Олон Улсын “Жоншны чуулга уулзалт-2024” арга хэмжээ 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Тус олон улсын арга хэмжээнд 33 орны 120 гаруй төлөөлөгчид оролцож хайлуур жоншны нөөц, олборлолтоос боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ, дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхогч талууд хэлэлцсэн байна.
Арга хэмжээний үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх жоншны баяжмалаа боловсруулан фторт нэгдлүүдийг гарган авах түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх замаар олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болох зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа талаар танилцуулсан аж.
Чуулга уулзалт нь хайлуур жоншийг дэлхий нийтэд гангийн буюу төмрийн хайлш бэлтгэх, хөнгөн цагааны үйлдвэрлэл, гагнуурын электродын бүрхүүл, гангийн цутгуур, цементийн үйлдвэр, тусгай зориулалтын оптик шил үйлдвэрлэх, фторт устөрөгч (хайлуурын хүчил) болон бусад фторт нэгдлүүдийг химийн аргаар гарган авахад өргөн ашиглаж байгаа олон улсын сайн туршлага, шинэ техник технологийг шийдлийн талаар хэлэлцэж, туршлага судалж буй чухал ач холбогдолтой байсан юм.