МУУҮА-иас санаачлан зохион байгуулдаг “Хариуцлагатай Уул Уурхай” бүсийн чуулган энэ удаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотод есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болох гэж байна. Бүсийн чуулганыг зохион байгуулахдаа бүс нутгийн онцлог, нөхцөл байдлыг харгалздаг. Хөвсгөл аймгийн Мөрөнд болох Хойд бүсийн чуулганы хувьд өөрийн гэсэн онцлогтой. Уул уурхайн үйлдвэрлэл идэвхтэй явагддаг бүс нутгийнхныг урьж оролцуулан, тэднээс уул уурхайтай хэрхэн хамтран ажиллаж, үр шимийг хүртдэг талаарх туршлагаас нь сонсох юм.
Мөн хууль бусаар ашигт малтмал олборлохын сөрөг үр дагавар, төрөөс баримталж буй бодлогын тухай цогц мэдээллийг зочин илтгэгч нар танилцуулна. Энэ мэтчилэн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг төслүүд, эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөө, ил тод байдлын талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой тус өдөрлөгт Орхон, Булган, Хөвсгөл аймгийн төрийн байгууллагын төлөөллүүд, хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцоно. Хойд бүсийн чуулганы хүрээнд уурхайн нөхөн сэргээлттэй танилцах аялалыг (2024.09.13) зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээг МУУҮА, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Ашигт Малтмал Газрын Тосны Газар болон ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-гээс хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төслийн багийнхан хамтран зохион байгуулж, санхүүжүүлэгч, дэмжигч байгууллагаар "Платинум Ланд" ХХК, "Хургатай Хайрхан" ХХК ажиллаж байна.