2024 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 10,265 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй гэж Fastmarkets-ийн шинжээчид таамаглаж байна. Өнгөрсөн баасан гаригт (2024.10.11) хүрэн металл 9548 ам.доллароор арилжаалагджээ. Зэсийн үнэ он гарснаас хойш 12 хувиар өссөн бөгөөд тавдугаар сард 11,000 гаруй ам.долларт хүрсэн.
Үнийн өсөлтийг өдөөж буй гол хүчин зүйлүүд нь АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас хүлээгдэж буй бууралт болон Хятадын Засгийн газрын дотоодын эдийн засгаа дэмжих урамшууллын багц гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард зарласан Хятадын эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт тус улсын ДНБ-ий 3 гаруй хувьтай тэнцэх 3.95 их наяд юань буюу 560 тэрбум ам.долларын санхүүжилтийг тусгасан.
Fastmarkets-ийн шинжээчдийн мэдээлснээр 2024 оны дөрөвдүгээр улиралд макро эдийн засгийн хүчин зүйлээс гадна улирлын чиг хандлага, таамаглалын байр суурь зэсийн үнийг өсгөх төлөвтэй аж. Мэдээж, хүрэн металлын хувьд урт хугацааны хэтийн төлөв өөдрөг хэвээр байгаа бөгөөд ялангуяа дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед зэсийн эрэлт нэмэгдэж байна.
Тэгвэл S&P Global-ийн судалгаагаар дэлхий даяар зэсийн ордын шинэ хайгуул, нээлт ховордож буй. Сүүлийн 10 жилд зэс олборлогчид шинээр хайгуул хийхээс татгалзах хандлагатай байгаа бөгөөд нөөцийн дийлэнх хувийг хуучин ордууд эзэлж байна.