Зургийн тайлбар: Эрээн хотын боомт (Chinadaily)
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний 9 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
Монгол Улс 2024 оны эхний 9 сард нийт 154 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 11.8 тэрбум ам.доллар, импорт 8.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам. доллар, экспорт 482 сая ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.4 тэрбум ам.доллароор буурсан байна. Экспорт 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 482.7 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмал 264.6 сая ам.доллар, нүүрс 218.0 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 123.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 59.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.9 сая ам.доллароор буурсан байна. 2024 оны эхний 9 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлт: Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 355.2 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 160.8 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 6.2 ам.доллароор тус тус өсөж, нүүрсний үнэ тонн тутамд 23.9 ам.доллароор буурсан байна. БНХАУ-д экспортолсон барааны 62.4 хувийг нүүрс, 21 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжээ.