуу дагаж мөрдөхөө амлаж байгаа ч эсэргүүцэгчид литийн олборлолт орон нутгийн гол ус, газрын хөрсөнд экологийн хохирол учруулна гэж үзсэн хэвээр байна. 

Сангийн сайд Синиса Мали “Литийн уурхайтай болсноор батарей болон цахилгаан автомашины үйлдвэрлэл хөгжиж, жил бүр ойролцоогоор 12 тэрбум еврог (13 тэрбум ам.доллар) Серби улсын төсөвт бүрдүүлэх боломжтой” гэж мэдэгдэж байгаа юм. 

Эх сурвалж: mining.com